Thursday, July 24, 2008

Залуустаа илгээх захидал

Залуу насыг магтах гээгүй, залуусыг муулах гээгүй, зүгээр сэтгэлийн үгтэй захидал илгээх гэсэн юм. Үүнийг уншиж суугаа танд энхрий дотно хүний чинь үнэн сэтгэлийн угаас бичсэн захидал мэт мэдрэмж төрөхийг захидал бичигч би бээр туйлын их хүсч байна.

Гурван цагийн хэлхээнд хөврөх амьдралын одоо цаг бол би, чи, бидний үе чацуутан. Дунд сургууль төгсөөд, их сургуульд элсэж, нийгэмд баялаг бүтээх мэргэжилтэн болж,түүний дараа гэр бүл үр, хүүхэдтэй болно. Энэ хэдхэн жилд захидал хүртэл хаяглуулдаг залуу нас минь дуусах болно.
Монгол Улсын хүн амын дийлэнх хувийг эзэлдэг бидний үг, үзэл санаа улс орны хөгжлийг тодорхойлно. Хөгжлийн салхи чухам хаанаас үлээхийг энэхүү захидлыг хүлээн авагч тунгаах буй за. Залуучуудын дуу хоолой тээр дорх чийгийн улаанаас аваад тэнгэрт байгаа наранд хүртэл хүрч сонстдог юм.

Эх хэлээ БЭХЭЛЬЕ
Дэлхийн түмэн хэлнээс хамгийн хэцүү нь орос, хятад хэл юм гэнэ билээ. Гэтэл монголчууд ойр зуурын олон үг хөршүүдээсээ зээлэн хэрэглэсээр ирсэн. Үүнийг манайхны өөр иргэншилтэй танилцан, дотносоход гарсан самгардал гэж үзэж болох л юм. Басхүү монголчуудын хэл сурах багагүй авьяастайг харуулж буй явдал мөн.
Монгол залуус гадаад хэлтэй байх нэн чухал гэдгийг ойлгохын хажуугаар эх хэлээ бүрэн эзэмшихээ мартаагүй гэдэгт итгэж байна. Өвөг дээдэс, үүх түүхээрээ гайхуулан, сайрхах дуртай биднийг үндэсний хэлгүйгээр тэр гадныхан төсөөлөх ч үгүй. Гэтэл өдгөө

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан биширч
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би

хэмээсэн алдартны энэ хэдэн мөрөөс цаашгүй хоцрох аюул нүүрлэжээ. Харин нэгэн залуу яруу найрагчийн

Гульранс шүлгээ уншиж
Инжинаш номоо бүтээж
Равжаа дуугаа дуулж
Ганцаардсан Нацагдорж гомдлоо тайлж
Чойном шүлгээ бичиж явсан монгол хэл
Маш алгуурхнаар мөхөж
Мөхөхийг нь харж монгол биш хүмүүс
Маш ихээр баясаад
Муухай байна

гэж бичсэнийг нь уншихад миний сэтгэлд гуниг, харуусал төрдөг.
Монгол хэл устаж буй хэлний тоонд багтжээ. Ерөөс өдөр тутмын ярианд хэрэглэдэг хэдхэн үгэнд эргэлдэж, логик, зөв бичих дүрмийн алдаа мадгийг үл хайхран хэлний харилцаанд оролцох нь хэл мөхөхийн үндэс болдог аж.
Гадаад хэл, гадаад улс орныг чухалчлах нийгмийн зайлшгүй шаардлага бүхий өнөө эринд хэлний хямрал өдрөөс өдөрт даамжирч байна. Хэрэв бид л эс анхаарваас биднээс хойш энэ хэл сэргэхгүй. Залуучууд үүнийг анхаарах цаг нэгэнт болсон мэт санагдана.


Эх орноо бӨХӨЛЬЕ
Толгой эргэм тоо баримт дурдалгүй хэнийг ч итгүүлэн, үнэмшүүлж болох гамшиг бол манай улсын экологийн сүйрэл. Нүдэн дээр чинь ой шатаж, гол ширгэж, хөрс үхжиж байгааг хараад санаа чинь зовж суугаа. Утаагаар угжуулж, баялгаа тонуулж, хоосон авдар сандайлан үлдэж буйдаа сэтгэлдээ шаналж яваа. Залуучууд эдийн засгийн үзүүлэлт, эрх баригчдын мэдэл өсөхийн хэрээр байгаль орчин сүйдэж буйг мэдэж байгаа.

Бидний эрүүл саруул ой ухаан, бие цогцос нүүрс хүчлийн хийнд хордсоор хэдэн жилийг барав. Холбогдох газруудын ам ажил зөрөх нь ёс болжээ. Харин залуус бид байгалиа хамгаалахын төлөө юу хийж чадах вэ? Миний үе тэнгийнхэн хог хаядаггүй, голын усанд машинаа угаадаггүй, ой модыг огтолдоггүй гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ бид дуу хоолойгоо нэгтгэн, байгаль хамгаалах залуучуудын сүлжээ, сайн дурын байгууллагуудтай хамтран ажиллаж, эх орноо эвийлэн хамгаалах хэрэгтэй. Мөн хойч үедээ байгалиа хайрлах ухааныг өвлүүлж, нэг бүрчлэн зааж өгөх ёстой.
Өнөөдөр хайр гамгүй эдэлсэн баялгаас маргаашийн бидэнд, нөгөөдрийн үр хойчид маань юу үлдэх билээ? Бид онгойж харласан газар, элсээр хучуулсан тал, химийн хортой хот, гол усны хуурай сайр дээр хэрхэн амьдрах билээ? Мөнгө, боловсрол, гадаадын мэргэжилтэн аль нь ч байлаа цэвэр агаар, цэнгэг ус, нөхөн сэргээгдэшгүй байгалийн үнэт баялгийг буцаан олж авч чадахгүй. Бид нэгийг сэтгэх ойртсон.


Мансууралгүй ирээдүй МОНГОЛЫНХ
Монголчуудын түүхэнд хэзээ ч байгаагүй хар тамхи гээч нунтаг тахал аль хэдийнээ босго давжээ. ХДХВ, хар тамхины гэмт хэргийн үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч хөршүүд маань манай хилийг давуулан мансууруулах бодисын транзит наймаа эрхэлдэг ч гэж дуулдлаа.
Олны танил хэдэн залуу мансууруулах бодисын төрлийн өвс хэрэглээд аавын хаалга татсан. Бидэнд энэ явдал том сургамж болсон билээ. Харин тэдгээр залуусын ял нь чангадсаныг гайхаж, зурагтаар хар өвсийг шар айрагтай зүйрлэн ярьж байсан хүмүүс залуучуудад ямар буруу үлгэр дууриал болсныгоо, ямар буруу ойлголт төрүүлснийгээ мэдээ болов уу? Тэд бүх зүйл багаасаа эхэлдгийг мартаа юм болов уу?
Захын нэг клубт л мансууруулах бодис хэрэглэдэг болсон өнөө үед залуу хүн харамсахгүйн тулд үүнийг тойрч гарах учиртай. Хар тамхи, цагаан хорыг дагаад нийгэмд тоо томшгүй сөрөг үр дагавар учирна. Хүний наймаа дэлгэрч, садар самуун, гэмт хэрэг газар авч тохиолдож болох бүхий л аюул биднийг отож эхэлнэ. Монгол залуус эдгээр аймшигт үр дагаврыг үл хүснэ. Тиймээс мансуурлаас ангид манай ирээдүй гэрэлтэж байна.


Ардчилал биднийх, аль нэг намынх биш
Намайг нэг настай байхад манай оронд үлээж эхэлсэн ардчиллын салхи 19 насанд хүрчихээд байхад минь хүчээ аваагүй, харин ч чиглэл нь өөрчлөгдөн, ардчиллын биш анархизмын салхи болон хувирч байгааг долдугаар сарын 1-нд харлаа. Ард түмний төлөөлөл байтугай айл гэрийн эзэн байхын эцэсгүй балмад залуус “Ард түмний сонголтыг уландаа гишгэлээ, ард түмэн эсэргүүцэж байна, ард түмэн рүү буу шагайлаа” гэж амныхаа зоргоор хашхирч явсан. Өнгөтэй өөдтэй бүхнийг минь өөрсдийнхөө эрх чөлөө, үзэл бодол, үнэт зүйлтэй хамт тонож, шатаасан. Сүхийн талбайд ардчиллыг магтан, “Хонхны дуу”-г дуулж байсан хэрнээ үхлийн талбайд анархизмыг үйлдчихээд цонхны цаанаас харж үлдсэн. Энэ хүмүүс залуусын дуу хоолой биш, харин захиалгын хөлсөндөө хөлчүүрэгсэд. Бидний ирээдүй тэдний авираас шалтгаална гэж үү?

1990 онд монголчууд зах зээл, чөлөөт нийгэмд шилжсэний ачаар би өнөөдөр та бүхэнд захидал бичиж сууна. Эрх чөлөөг эрхэмлэж, эх түүхээ сэргээсний улмаас бид өөрийн гэсэн өнгө төрх, орон зайтай байна.
Бид сэтгэл зүтгэлээ дайчлан бэлдэж, ардчиллыг өлгийдөн авсан ард түмнээрээ бахархдаг. Тэдгээр он жилүүдэд бүхний манлайд явсан залууст талархдаг. Ардчилал бол бүх нийтийн сэтгэл, оюунд оршиж, судасны лугшилт, зүрхний нь цохилтоор ив ижилхэн илэрдэг. Харин ардчилал хэмээн орилж, ард түмний нэрийг барьчихаад, ардчилсан нийгмийн зарчимд үл нийцэх үйлдэл хийдэг улс төрчдийг уучлахгүй.

Уламжлалт ахуй, өв соёлоосоо хөндий өссөн хэдий ч морин хуурын аялгуу, уртын дууны ая, монгол бичгийн орчинд нэг насаа элээсэн юм шиг дотно сэтгэл надад төрдөг. Энэ онцгой мэдрэмж монгол хүн бүрт бий гэдэгт итгэдэг. Үүнтэй адил ардчилал гэдэг бол цоо шинэ зүйл биш. Энэ бол хүн төрөлхтөнд хууль цааз, эрх чөлөө, шударга ёс, үүрэг хариуцлагыг тунхаглаж явсан өвөг дээдсийн минь бидний сэтгэхүйд үлдээсэн гэрэл гэгээ. Монгол хүний цайлган сэтгэл, шударга зан, талбиун ухаан, тэсвэр тэвчээр, амгалан төрхөнд шингэсэн төрөлх зөн.

Иймээс залуус бид алдагдахад хүрээд байгаа ардчиллыг бэхжүүлэх үйлсэд оролцох учиртай. Аль нэг намын харьяалалд багтаж, хэн нэгний гар хөл болж асуудалд хандахаас илүү өөрийн үнэ цэнэ, үзэл бодолдоо үнэнч байж, үүрэг хариуцлага, хууль ёсыг сахин, ардчиллыг хамгаалахад хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

эх сурвалж http://www.bimongol.mn , ӨНӨӨДӨР сонин

1 сэтгэгдэл:

Anonymous said...

saihan bichjee taalagdlaa. chamd aviyaas bna shuu. harin ter uls turlug hesegt jaahan buruu zuils bna minii duu mongol TV uzeed bish ardchilal gj yu bdag, uls turiin togtoltsoo gej yu bdag anarhizm gj yu yin gedgiig ul suurtyai urgun hureetei sudalj bj bicheerei tegvel chi hol yavah huuhed bn. amjilt husey