Friday, January 9, 2009

Улстөрчид албан тушаалыг ажил гэж ойлгодоггүй

Албан тушаалыг “ажил” гэж ойлгодоггүй улс төрийн намууд Монголбанкны дэд, тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг ч шагналын “бялуу” гэж харж байгаа гэдэгт итгэлтэй байна-

Улстөрч гэдэг универсал мэргэжил өнөөгийн Монголд сонгодог утгаар бий болсныг нотлон УИХ улс орны эдийн засгийн удирдлага дээр эрхэм “улстөрч”-ийг аваачиж тавив. Шаардлагатай мөч тохиолдоход тэдний хэн нь ч сайн эмчээр л мэс засал хийлгэнэ үү гэхээс биш сайн улстөрчөөр хагалгаа хийлгэнэ гэж тэнэгтэхгүй нь лавтай билээ. Мэргэжил гэдгийн мөн чанар нь ийм атал Монголын улстөрийн хүрээнийхэн өөрсдийгөө хаана, юу ч хийж чадна, дуртай салбартаа удирдлага нь байж болно гэж эндүүрсээр ирэв. Улстөрч гэхээр л Будда ч болдог, Есүст ч хувирдаг “төгс” хомосапиенс гэж өөрсдөдөө итгэцгээсэн байна.

Уг нь улстөрч гэж хэнийг хэлэх нь ч шалгуур үзүүлэлттэй ойлголт боловч өнөөгийн Монголд УИХ-ын гишүүн, гишүүн байж үзсэн, улс төрийн намын шугамаар өндөр албанд ажиллаж байсан хүн бүрийг “улстөрч” гэж өргөмжилж буй юм. Яг ийм хүрээнд хамаарах, МАХН-ынхаа шугамаар дэвшсээр Төрийн өмчийн хорооны дарга, түүнээс ахиад УИХ-д сууж байсан “хуучны” нэг боловсон хүчнийг өчигдөр Төв банкны ерөнхийлөгчөөр томиллоо.

Төв банк гэдэг бол эдийн засгийн харилцааг зохицуулагч мөнгөний бодлогыг тодорхойлох учиртай тархи, мэдрэлийн тогтолцоо юм. Энэ байгууллагыг удирдах, төвийн сэтгэгч нь байх учиртай ерөнхийлөгчөөр мэргэжлийн бус хүнийг томилж байгаа нь олон нийтэд айдас авчирлаа. Эдийн засгийн хямралыг хэдийнэ мэдэрч эхэлсэн монголчуудын айдас, түгшүүрийг улам лавшруулж, даажигнах гэсэн шиг ийм хачирхалтай томилгоо хийв. Эдийн засаг гэдгийг энгийн төвшинд мөнгө л гэж ойлгодог. Мөнгө гэдгийн цаана банк гэсэн ойлголтыг багтаадаг болохоор ийм эгзэгтэй цаг үед төрийн мөнгөний бодлогыг мэргэжлийн хүнд даатгасан бол олон хүнд итгэл, найдвар төрөх байлаа. Энэ бол мэс заслын орон дээр гарчихаад сайн улстөрчийг биш эмчийг сонгоно гэдэгтэй л адил энгийн зүйл. Нэг их ухаан зарахгүйгээр ойлгочихож болох ийм алхмыг хараад Ардчилсан нам дуугүй толгой дохиод өнгөрөх нь харамсмаар.

Гүйцэтгэх засаглалын төвшинд МАХН, АН хамтарсан ч гэлээ УИХ-ыг бүрдүүлж буй хоёр гол хүчний харьцаа олонх, цөөнх хэвээр байгаа билээ. Цөөнх нь олонхио хянах ёстой. Гэтэл нүдээ олоогүй алхам бүрт нь гутлыг нь үдэж өгдөг, “хянах” эрхгүй сөрөг хүчний дүрд АН шилжжээ. Тус нам дотроо Монголбанкны ерөнхийлөгчийг солих сургаар ажилгүй байгаа зарим нэг хүнээ хавчуулаад авъя гэдэг зүйлийг ярьж, өмнө нь Батлан хамгаалах салбар, уулын баяжуулах үйлдвэр зэргийг удирдаж байсан нэгэн эрхмийг дэд ерөнхийлөгчид дэвшүүлэх саналыг хүртэл гаргасан гэнэ. Үнэхээр ийм яриа болсон байсан дорвол “Монголбанкны ерөнхийлөгч хэн байхаас төрийн мөнгөний бодлого, эдийн засаг хамаардаггүй” гэж шулуухан хэлчихсэн бол илүү дээр байлаа.

Монголбанкны ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Пүрэвдорж эдийн засгийг төлөвлөдөг байх үед Худалдааны техникум төгсгөжээ. Хожим нь МУИС, ОХУ-д Нийгмийн ухааны академи дүүргэсэн гэж албан ёсны намтарт нь дурджээ. Ажлын туршлагыг сөхөж үзвэл Худалдааны чиглэлийн яамдын дэд сайд, Төрийн өмчийн хорооны дарга байсан аж.

Гэхдээ асуудлын гол нь Пүрэвдорж гэдэг хүндээ бус, ажилд тавьж байгаа монгол төрийн бодлогын тухай ярьж байгааг эрхэм уншигч ойлгосон байх. Үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөхүйц нарийн салбарууд дээрээ улстөржсөн шалгуураар удирдлага тавьдаг энэ зуршил сайныг авчрах нь юу л бол.

Пүрэвдоржийг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилох болсон үндэслэлээ УИХ-д юу гэж тайлбарласныг нь харъя. Хуулийн дагуу түүнийг УИХ-д санал болгосон Д.Дэмбэрэл “Л.Пүрэвдорж УИХ-тай ойлголцох чадвартай” гэдэг үндэслэлийг гол болгожээ. Энэ чадвар мөнгөний бодлогыг тодорхойлоход хэр чухлыг ойлгох хэцүү. УИХ мэргэжлийн бус байгууллагынхаа хувьд мөнгөний бодлогоор Монголбанкны саналыг сонсч, ойлгож, дэмжиж ажиллах ёстой болохоос бус өөрийгөө ойлгуулахыг чухалчлах ёсгүй шүү дээ. Эсвэл энэ Их хурал гэдэг чинь бусадтай ойлголцоход амаргүй “даваа” болсон хэрэг үү.

Одоо Монголбанкны ерөнхийлөгчийн дор ядахдаа мэргэжлийн баг ажиллуулна гэдэгт найдах л үлдэж байх шив. Дэлхий ертөнц дээр юу болоод байгааг ММ -ийн мэдээгээр биш арай урьтаад СNN-ээр үзчихдэг, мэргэжлийн чиглэлийн гадаад хэлний анхан шатны боловч мэдлэгтэй, орчин үеийн оффист ажиллах чадвартай /ядахдаа компьютер гэх мэтийг ашигладаг /төв банкны удирдлагатай баймаар байна 21 зууны монголчууд. Сүүлийн жилүүдэд барууны улс оронд эдийн засгийн чиглэлээр амжилттай суралцсан олон залуучууд Монголд бий. Тэд хаана байна ? Бараг амьдаараа “үлэг гүрвэл” болчихсон хэдэн улстөрч хэмээгдэгчид л Монголын хувь заяаг шийдээд байх юм.

Эцэст нь банкны шинэ Ерөнхийлөгчийг мэргэжлийн баг бүрдүүлнэ гэж найдах нь илүүц биз ээ гэдгийг сануулъя. Яагаад гэвэл албан тушаалыг “ажил” гэж ойлгодоггүй улс төрийн намууд Монголбанкны дэд, тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг ч шагналын “бялуу” гэж харж байгаа гэдэгт итгэлтэй байна.

З.БОРГИЛМАА http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=33789

0 сэтгэгдэл: