Monday, July 28, 2008

Түншүүдээ түшээд авах уу, түлхээд хаях уу?..

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгээр шалтаг болгон Улаанбаатарт өдөөн гаргасан хэрэг явдлыг манай ард иргэд, улс төрийн ажиглагчид, сэтгүүлч нийтлэлчид өөр өөрийнхөөр үнэлэн дүгнэж санал бодлоо илэрхийлсээр байна. Энэ хэрэг явдал бүр анхнаасаа олон улсын, ялангуяа Монгол Улстай худалдаа, эдийн засгийн өргөн харилцаа тогтоохыг сонирхогч орнуудын, мэдээжээр манай хөршүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж байлаа. Тэр ч байтугай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Монгол Улсад гарсан үймээн самууны уршигт гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээгээр шийдвэрлэж, хүчирхийллийн ямар нэг үйлдэл гаргахгүй байхыг Монголын улс төрийн бүх намд уриалсан нь уг хэрэг явдал ноцтой байсныг нотолж байна. Ройтерс, "Би Би Си", "Си Эн Эн" зэрэг дэлхийн хэмжээний олон нийтийн мэдээллийн томоохон хэрэгслүүд Монголд болж байгаа хэрэг явдлын тухай мэдээлэн тайлбарлахдаа Монголын ардчиллын хувь заяанд санаа зовинохосоо илүү энэ явдал гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашигт эрсдэлтэй болж мэдэх тухай, МАХН парламентад олонх болсон нь түрүүчийн их хурал баталж чадаагүй ашигт малтмалын тухай хууль түргэн батлагдах боломжийг нээж байгаа талаар онцолсон байх юм. Энэ нь Монгол Улс олон орны улс төр, эдийн засгийн сонирхлын төвд хэзээний орж, тэдний өрсөлдөөний талбар болсонтой яах аргагүй холбоотой биз ээ. Нөгөөтэйгүүр тухайн орны улс төрийн байдал тогтворгүй бол тэр орон гадаадын түншүүдийг үргээдэг жамтай. Энэ бол олон улсын практикт батлагдсан үнэн. Саяны үймээний үеэр манайд ирэх ёстой байсан гадаадын олон зуун жуулчин захиалгаа цуцалсан тухай жуулчны байгууллагууд мэдээлсэн. Энэ бол наад захын дохио.

Долдугаар сарын нэгэнд болсон хэрэг явдлыг манай хоёр хөрш хэрхэн тусган авч, байр сууриа хэрхэн илэрхийлэх бол гэдэг асуудал зүй ёсоор сонирхол татаж байлаа. ОХУ Гадаад хэргийн яамныхаа хэмжээнд мэдэгдэл гаргаж, "Монгол орны байдлын өрнөлтийг Орос улс сэтгэл түгшин ажиглахын хамт хууль бус, хэт даврагч ажил явууллагыг эрс буруушааж байна" гэсэн бол ОХУ-ын Холбооны Зөвлөлийн /парламентын дээд танхим/ олон улсын харилцааны асуудал эрхэлсэн хорооны дарга Михаил Маргелов "Сонгуулийн дүнг эс зөвшөөрснөөр хууль ёсны эрх баригчдыг унагадаг болсон Оросын хилийн ойролцоох "өнгөт хувьсгалын" маягаар Ардчилсан нам ажиллаж байна. Монгол Улс бол дотоод, гадаад бодлогоо бие даан тодорхойлж чаддаг бүрэн эрхт улс бөгөөд гадны хүчний оролцоо шаардагдахгүй. Чухамхүү гадны хүчин Ардчилсан намыг ялна хэмээн найдаж байсан нь "улбар шар" хувьсгалын илэрхий шинж бүхий хэрэг явдал үүсгэснийг үгүйсгэхгүй...

Урьдчилсан дүнгээр хоёрдугаар байранд орсон Өрнөдийн тал баримтлагч Ардчилсан нам ялагдлаа үл хүлээн зөвшөөрч, олныг хамарсан эмх замбараагүй явдал зохион байгуулсан байна" гэж шулуухан мэдэгджээ. Харин үймээн намжих тийшээ хандаад ирэх үед Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч сэтгүүлчдэд хандаж, "Монгол Улсын байдал тогтворжиж, Хятад Монголын найрсаг харилцаа цаашид өргөжин хөгжинө гэдэгт бид найдаж байна" гэсэн. Болж өнгөрсөн үйлд явдалд хоёр их хөршийн нэг нь их эмзэглэж, нөгөө нь өнгөц харахад нэг их тоож үзсэнгүй мэт. Хөршүүд маань хэрэг явдлыг иймэрхүү байдлаар хүлээн авчээ. Хойт, урд хоёр хөрштэй харилцаж ирсэн өнө удаан жилийн харилцаанд сайн, саар юм цөөнгүй бий. Саарыг гээж, сайныг нь уламжлан хөгжүүлэх маш ухаалаг, уян хатан бодлого Монгол төрийн анхаарлын төвд ямагт байх ёстойсон. Оросын "эрхшээлд" байснаа арайхийж гарсан, одоо дахиад тийм байдалд орохгүй гэх юм уу эсвэл, “Хятадын эрхшээлд орчихоод байна” гэсэн нийгмийн сэтгэлгээ Монголд бүрэлдээд байх шиг санагдах юм. Харин бүрэлдээд байна уу, бүрэлдүүлээд байна уу гэдэгт хамаг учир байна. Монголын улс төрийн зонхилох намууд дотроо намчирхан талцахдаа гадаад бодлогын асуудлаар "өрнийнхэн", " дорнынхон" гэсэн хоёр багт хуваагдан тоглож байгаа юм байна гэсэн дүгнэлтийг түншүүд /зөвхөн Орос, Хятад хоёр биш/ хийчихсэн юм биш үү?

Саяны үйл явдлын өнгө будгийн тухайд гэвэл түүнд "өнгөт хувьсгал" гэсэн тодорхойлолт өгвөл дэндүү өргөмжилсөн хэрэг болох вий, харин "өнгөт хувьсгалыг" дуурайх гэсэн бүтэлгүй оролдлого гэвэл илүү зохилтой санагдана. Ерөөс бид гадны юмыг хуулбарлан дуурайдаг зуршлаасаа салаагүй байгаагийн уршиг дагавар энэ мэтээр илрээд байх юм. Хуучин цагт “Зөвлөлт Холбоот Улсад ингэдэг, социалист орнуудад тэгдэг” гэдэг байсан бол одоо “АНУ-д ингэдэг юм, ардчилсан орнуудад тэгдэг юм” хэмээн мэдэмхийрцгээх болжээ. Улс төрийн үйл ажиллагааны хамгийн зохимжгүй хэлбэрийг, эцсийн аргагүйдсэн аргыг дуурайна, сөрөг хүчин гэдгийг сөргөлдөх хүчин мэтээр ойлгож ажиллана, олонхи нь цөөнхийнхөө саналыг хүндэтгэнэ хэмээх ардчиллын зарчмыг ёс төртэй тунхагладаг ч олонхийн аливаа санал, шийдвэр хэчнээн зөв байсан ч цөөнх нь
түүнийг хамгийн буруу хэмээн няцаана, Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг хаяж гарна, төрийн хэрэг шийдэж буй их хурлын чуулганы хуралдаан дээр чанга чанга хашгиралдан бие биенээ хэлэх хэлэхгүйгээр доромжилно, түүнийгээ үзэл бодлоо уралдуулж байгаа хэрэг гэнэ. Энэ бүхэнд дургүйцсэн мэт дүр үзүүлсэн хэсэг хүмүүс Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж байна гээд янз бүрийн нам, эвсэл, хөдөлгөөн байгуулна, тэгээд төр засаг өөд нулимна, төрийн ордныг гороолно, жагсаал, цуглаан, суулт хийнэ, өлсгөлөн зарлана. Улс төрийн том хүчний удирдагчид нөгөө талаа нийтээрээ авилгачид, хүнд сурталтнууд хэмээн цоллож, тиймээс тэднийг зайлуул, бүү нүүр өг хэмээн нийтэд уриалан сурталчилна. Ингээд дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэгч болно. Энэ бүхний уршгаар нийгмийн дотор бухимдал үүсч, ард иргэд аяга цайгаа тайван ууж чадахаа больж байгаа нь нэн харамсалтай.

Гэм буруугүй нь нотлогдоогүй бол гэмтэн биш хэмээх хууль эрхийн дээд зарчим байдаг гэсэн. Гэтэл сонгуулийн дүн хүлээсэн эгзэгтэй мөчид сонгууль бүх тойрогт луйврын аргаар болсон гэдэг мэдэгдэл гараагүй бол, урьдчилсан байдлаар сонгуульд ялсан хүчнийг эсэргүүцсэн цуглаан зохион. байгуулаагүй бол долдугаар сарын нэгний эмэгнэлт явдал гарахгүй байсан. Ингээд "өнгөт хувьсгал" хийхээр эртнээс санаархан бэлтгэгчид "өнгөт хувьсгалыг дуурайх гээд хөглөсөн нь" гэмээр явдал Монголд болж өнгөрлөө. Үүнийг давтахгүй байх нь Монголын хувьд нэн чухал. Яагаад гэвэл Монгол улс бол дэлхийд нээлттэй, эрх чөлөөтэй ардчилсан улс. Хамгийн гол нь барагдашгүй их чулуун нүүрс, зэс, алт, мөнгөний нөөцтэй орон. Ураныхаа нөөцөөр гэхэд л дэлхийд айрагийн тавд жагсаж байна. Энэ их баялгийг Монголын ард түмний сайн сайхны төлөө зөв зохистойноор ашиглах ёстой. Ингэх угтвар нөхцөл нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах, тэдэнд таатай нөхцөл бүрэлдүүлэх явдал юм. Үүний тулд Монголд улс төрийн тогтвортой байдал, төр, засгийн тууштай, ухаалаг үйл ажиллагаа зайлшгүй хэрэгтэй. 2008 оны УИХ-ын сонгуулиар байгуулагдсан парламент үүний үүд хаалгыг нээж өгнө гэж би бодож байна. МАХН-д сонгогчид давуу бололцоо олголоо. Үүнийгээ бүрэн ашиглахыг Монголын ард түмэн МАХН-аас шаардах эрхтэй.
МОНЦАМЭ-гийн тоймч Ц.Даваажав.

эх сурвалж http://www.bimongol.mn

2 сэтгэгдэл:

Anonymous said...

Интересно написано....но многое остается непонятнымb

Anonymous said...

Интересно написано....но многое остается непонятнымb