Showing posts with label Чөлөөт. Show all posts
Showing posts with label Чөлөөт. Show all posts

Monday, August 18, 2008

Би залуухан байгаадаа баяртай байна...

Миний залуу нас харанхуй тэнгэрт гялалзах алтан гадас мэт намайг чимдэг шиг чиний залуу нас ч чамайг чимж байгаа. Залуу хүний ухаан нь саруул, урам зориг эрч хүч нь их, ажил хийхэд хүртэл гараас нь юм гарахдаа амархан гэж хүмүүс хэлдэг дээ. Тиймээс би залуухан байгаадаа баяртай байдгийн.
Монголын ирээдүйг залуу хүний хүч ухаан хөтлөн хөжлийн замд оруулж бид хөгжилтэй орны тоонд багтана гэдэгт би итгэдэг.Тийм ч учраас цэл залуу насныхаа ааг омгоор бялхан байгаа монголынхоо сая гаруй залууст би хайртай. Бид бол хэмжихийн аргагүй их хүч юм.Ер нь залуу хүнээс л уран ухаан, өөрчлөх сэтгэлгээ, хийсвэр бодлууд төрдөг. Тэд агуу их мөрөөдөлдөө автан хийж бүтээх их ирмүүн хүсэлдээ дийлдэн байдаг. Өглөө нойрондоо автаж их унтах боловч өдрийн эрчимтэй үеэ бүхий л ажлаа амжуулаад амралт зугаалгаа зохицуулж ч чадна.
Анхны харц, ариун дурлал, хязгааргүй их хайрандаа умбан хорвоогийн хаанахыг ч туулан, хоёр гараараа юу ч бүтээхээс буцахгүй болдог хүмүүс бол залуу хүмүүс. Та нар бод доо. Өдгөөгийн амжилтанд хүрч буянаа эдлэн суугаа буурлуудыг ажиглавал залуу насандаа л их хөдөлмөрлөж ид гялалзаж явсан хүмүүс байдаг. Тэгэхээр бидний залуу нас бол бидний баялаг. Бид энэ баялгаа зөв зарцуулж зөв ашиглах нь бидний ухаанаар шийдэгдэх нь гарцаагүй юм.


Дэлгэрэнгүй...

Wednesday, July 23, 2008

Check your English for phrasal verbs and idioms

Read this document on Scribd: Check your English for phrasal verbs and idioms


Дэлгэрэнгүй...

Saturday, July 19, 2008

Ээждээ хайртай

Ээждээ хайртай


Би, чи , та, бид бүгд бүгдээрээ ээжтэй хүмүүс. Элбэрэл хайраар нь дуталгүй эвийлүүлж энхрийлүүлж хүн болсон цөөнгүй байхад энэрэлгүй хорвоогийн гашуун үнэнд тээглэж эвээлгүй орчлонгийн өнчин заяаг амссан нь бас цөөн бий. Гэвч бид бүгд ээжтэй хүмүүс билээ. Үрдээ үргэлж хайраар хандаж үрийнхээ мууг үлгэсэн сүүний цагаан дуслаараа цайлгаж байдаг өр нимгэн өгөөмөр ээждээ би одоог хүртэл хайртай гэж хэлж чадаагүй юм. Хэлээгүй биш чадаагүй юм....
Хэлэхийг хүсэвч хэлэнд тээглэн орооцолдох тэр 7 үсэгтэй үгээ хэтдээ хэлнэ дээ гэж цээжиндээ хадгалан өөрийгөө уучилсаар хичнээн жил хорвоогийн тоосыг пургиулан явааг минь мэдэх үү? 24 жил. Цаашид энэ хугацаа хэр үргэлжлэхийг би хэлж мэдэхгүй ч хэлнэ дээ гэсэн бодлоо хэзээ ч гээхгүй хэнэггүй үр нь билээ. Заяа минь заяа түшиж 2 бурхныхаа хормойгоос зүүгдсээр би хүн болсон. Харин заяа минь заяа төрүүлж хорвоо дээр эх хүн болох тавилан бэлэглэсэн. Ээж минь үрээ санаж энэлэн санаашрах зовлонг эгээ л би мэдэрч энхрий үрээ санагалзсаар 1 сар гаруй болох нь. Тийм ээ би үртэй хүн. Түүндээ ч сэтгэл минь цатгалан явдаг.
Тэнгисийн зах тэнгэрийн хаяаг тэрлэх санаашралаа аясын салхинд дэвтээж тавиад тэртээд орших Өвөрхангайд үрээ амраахаар илгээсэн эгэл нэгэн эх хүн. Гэтэл би зулайг нь үнэрлэж сэтгэлээ хооллодог жаахан охиноо санасаар... Эхээс унасан эх хүн тулдаа ээжийдээ очиж өөрийгөө тайвшруулдагтаа өөрөөсөө ичиж өөрийгөө зэмлэх шиг.
Тунихаар нэг болох бол тунихаараа нэг болсон ээж минь духаа өгөөд үнэрлүүхэд нялхаар минь эвийлдэг ээжийгээ энэрч хайрлаж яваарай гэж эрхэм уншигч танд би захих гэсэн юм. Хүн ээждээ Хайртай гэж үгийн зоргоор хэлдэггүй юм билээ. Ханьдаа хүртэл харамгүй хэлдэг энэ л үгийг хамгийн их хэлэх ёстой хүндээ хөлгүй далайн гүнээс татаж гаргаад хэлэх мэт хүслийнхээ зоргоор хэлж чаддагүй юм билээ. Эрхэм уншигч та ч гэсэн эгэл бүсгүй надтай адил ийм л байдаг байх. Ээждээ хүн хайртай гэж хэлвэл ээж нь баярлахыг мэдсээр атлаа зангаад өнгөрдөг энэ л зангаа завь усанд тавих мэт дур зоргоор нь тавиарай. Ингээд эх үрийн зургийг таны мэлмийд өргөн баръя.
Ээждээ хайртай охин


Дэлгэрэнгүй...

Thursday, July 17, 2008

Золгүй модод

Гудамжинд модод навчисаа сэрчигнүүлэн найгаж үдшийн бүлээн зөөлөн салхины аясаар аялалдан байгаа нь сэтгэлд таатай байх агаад дурлалт хосууд харваас жаргалтай байх нь гэрлүүгээ тэмүүлэх хэнд ч таатай. Ногоон саглагар мод илтэд сүрлэг бөгөөд сахайн. Хүмүүс зуны дэлгэр цагаар л сэтгэлийн тайван сайхныг мэдэрдэг. Гадуур алхангаа салхилах нь хэнд ч тааламжтай сэтгэгдэл төрүүлэх нь туйлын үнэн билээ.

Гэтэл би нэгэн зүйлийг өгүүлье. Сагсайн ургах моддын саглагар мөчрүүдийг тайраад, мөлжиж хаясан яс шиг чөрчгөр ёрдойсон үзэмжгүй болгоод байдаг нь ямар учиртайг би ердөө ойлгодоггүй юм. Гадны хүний нүдээр харсан ч гайхаад барахааргүй сонин л байгаа байхгүй юу.... Энэ модод яагаад ийм гэсгээлийг энэ хотынхноос хүртсэн юм болоо? хэнд юунд гай болсон юм бол? гэж хэн ч бодохоор.... Гэтэл ийм учиртай юм гэнээ. Улиас модны цагаан хөвөн Улаанбаатарчуудын хамар амаар орж уушиг цээжийг нь үрэвсүүлж, харшил хамууг нь хөдөлгөдөг гэнэ.Бас хог их тарьдаг тул ингүүлж байхдаа таарсан азгүй модод байдаг юм байхаа.
Хүний төлөө тарьсан юм бол зөв ургуулахад яадаг байнаа. Модоо мэддэггүйн хар гайгаас болж үй түмэн хүн хохирсоор л байна.
Болиосой,... Улиасыг анхнаас нь эр эмээр нь зөв суулгаж ургуулаагүйн л буруу нь зун болгон хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Хөвөнгөө цацах нь суулгасан байршлын буруугаас болдог бол хог тарих нь уулаасаа энэ модны байгаа нь л тэр. Хогийг нь цэвэрлэж чадахгүй залхуурч залхсан монголчуудын цалгар назгай байдлаас болж хайран сайхан моддыг жил бүр мөлжиж шулахаа болиосой хэмээн дулаан улирал болгоны дэлгэр цагаар боддог бодлоо хуваалцсан юм. Гадныханд ганц үзүүлдэг Улаанбаатарынхаа өнгө төрхийг өөдлүүлдэг хэдхэн цөөн модоо хэвээр нь хадгалж амьдарцгаая. Түүнээс гадна ирээдүйд тарих модоо сайн судалж зөв үрслүүлж ургуулвал Улаанбаатарчуудын эрүүл мэндэд хор болох биш уг нь хувь нэмрээ мод оруулдаг л юм сан.
Модны тухай миний бодол ийм билээ. Харин таных ?


Дэлгэрэнгүй...

Tuesday, July 1, 2008

Арай хэтэрч байна шүү дээ...

Арай хэтэрч байна шүү дээ...Бидний Монгол түмний 70 гаруй хувь нь ядуу амьдарч байна. Жилийн жилд авлигалчдын алдсан мөнгө, арчаагүй бодлогогүй төрийн самуурлын золиог үр хүүхэдтэй юутай ийтэйнхээ нуруун дээр үүрч ирсэн. Цаашид ч үүрэх нь тодорхой боллоо...
Сонгуулийн өмнөхөн ард түмний сэтгэл зүйг "Сонгуулийн дараах бараа бүтээгэдхүүний үнийн өсөлт"-д бэлтгэж сонгууль дуусаачгүй хариу нь гүйцэд гараа ч үгүй байхад бензиний үнэ өсөх нь тодорхой болж монгол түмний сэтгэлийг урж тасдаж эхлэв. Дэлхийн түвшний хэмжээнд хөгжөөгүй байж дэлхийн түвшний хотуудын өртгөөр Улаанбаатарыг амьсгалуулна гэдэг гэдэг чинь юу гэсэн үг вэ?

Энэ мэт амьдралын өдөр хоног тасралтгүй үргэлжилж жилийн 365 хоногоо давтан давтан сунжирахнээ урагшгүй, идэмхий, уумхай ,эх оронч сэтгэлгээ нь төлөвшөөгүй булихайчуудыг төрийн толгойд залрахад тэдний гэр бүл төрөл төрөгсөд мөн тэд л сайхан амьдарч амьд оршихуйд ганц л тохиох хүний хувь тавилангаа жаргалтай өнгөрүүлэх биз.
Гэтэл эгэл ардад ч гэсэн амьд оршихуйн алтан боломж ганцхан л тохиосон биш билүү. Та чи бид бүгдийн тэр боломжийг өөрсдөө учраа олцгоо болохгүй байгаа юм чинь бид яахийн боломжоороо зүтгэж байна гээд аргацаан өнгөрөөх тэр хүмүүс бол ард түмний өмнө ялтан гэж би хэлмээр байна. Сэтгэлээрээ ТӨРД ажиллах МОНГОЛ ХҮН байна уу?
Саяхан миний нэг найзаас үнийн өсөлтийн тухай товч мэдээ ирлээ.... Ажлаа хийгээд тайван суух гэтэл сэтгэл төвдсөнгүй дургүй хүрчлээ. Миний нэгэн адил бухимдаж, уурсан буй мянга мянган Монгол залуус бий гэдэгт би итгэлтэй байгаа учраас энэхүү сэтгэгдлийг бичлээ.


Дэлгэрэнгүй...

Tuesday, June 24, 2008

Basic English Grammar - Book 2

Англи хэлний дүрмийн хичээлийн 2-р дэвтрийг орууллаа.


Read this document on Scribd: Basic English Grammar Book 2


Дэлгэрэнгүй...

Basic English Grammar - Book 1

Англи хэлний дүрмийн хичээлийн 1-р дэвтрийг орууллаа. Ойлгоход хялбар. Зураг, жишээ ихтэй. Англи хэлний цагаан толгой гэхэд болно дөө. Энэхүү номтой нөхөрлөвөл таны англи хэлний дүрэм нэлээн сайжирна гэж бодож байна. Ингээд бүх нийтээрээ гадаад хэлтэй болох замдаа урагшаа.


Read this document on Scribd: Basic English Grammar Book 1


Дэлгэрэнгүй...

Saturday, June 21, 2008

Англи хэлний дүрэм

Бид мэдээллийн эрин зуун гэгдэх XXI зуунд амьдарч байна. Бид цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад гадаад хэл, ялангуяа англи хэлийг зохих түвшинд эзэмшсэн байх шаардлага өөрийн эрхгүй гарч ирж байна. Гадаад хэлгүй байснаараа бид бусдаас ямагт нэг алхам хойно гэлдэрч явна. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад тань тус нэмэр болох үүднээс англи хэлний дүрмийн хичээлийг орууллаа. Бүх нийтээрээ гадаад хэлтэй болцгооё.


Read this document on Scribd: John Dow -- English Grammar in English


Дэлгэрэнгүй...

Tuesday, June 17, 2008

Монгол хүмүүс баян болжээ

Гадаа сэвэлзүүр салхи үлээж сэрүүн ч биш хүйтэн ч биш байхнээ сэтгэлд таатай сайхан санагдаж Зайсангаас урагш дардайн харагдах замаар ажлаа хийхээр машинтай давхилаа. 2 жилийн өмнө байгаагүй бүтээн байгуулалтыг тэндээс олж харав. Шар, ногоон, цэнхэр, саарал, улаан, бор гээд өнгө өнгийн байшингууд өрөөд тавьсан юм шиг л босчээ. ХААИС, Зайсан толгой 2 оос өөр онцолж харагдах юмгүй цээж багтам цэлгэр сайхан тал эмх цэгцгүй баригдаж баячуудын гэж нэрлэгдэх хүмүүсийн эзэмшил болсон байна.

Тэрхэн хавь газраа жигтэйхэн их тохижуулж харуул хамгаалалт, хана хэрэм, хайс төмрөөр тойруулж хажуугаар нь явахад ч халгаж цэрвэмээр гоё байшингууд баригджээ. Гэвч Дархан цаазат Богд уулын арыг тоссон хормой Улаанбаатарын хотын урдаас цэлийх тал, урсгал цэнгэг Туулын урдуур татах хөвөө гээд улам их зүйлийг бодонгоо харваас нэг л бишээ. Үзтэл сайхан байшин харагдавч хамгаалах ёстой газрыг хайралдаггүй юмаа гэхэд ядаж хамжааргатай зохион байгуулаад байшингуудаа барихгүй дээ гэж бодогдов. Бас болоогүй ээ том том машинууд өмнүүр хойгуур сүлжилдэж зам муутай газраар тоос татуулан давхих нь алхаж яваа хэнд ч таалагдахгүй нь унаа тэргээ унаж яваа хүнд нь угаасаа л хамаатай биш дээ. Нэг тиймэрхүү л байлаа.
Монголчууд баян болжээ гэж... Магадгүй энэ байдлыг Монголын хаа сайгүй харах биз.


Дэлгэрэнгүй...

Monday, June 16, 2008

Би үртэй хүн


Би зулайг нь үнэрлэхэд сэтгэл зөөлрөн баясах аминаас тасарсан амьтай хүн. Хүн болохын жаргалыг мэдрүүлэх хорвоогийн гайхамшгуудын нэг бол үр хүүхэдтэй болох билээ. Оюутан байхдаа хүүхэдтэй болсноо мэдээд гайхаж айж бас балмагдаж билээ. Хамгаас түрүүнд хичээл сургууль, өмнөх амьдрал, өөрийн гэр бүлээ бодовч хүүхдээ хайрлах сэтгэл минь бяцхан үрээ хорвоод мэндлэхийг тэсэн ядан хүлээх хүлээлтийг бий болгосон юм. Хэвлийд бүрэлдэхээс нь хайрлан энхрийлж, хамгийн их дурлах амттанаасаа хүртэл татгалзаж 9 сар тээсэнсэн. Одоо би үрийнхээ төлөө амьдардаг эх хүн.

Үр хүүхдээ жаргалтай байлгахын тулд юу ч хийж чадах эрч хүчийг охин минь надад ээжээ гэж хэлэхийнхээ төдийд л өгдөг. Үндэс мөчир минь ургаад улам сайхан мод болох хүртэл би түүнийхээ аз жаргалын төлөө амьдрах болно магадгүй цаашид ч энэ утга учир үүрд миний цээжинд оршин байна. Яагаад гэвэл түүний минь аз жаргал миний аз жаргал билээ. Эргээд бодохоор би эх хүн болчихжээ. Ээжийнхээ сэтгэлийг ойлгохгүй уурлаж эхийн зовлонг мэдрэлгүй эрхэлж өссөн айлын ууган охин өөрийн үрээ төрүүлж өрхийн нэгэн багана болох үеэсээ л амьдралын балнаас амсаж аж төрөх болсон. Тэр бал гашуун бас амттай. Одоо миний охин 2 нас хүрнэ. Харин аав ээж нь залуу хүмүүс. Бидний аз жаргалын зангилаа болсон жаахан охиноо хайрлаж бид 2 амьдралын төлөө зүтгэж яваа эрч хүчтэй залуу хүмүүс билээ.


Дэлгэрэнгүй...

Sunday, June 15, 2008

Мөнгөгүй залуу хүний сурахын зовлон

Залуу хүн мэдлэгтэй байх ёстой эрдэмтэй байх ёстой чадвартай байх ёстой л гэнэ... Энэ чухам юуг хэлээд байгаа юм бэ? гэж би өөрөөсөө асуулаа... Дээр нь бас залуу хүн мөнгөгүй байх нь ичих хэрэг биш эрдэмгүй байх нь ичгэвтэр асуудал гэж зэмлэх ахмадууд алдартнууд цөөнгүй... Тэгээд залуу хүн яах ёстой болж таарч байна... Сурах мэрийх хичээх. Гэтэл бидний өнөөдрийн боломжийг аваад үзье Нээрээ л би сурахгүй бол ирээдүй харагдахгүй нь гэж бодоод за суръя, мэдье гэтэл бидэнд бүх зүйл мөнгөөр үнэлэгддэг шүү дээ. Мөнгөгүй байж сурах тухай бодоод ч хэрэггүй шүү гээд сургууль, сургалтын төв, сурах бичиг, ном дэвтэр, сургагч багш нь хүртэл мөнгө нэхээд байхад бид яаж мөнгөтэй болохын тулд сурах сурахын тулд мөнгөтэй болохоо зохицуулах вэ? Энэ бас л хувь хүний асуудал байх л даа.Гэхдээ мөнгөтэй хүний хүүхэд сайн боловсрол эзэмшиж бас мөнгөнд санаа зовохгүй болохоор хичээлдээ хамаг л анхаарлаа хандуулан суралцаж байж өнөөгийн нийгмийн элитүүдийн тоонд бичигдэж эрдэм мэдлэгээрээ гайхуулж мандах бадрахын үүд нь нээгдэж байна шүү дээ. Тэгэхээр залуу хүн мөнгөгүй байх нь гутамшиг мөнгөгүй учраас сурч чадахгүй байх нь бүр ч гутамшиг харамсал болж таарч байгаа биз. Энэ яг л чөтгөрийн цикл гэсэн үг. Тэгээд нөгөө залуу хүн маань ид сурч мэрийх насандаа мөнгөгүйн улмаас ажил хийж мөнгөний эрэлд гарна. Сурахын тулд мөнгө цуглуулна гэдэг бол наад захын л асуудал түүнээс цааш мөнгөтэй холбоотой үй түмэн асуудал бас бий. Ажиллаад л байдаг ажиллаад л байдаг. Сая нэг суръяа гэтэл бидний хүнтэй сууж хүүхэд гаргаж гэр бүлийн төлөвшилд өөрийн эрхгүй орох нас нь түүний сурах хүслийнх нь хаалгыг хааж суух гэрлэхийн үүдийг нь тогшино доо. Ингээд хөөрхий залуу хүн мах цусны тасархай улаан нялзрай хүүхдээ тэжээхийн тулд ажлаасаа үл гаран цаашид амьдралын хар бор өдрүүдийг тэвчин сурах хүслээ мөнгө олох хүслээр солин ажиллах болно. Энэ залуу хүн ингээд хэзээ ч сурч чадахгүй болох нь. Ээж аав нь амьдралын боломж муу, эргээд тэтгээд байх ах дүү байхгүй л бол хичнээн сайхан сурах хүсэл байгаад ч энэ нийгэмд хаагдмал юм.


Дэлгэрэнгүй...

Tuesday, May 27, 2008

Гадаа сайхан байна

Салхи шинэхэн нахиалсан залуу ногоон моддын өтгөн навчистай холилдон сэрчигнэж чихнээ сонсдох чимээнд чимэг нэмнэ. Гэхдээ гадаа тийм ч таатай дулаан биш байгаа ч өдрийн наранд ээгдэхийг хүссэн түмэн хүний хүслийг дагуулсан хамгийн сайхан эгшин бол мэдээж сэрүүн салхи сэжигтэй, тааварлашгүй цаг агаар байх хэмээн би бодном.

Өнөөдөр ийм өдөр байлаа ч эрч хүчтэй эхлэлтэй байх ёстой юм.


Дэлгэрэнгүй...

Monday, May 26, 2008

Өнөөдрийн миний бодол

Өнөөдөр гадаа бороо, цас, салхи шуурга, нарлаг дулаан гээд жилийн 4 улирал ээлжлэн хүмүүсээ !!! байгаль дэлхий бол гайхамшгийн дээд юм та нар байгалийн зан араншинг урьдчилан мэдэх гээд ч таашгүй нууцлаг билээ хэмээх мэт өнгө төрхөө өөрчлөн үгээр хэлэхийн аргагуй сонирхолтой сайхан өнгөрлөө.


Дэлгэрэнгүй...