Wednesday, July 23, 2008

Хөөрсөн түмний дунд хэн алга ташив

Одоогоос 100 орчим жилийн өмнө нэгэн ном хорвоо дээр мэндэлж, улмаар ихээхэн шуугиан тарьсан юм байх. Анх итали хэлээр гарчээ. Мөн уг ном 100 орчим жилийн дараа орос хэлээр орчуулагдаж, улмаар манай нэрт эрдэмтэн, философич Б.Даш-Ёндон гуай монголчлон та бидний сонорт хүргэснийг сайн мэдэх билээ.
"Хөөрсөн түмэн ба гэмт хэрэг" гэх энэ номыг Италийн философич, гүн ухаантан Сципион Сигеле бичиж, харин хүмүүн төрөлхтөн түүнийг нь өөрийнхөө амьдрал дээр баталсаар ирсэн байдаг. Бидний монголчүуд ч энэхүү батлах явцад өөрийнхөө хэр хэмжээгээр мөн л сүүлийн 100 жил оролцсоор ирэв. Тийм ч учраас эрхэм Б.Даш-Ёндон энэхүү номыг төрөлх хэлнээ хөрвүүлсэн болов уу гэж боддог. Мөн тэрбээр уг номынхоо эхэнд ,"Шинжлэх ухаан бол үур цайгаагүй байхад донгоддог тахиа байх ёстой" хэмээх Франц эрдэмтэн С.Московичийн үгийг зүгээр ч нэг иш татаагүй биз ээ гэсэн бодол төрдөг. Гэвч хөөрсөн түмний хувьд манай оронд аль эрт "үүр цайж", эдүгээ "тахиа донгодох" хэрэг бараг үгүй болов. Харин ч энэ үйлдэл эдүгээ улстөрийн намуудын хувьд хэн нэгнээ нам дарах хэрэгсэл маягийн юм болж хувирах торгон мөч дээр тулж иржээ.
Манайхныг чухам яагаад "үхэр монгол" гэж нэрлэснийг миний бие тэрхүү хөөрдөг байдалтай нь холбож үздэг. Яг сарлаг шигээ хөөрдөг. Сарлаг нэг хөөрөхөөрөө сүрэг чоныг ч өлхөн айлгана. Чононд бариулсан тугалынхаа сэгэн дээр нэг муухай орилон хуухирахад л бүгд дагаад хөөрдөг. Тэгээд л замдаа тааралдсан бүхнийг туушиндана.
Бид ингэхэд С.Сигелегийн дээрх ном гарснаас хойших 100 жилд л гэхэд 20 жилийн давтамжтайгаар "хөөрсөн" байдаг. Жишээ авья л даа.
1900 онд уг ном хэвлэгдэн гараад Ром хотын нэгэн байрны бяцхан өрөөний ширээн дээр тавигдаж байхад алс Монголын Улиастай хотноо газар газраас ирсэн 2000 цэрэг Манжийн эсрэг босчээ. Энхтайван хэмээх нөхөр ганц хашгирахад л тэр цэргүүд хөөрч. Сангийн хэрмийг буслэн, өлсч цангасандаа хятадуудын пүүс мухлагийг тоносон байна. Босогчид алс газар явж байлдахгүй хэмээгээд гэр гэртээ тарлаа. Энхтайвныг баривчлан цаазлах гэсэн боловч, монгол ноёд өмөөрсөн тул чадсангүй. Өөрөөр хэлбэл монголчуудын манжуудад дургүй байсан сэтгэлийн оч ийнхүү хөөрөхөд хүргэсэн бөгөөд энэ тэмцэл газар авч магадгуйн үүднээс Энхтайвныг шийтгэлгуй өнгөрчээ. Бас 2000 хүнийг шийтгэнэ гэхэд хэцүү байсан нь мэдээж шүү дээ.
Тэр үеэс хойш 20 жилийн дараа буюу 1920-иод онд хүрээний лам нар талцаж байгаад зодолджээ. Ухаандаа баруун, зүүн хүрээ гэж хуваагдаад үзэлцсэн юм уу даа, янз нь. Зодоон яваандаа хятад худалдаачдын эсрэг эргэсэн гэдэг юм. Түмэн олон хөөрч, улмаар лам нарын зодоон бус харин хятад мөнгө хүүлэгчдийн эсрэг нэг ёсны тэмцэл болж хувирсан байгаа юм. Тиймээс ч хүрээний хятадууд нэг хэсэг манай цагаан сарыг улаан болгоно хэмээн хүрзээ ирлэж, энэ нь Ардын хувьсгалын дуулиан шуугиан дор тэгсгээд намжжээ. Бас манай хүрээний "сайн эрчүүд" энэ зодооноос хойш тэлж татсан хэцнээс уясан долоон гүзээн дээр зодолдох эрдэмд суралцаж байсан гэх үг байдаг.
Ардын хувьсгалаас хойш 20 жилийн дотор лам нар дахин бослоо. Түүнийг шинэ засаг аймшигтайгаар дарав. Бас үунийг дагаад нөгөө айхтар хар хэлмэгдүулэлт болж, нэлээд олон жил ард олноо айдас хүйдсийн дунд авдрандаа хийсэн эд зуйлс шиг хадгалжээ. Энэ бол 1940-өөд он.
Тэгвэл үүнээс 20 жилийн дараа буюу 1960-аад онд мөн л хятадуудтай төмөр замын орчим зодоон хийв. Нөгөө зодоон нь хөөрсөн түмний урсгал болон хувирч, сүүлдээ ч цагдаа цэрэг рүүгээ халдан, тэр ч бүү хэл цохиулаад унасан хүн амьтны хормой хотыг ухах энэ тэр явдал ч гарчээ.
Энэ хэрэг явдлаас хойш 20 жилийн дараа буюу 1980-аад он. "Хунсний 20 дугаар" дэлгүүрийн дэргэд цэрэг өмөөрсөн зодоон мөн л хөөрсөн түмний тэмцэл маягийн юм болж хувирав. Гал команд, сүүлдээ ч цэрэг хувцастай бүхнийг нүдлээ. Бүүр сүүлдээ Зөвлөлтийн Элчингийн хашаа руу ч халдах маягтай болж, яг саяхных шиг маш олон хүнийг баривчилснаар энэ хэрэг явдал намжсан юм. Энэ бол социализм үзэл суртлаа хамгийн хатуу чангаар барьж асан цаг үед манай монголчуудын хамгийн өргөн хүрээтэйгээр хөөрсөн тохиолдол хэмээн хэлмээр байна. Тэр үеэс хойш мөн л 20 орчим жилийн дараа буюу дөнгөж хэдхээн хоногийн өмнө сонгуулийн үр дүнд дургүйцсэн хэсэг хүний цуглаан, яваандаа хөөрсөн түмний их урсгал болон хувирч, хэд хэдэн хүний амь эрсдэн, МАХН байраа шатаалган, нэлээд олон байгууллага эд материалын асар их хохирол амсчээ.
Одоо манайхан энэ бүхний буруутанг хайх аян дайнд хэд хэдэн талаасаа "зэвсэглэн" мордсон байна. Гэмтнийг олох тухай. буруутныг хатуу чанга цээрлүүлэх тухай, хариуцлагын тухай эдүгээ "үүр манхайтал цайсан" хойно асар олон "тахиа" хаа сайгүй донгодож байна. Ингэхэд улстөрийн тайзан дээр тоглож байгаа жүжгийг асар олноороо үзэж байсан буюу "ард түмэн" хэмээн бидний нэрлээд байгаа хүмүүсээс чухам хэн нь анх "алга ташсаны" улмаас хэрэг явдал уухай, туухайндаа хүрч, тайз майзаа нураах хэмжээнд хүрэв гэдэг уг нь тийм ч сонин байхгүй нь мэдээж. Гэхдээ нэг талаас нийгмийн бухимдал алга ташив уу, эсвэл ямар нэгэн хувь хүн алга таших эхлэлийг тавив уу, мөн ердөө л эрхэм зорилгодоо хүрээгүй хэн нэгэн энэ бүхний үндсийг тавив уу гэдгийг хэн тогтоох нь нэн амаргүй байх нь тодорхой.
Энд нэг зүйлийг ний нуугуй хэлэхэд гээндээ ч бий, гоондоо ч бий гэх нэгэн үг нэлээд тохирмоор санагддаг. Нийгэм өнөөдөр бухимдалтай байна. Замынхаа түгжрэлээс л эхлэнэ шүү дээ. Үнийн галзуурал. Хуулийг заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг хууль тогтоогчид, хууль сахиулагчид, хуулийг хэрэгжүүлэгчид нь та бидний нудэн дээр ёстой л "стриптиз" маягаар өдөр бухэн үзүүлж байна. Авилга хэмээх үг "авлага" гэдэгтэй адилхан сонсогддог. Сонгууль булхайтай болдог уу, болдог. Энэ удаа булхайцсан уу, булхайцсан. Цагдаа л гэхээр жирийн иргэндээ үйлчилдэг нэгэн бус харин эрх баригчдыг хамгаалдаг, ард олноо дарангуйлдаг хүчин гэсэн ойлголт аль хэдийнэ бидний ухамсарт суусан учир ийнхүү хөөрсөн түмний хөлд урэгдэхэд хамгийн гол нөлөө үзүүлэв. Наад зах нь гэхэд бидэнд цагдаагүй баяр наадам гэж хэзээ ч байхаа больсон. Улсын их баяр наадам гэхээр л цэнгэлдэхийн хаалга болгон дээр 30-40 цагдаа. Тасалбар шалгана. Хамгийн гол нь хамаатан садан, танил талаа түрүүлж оруулаад хамаг суудал эзлүүлчихсэн байдагт манайхан ихээхэн дургүйцдэг юм. За тэгээд заримынх нь харьцаа гэж авах юм байхгүй.
Ингэхэд сүүлийн үед энэ үймээн самууныг МАХН зохион байгууллаа, АН зохион байгууллаа, ИХ нам зохион байгууллаа гэж хэлдэг хүн олширч. Тэгвэл номонд үзвэл хөөрсөн түмэн хамгийн гайхалтайгаар өөрөө өөрсдөө зохион байгуулалтад ордог байна. Сонин байгаа биз. Тэр ч бүү хэл “хэн нэгэн буруугүй хүний амийг аврах гэж энэ дунд орж ирсэн хүн өөрөө огтхон ч сийхгүйгээр хүн алах нь ч элбэг” хэмээн С.Сигеле бичжээ. Өөрөөр хэлбэл “хөөрсөн түмэн бол хоорондоо танил бус, ялгаа заагтай этгээдүүдийн овоолго юм. Тэдгээрийн тархай бутархай байдал хоромхон зуур хэлхээ холбоонд шилжин зорилгодоо хүрэх гэсэн аймшигт урсгал болон хувирдаг” гэсэн байгаа юм. Энэ бүгдээс нэг зүйлийг онцолоход чухамхүү дээр өгүүлсэн учир шалтгааны улмаас хөөрсөн түмний өдүүлсэн гэмт хэргийг манайхны ярих дуртай шударгаар шүүх бололцоо тун бага байдаг аж. Ихэнх тохиолдолд хөөрсөн түмний давапгааг зогсоохынтулд 10 хүн тутмын нэгииг шийтгэх, мөн эсрэг талаа нухчин дарахын тулд дээрээс нь эхлэн цээрлүүлдэг арга туршлага хүн төрөлхтөнд байсан агаад тэр бүр нааштай үр дүн өгөөгүй бололтой. Бас зүгээр орхичих гэхээр яг манай одоогийнх шиг гэмт хэрэг гарчихсан, бас "алга ташсан" нөхдүүд нь амьд биеэрээ байдаг гээд түмэн зовлон бий. Тиймээс хэн нэгэнд хариуцлага хүлээлгэхгүй хаячихвал шударга ёс хаана байна гэсэн асуудал өөрийн эрхгүй босч ирэх нь мэдээж шүү дээ.
Яг ийм нөхцөл байдлын дунд өнөөдөр манай улстөрийн намууд, тэр дундаа МАХН, бас түүний шинээр байгуулагдах Засгийн газар орчихоод байгаа нь үнэн. Мөн "Хөөрсөн түмний" хийсэн гэмт хэрэг хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаа шиг эцсийн эцэст УИХ шинэ бурэлдэхүүнээрээ хуралдаж чадах уу, үгүй юү, МАХН Засгийн газраа шинээр байгуулж чадах уу, чадахгүй юү гэсэн эргэлзээг мөн л ард түмэн өөрийнхөө өмнөх ширээн дээр өглөө болгон аягатай цайныхаа хамт тавьдаг болсон байна. Түүнээс гадна хөөрсөн түмний өдүүлсэн гэмт хэрэгт улстөрийн уур амьсгал оруулж байгаад энэхүү тогтолцоондоо өөрчлөлт оруулаад авах юмсан гэсэн хэсэг бүлэг байгаа нь тодорхой болж, эдүгээ толгойгоо өндийлгөн, Чингис хааны их сүр хүчийг дурсах болсон байна.
Ийм нөхцөл байдлаас хэн нэгэн нь хожиж гарах магадлал үнэндээ тун муу. Улс төрийн хүчний хувьд шүү дээ. Харин ч нөхцөл байдал иймэрхүү маягаар өрнөөд байвал эцсийн дүндээ нөгөө хааяахан "хөөрдөг" түмэн маань хохироод улдэхийг үгүйсгэх арга алга. Ямар ч байсан энэ бүхний эцэст түмэн олон хөөрөхийг дахиад 20 жилийн дараа харцгаана аа гэсний үүднээс энэ бичвэрийн эхэнд 100 жилийн доторхи жишээг огтхон ч аваагүй шүү гэдгээ хэлье. Учир нь эдүгээ цаг өөрчлөгдөж, цахилдаг ч бас өнгөө үнэхээр сольдог болсон үе. Тиймээс түмэн олон хэзээ ч хөөрч болно. Хоёр цагийн дараа, 20 хоногийн дараа, хоёр жилийн дараа ч хөөрөх магадлал бий. Учир нь нийгэм өөрөө ийнхүү хөөрөх үндэс суурийг хангалттай тавьж байна. Бас энэхүү суурийг бид бүхэн чи, би-гүйгээр бүгд оролцон байж үүнийгээ засах шаардлага гарчээ хэмээн хэлэх гэсэн юм.
Удахгүй дахиад өглөө болно. Гэхдээ цоо шинэ нийгмийн өрхийг бид татахгүй. Буцаад коммунизм руугаа бид бас орохгүй. Тэр хөг өнгөрсөн. Хүн төрөлхтөний урсгалыг бид сөрж сэлэх боломжгүй болсон гэсэн үг шуу дээ. Тиймээс энэ удаагийн хөөрсөн түмний хийсэн гэмт уйлдэл бүхэн манай дараачийн сэрэх өглөөний тахиан дуу байх болтугай гэж ерөөх байна. Мөн энэ хөөрсөн түмний хөлөөр боссон шороо тоос манай Монгол Улсыи Засгийн газар ёстой шав хийсэн танхимтай, түмэн олныхоо амар амгаланг хэзээ ч хамгаалчих хэмжээний байгууллагуудтай, тэдгээр нь чадварлаг дарга нартай байхыг санууллаа. Хүн бүхэнд таван хүний алтан амиар сануулав.

эх сурвалж http://www.bimongol.mn , ӨНӨӨДӨР сонин

0 сэтгэгдэл: