Wednesday, January 28, 2009

Эмэгтэйчүүдийн ЭЭЖ болох хүслийг хязгаарласан УТАА

Ээж болох гээд хөөрцөглөж явсан найз маань хүүхдээ алдсан гэсэн хүйтэн мэдээг өчигдөрхөн сонсов. Хичнээн их баярлаж байсныг нь бодохоор хэлэх үг олдсонгүй ээ. Уйлан хайлан ярих найзын маань хэлснээр бол утаанаас л бүх юм болж. Бурхан минь, энэ аймаар утаа бидний ээж болох эрхийг хязгаарлаж байгаа гэж үү. Цонхоор харвал суунагласан их утаа, манарсан их угаар. Хэвлий дэх үрээ алдаж хичнээн ээж энэ утаанаас болж уйлсан бол оо.

Сэтгэлээ онгойлгох санаатай сонин гарчиглалаа. Юу вэ энэ чинь арай ч үгүй байлгүй дээ. Дугуй түлж өвөлжсөн тулгар эхийн уушиг цоорч амиа алдаж гэнэ. Арай ч дээ, бид чинь ямар хотод амьдраад байгаа юм бэ. Үндсэн хуульд заагдсан өнөөх эрхүүд маань хаана байна аа. Зөөлөн суудал, амтат хоолондоо мансууран, албан тасалгааны цонхоор амьдрал сайхан хэмээн дуулж байгаа эрх баригчид энэ их утааг олж хардаггүй юм болов уу.

Стастистик мэдээг сонирхлоо. Өнгөрсөн онд 68 мянган эх амаржсаны 10 хувь нь амьгүй төржээ. Өөрөөр хэлбэл, өсөлтгүй жирэмсэн гэдэг оноштойгоор цөөнгүй ээж эмнэлэгт ирж эмчлүүлсэн гэсэн үг. Хэдийгээр эцэг эхээс удамшсан євчин, чанарын шаардлага хангаагvй хоол хvнс нь урагт нєлєєлж байгаа ч агаарын бохирдлоос шалтгаалсан тохиолдол илүү давамгайлж байгааг эмч мэргэжилтнүүд сануулах болсон. Дөрөвхөн сартай ургийн уушиг дөчин жил тамхи татсан хүнийхээс илүү хордсон байсан талаар ч шинжээч эмч ярьж байна.

Тамхи татвал таван нас архи уувал арван нас” хэмээн цэцэрхэн суугаа монголчуудын маань уушиг болохоо байжээ. Тамхи татаад өөрийнхөө уушгийг хордуулж байгаа эрийн өөрийнх нь хохь бол ээжийнхээ сүүг хөхөж амжилгүй энэ хорвоогоос буцаж байгаа энхрий үрсийг хохь нь гэмээргүй байна. Улаанбаатат ноогдох агаарын бохирдолын хэмжээг килограммаар тооцвол нэг хүнд 183 килограмм оногдож байгаа талаарх судалгааг зарим төрийн бус байгууллагууд хийсэн юм. Харахад зүгээр л нэг тоо. Харин цаана нь хичнээн аймшигтай өвчин, үхэл заналын аюул нуугдаж буйг хэлэхийн аргагүй билээ. Өрхийн эмнэлгүүдийн эмч нарын яриагаар бол “өсөлтгүй жирэмсэн” оноштойгоор эмчлүүлэх эхийн тоо өвлийн цагт нэмэгддэг юм байна. Гэтэл эрх баригчид маань инфляцитай хөөцөлдөж онол ярьж, тоо хөөцөлдсөн шигээ сууна. Эдийн засгийн хямралд өвдөг сөхрөх Монголын ирээдүй өнөөдөр эхийн хэвлий дотроо эндэж байна. Энэ хэний буруу вэ. Эрүүл мэндээс илүү чухал юм энэ хорвоод байдаг гэж үү. Ээж болохоос илүү жаргал эмэгтэй хүний хувьд байдаггүй юм шүү, эрх баригчд аа. Дөрвөн жилийн өмнөөс л “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж Улаанбаатарыг утаанаас салгахаа амалсан эрх баригчдын гоё үлгэр цагаасан цаасан дээр хэрэгжиж, цагаа тулахаар амьдрал дээр жаргав бололтой. Яармагийн дэнж, Зурагтын хорооллуудыг барилгажуулж, бага дунд орлоготой иргэд байранд амьдарна хэмээн сайхан үлгэрээр санааг минь хуурсан эрх баригчдаас энэ бүгдийг нь асуумаар байна.

Жил ирэх тусам бохирдол нь ихсэх Улаанбаатарын агаараас ургаа алдах эхчүүдийн шаналалыг эд мөнгөөр хэмжиж болно гэж үү. Сайхан амлалттай “Эрүүл монгол хүн” хөтөлбөр нь хаана явна. Энэ хөтөлбөр хэнд “үйлчлээд” хэнийг эрүүлжүүлээд байгааг нь үнэндээ мэдэхгүй байна. Эхийн хэвлийдээ ураг нь эндэж, энхрий жаахан үрс маань хорт хавдраар шаналж байхад “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг ярьсан шигээ суух эрх баригчдад би гомдоод байна. Эрүүл саруул хүүхэд төрүүлж, эрүүл саруул амьдармаар байна. Би ээж болмоор байна.

Ж.ЭРХЭС

http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=35474

1 сэтгэгдэл:

Anonymous said...

Ай энэ утаа ---- УТАА гэж хэлэхээс айж байна шүү. Олон арван эмэгтэйчүүд УТАА гэдэг үгийг үгийн сангаасаа авч хаясан. Тэд УТАА гэсэн үгийг сонсохоор нүд нь харанхулж дотор нь давчиддаг байх. Эмэгтэйчүүдийгээ ЭЭЖ боломоор байвал УТААНБААТАРаас хол очиж хэвлий дэх үрээ бойжуулж эсэн мэнд хүүхэд төрүүлээч гэж хэлмээр байвч Ажил, Амьдрал нь Утаанбаатарт байгаа болохоор... Арай энэ төр засагт ард иргэдээ УТААн дотор амьдруулах далд санаа байна уу. Арай арай арай. Манай Монголчуудыг үргэлж хордуулж хордуулах ажиллагаа явуулаад байдаг урд зүгийнхэн манай төр засгийг атгачихсаан УТААны эсрэг ажил хийлгэхгүй бариад байгаан биш биз. Тэр ХАЛАМЖийн олон арван тэрбум ЯМААнд өгдөг 30 тэрбум. Бүгдэнгээс нь ганц удаа татгалзаад ГЭР ХОРООЛОЛоо барилгажуулах БОЛОМЖ байгаа юм шиг харагдаад байх юм. ХЭН нэгэн этгээдүүд УТААНБААТАРыг УТААнаас салгахыг хүсэхгүй байгаа юм уу ТӨР ЗАСГИЙНХААН