Saturday, July 19, 2008

Ээждээ хайртай

Ээждээ хайртай


Би, чи , та, бид бүгд бүгдээрээ ээжтэй хүмүүс. Элбэрэл хайраар нь дуталгүй эвийлүүлж энхрийлүүлж хүн болсон цөөнгүй байхад энэрэлгүй хорвоогийн гашуун үнэнд тээглэж эвээлгүй орчлонгийн өнчин заяаг амссан нь бас цөөн бий. Гэвч бид бүгд ээжтэй хүмүүс билээ. Үрдээ үргэлж хайраар хандаж үрийнхээ мууг үлгэсэн сүүний цагаан дуслаараа цайлгаж байдаг өр нимгэн өгөөмөр ээждээ би одоог хүртэл хайртай гэж хэлж чадаагүй юм. Хэлээгүй биш чадаагүй юм....
Хэлэхийг хүсэвч хэлэнд тээглэн орооцолдох тэр 7 үсэгтэй үгээ хэтдээ хэлнэ дээ гэж цээжиндээ хадгалан өөрийгөө уучилсаар хичнээн жил хорвоогийн тоосыг пургиулан явааг минь мэдэх үү? 24 жил. Цаашид энэ хугацаа хэр үргэлжлэхийг би хэлж мэдэхгүй ч хэлнэ дээ гэсэн бодлоо хэзээ ч гээхгүй хэнэггүй үр нь билээ. Заяа минь заяа түшиж 2 бурхныхаа хормойгоос зүүгдсээр би хүн болсон. Харин заяа минь заяа төрүүлж хорвоо дээр эх хүн болох тавилан бэлэглэсэн. Ээж минь үрээ санаж энэлэн санаашрах зовлонг эгээ л би мэдэрч энхрий үрээ санагалзсаар 1 сар гаруй болох нь. Тийм ээ би үртэй хүн. Түүндээ ч сэтгэл минь цатгалан явдаг.
Тэнгисийн зах тэнгэрийн хаяаг тэрлэх санаашралаа аясын салхинд дэвтээж тавиад тэртээд орших Өвөрхангайд үрээ амраахаар илгээсэн эгэл нэгэн эх хүн. Гэтэл би зулайг нь үнэрлэж сэтгэлээ хооллодог жаахан охиноо санасаар... Эхээс унасан эх хүн тулдаа ээжийдээ очиж өөрийгөө тайвшруулдагтаа өөрөөсөө ичиж өөрийгөө зэмлэх шиг.
Тунихаар нэг болох бол тунихаараа нэг болсон ээж минь духаа өгөөд үнэрлүүхэд нялхаар минь эвийлдэг ээжийгээ энэрч хайрлаж яваарай гэж эрхэм уншигч танд би захих гэсэн юм. Хүн ээждээ Хайртай гэж үгийн зоргоор хэлдэггүй юм билээ. Ханьдаа хүртэл харамгүй хэлдэг энэ л үгийг хамгийн их хэлэх ёстой хүндээ хөлгүй далайн гүнээс татаж гаргаад хэлэх мэт хүслийнхээ зоргоор хэлж чаддагүй юм билээ. Эрхэм уншигч та ч гэсэн эгэл бүсгүй надтай адил ийм л байдаг байх. Ээждээ хүн хайртай гэж хэлвэл ээж нь баярлахыг мэдсээр атлаа зангаад өнгөрдөг энэ л зангаа завь усанд тавих мэт дур зоргоор нь тавиарай. Ингээд эх үрийн зургийг таны мэлмийд өргөн баръя.
Ээждээ хайртай охин

1 сэтгэгдэл:

Anonymous said...

Уйлаад гарах бяцхан үрээ харахдаа
Өвдөөд зовсоноо тэр л мөчид мартдаг
Өлгийдэн аваад мээмээ хөхүүлэхдээ
Өөрийн эрхгүй үрээ хайрладаг
Энэ л мөчид эх хүн
Энгүй их жаргалыг мэдэрдэг
Энхрийхэн бяцхан үрээ хараад
Эх хүн болсондоо баярладаг