Sunday, September 21, 2008

Хайрлахгүйгээр амьдрах сайхан байдаг уу, Мүүнээ

Нийтлэлийн эхэнд илүү дутуу зүйл өгүүлэлгүйгээр ноён Мүүнээс нэгэн асуулт асуухыг хүсдэгээ дэлгэе. Дурлахгүйгээр үнсэлцэх, дурлахгүйгээр, хайрлахгүйгээр амьдрах хоёрын хооронд хэр холын ялгаа байдаг вэ гэж. Гэхдээ энэ нь дурлахгүйгээр үнсэлцэж болно гээд эрээ цээрээгүй аяглахыг зөвтгөж буй хэрэг биш. Ингэж тодотгох шалтгаан нь адилтгах хэрэгсүүрт арай илүү дөхөм болж буйд байлаа. Дурлахгүйгээр үнсэлцэх тохиолдолд олон юм бодоод байдаггүй залуус өнөөдөр цөөнгүй бий. Гэсэн ч тэдний дунд бодит амьдралыг туулах ирээдүйн ханьдаа итгэхгүй, түүнийгээ хайрлахгүй, хүндлэхгүй босгоод явдаг залуус тун ховор. Гэвч хүмүүсийн эрхэм гэж хэлж болохуйц тэр сэтгэхүйг, бас бодит тэжээлийг хөсөр хаяж, гаргуунд нь гаргаж буй Мүүн ноёнтон болоод түүний хатагтайд эсэргүүцэл зарлахыг хүсч байна. Учир нь, тив алгасан амьдрах эсрэг хүйстнийхээ зургийг харчихаад л дурласан мэт, хайрладаг мэт амьдрах нь хүний амьдралын үнэ цэнэ юм уу.

Үнэхээр л Мүүн ноёны олон зуун мянган зураг өмнөө тавьж байгаад Монгол Улсын хөдөөгийн бөглөө суманд аж төрдөг Цэлмэг гэгч эмэгтэйн ханийг сонгоод өгчихдөг тэдний мэргэн ухаан, далд совинд итгэх ёстой юм уу. Гэхдээ энэ хийсвэрлэл нь манайд энх тайвны төлөөх гэсэн төрийн бус байгууллагын хаягаар орж ирж байгааг буруу зөвийг дэнслээд ойлгочих эрүүл ухаантай хүн бүр мэддэг болсон. Гэвч тэдний цаана амьдралын хүнд дарамт, аав ээжийн хайрлах сэтгэлгүй гутамшигт байдлаас үүдэж үнэнийг ойлговч, итгэж чадахгүй тархиа жолоодуулах хүн манай улсад олон байдаг аж.

Өнгөрсөн долоо хоногт гэхэд л Сүхбаатарын талбайд ноён Мүүний энх тайванч үзлийг дэмжиж ямар олон залуус цугларав. Дэлхий нэг дээвэртэй хэмээх даярчлалын тухай үзлийг шашны бохир урсгалдаа тэд өлгөөд авчихсан. Дэлхийн хөгжил нь дээвэр туургагүй, хавтгай байх шаардлага өнөөдөр гарч ирж буй нь үнэн. Гэвч гэрлэх хийгээд хайрлах хүсэлд дээвэр туурга байх нь ёстой гэдэг нь зүйн хэрэг. Амьдралын үнэ цэнэ үүнд л байдаг биз дээ. Уг нь Сүхбаатарын талбай дээр эрх чөлөөгөө илэрхийлэх эрх нь Монголын ард түмнээс өдрөөс өдөрт холдож байгаа. Тэгэхэд зүгээр нэг шашны номлогч Өмнөд Солонгос эр гарч ирээд баяр бахдалтайгаар гаж үзлээ дэлхийн энх тайвнаар халхавч хийн “Монголчуудаа, дэлхийн энх тайвны төлөө хамтдаа зүтгэцгэе” хэмээн уриалах нь огиудас хүрмээр.

Иймд дэлхийн энх тайван гэгч уриан дор нэгдэж буй залуусыг ямар үзэлд, хэний уриалган дор хөгжил хөөр болж буйг үргэлжлүүлэн танилцуулая. Өөрийгөө Есүстэй уулзсан хэмээн номлодог Сан Мён Мүүн нь 1920 онд Солонгост төрсөн нэгэн. Япончуудад ихээр дарлуулсан солонгос түмэнд худал сүсгийн баатар хэрэгтэй болсныг ойлгосон тэрээр нэг л өдөр “Би Есүстэй уулзсан. Би түүний элч, та бүхнийг аврах элч нь байна” хэмээснээр өөрийн гаж урсгалын хөгжил цэцэглэлтийг эхэлсэн байдаг. Цаашлаад, Адам, Ева хоёр бэлгийн сонирхлоо тэвчилгүй нүгэл үйлдсэн гээд олон хүнийг тэр нүглээс нь холдуулахын тулд “цус тусгаарлах ёс” гэгчийг санаачилсан. Энд мөнөөх хайр сэтгэлгүй амьдрал буюу Мүүнийн ивээлд орж аврагдахын тулд зааж өгсөн холын хүнтэй нь гэрлэх үнэнч үүргээ биелүүлэх гарцаагүй байдалд шүтэгчид нь ордог. Амьдралынхаа туршид олон удаа шорон оронд орж, торгуул төлж, ял шийтгэл сонсч ирснийг хэн нь ч тоодоггүй бололтой. Тэр ч бүү хэл өдрөөс өдөрт түүний гаж үзэгдэлд дэлхий нийт итгэсээр байгаа бөгөөд зөвхөн 1995 онд гэхэд л дэлхийн 100 орчим улсад нийтдээ нэг өдрийн дотор 720 мянган хүн Мүүнийн тушаалаар хуримын ёслол үйлдэж байжээ.

Би христийн шашин шүтдэггүй. Гэхдээ хүссэн хүсээгүй орчин үеийн шаардлагаар унших ёстой учраас “Хуучин гэрээ”, “Шинэ гэрээ” гэрээг уншиж байсан. Бас мүүнийзмийн тухай ойлголт ч өөрт минь бий. Бас гайгүй гэсэн боловсролтой, өөртөө итгэлтэй, юу шүтэж, юунаас татгалзах ёстойгоо мэддэг олон хүнийг танина. Харамсалтай нь, тэдний чамгүй хэсэг нь мүүнийзмийн Монгол дахь үйл хэрэгт ажлын шаардлагаар холбогдсон байдаг. Тэд хэзээ ч цусан тангараг өргөж, ариун хайрын тухай худал хуурмагийг номлохгүй ч ёслолынх нь арга хэмжээнд оролцож, улаан дарс шимээд суух нь бий. Энэ хүмүүс яагаад хүсээгүй зүйлийнхээ төлөө хүслийн боол мэт мэт үйлдэл хийдэг вэ. Энэ асуултын хариу нь тун энгийн. Тэнд мөнгө байдаг болохоор тэр.

Өнөөдөр манай улсад Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалт ихээр орж ирж буй. Үүний цаана мөнөөх л үнэнч хайрын тухай, алсын удирдлагатай дурлалын тухай номлолын далд хүч бий гэвэл худлаа болохгүй. Харамсалтай нь, дэлхийн энх тайваны тухай номлолд манай улстөрчид нь хүртэл тархиа мэдүүлчихсэн. Мэдээж тэд бол Мүүнийг дагаж орж ирэх хөрөнгө оруулалт, сул мөнгө, ашиг хонжооны төлөө итгэсэн дүр үзүүлж байгаа нь тодорхой. Харин тэдний золиосонд амьдрах хүслээ бэлэн зэлэн боломж бололцоонд дулдуйдаж биелүүлэх гэсэн олон мянган залуус, аав ээжийнхээ хайр халамжийг бусдаас эрж хайсан бяцхан жаалууд өртөж байна. Тэд бүгдээрээ цаашдаа Мүүнизмийн боол болно. Боолын амьдралаа насан туршийн аз жаргал хэмээн тунхаглана.

Бурханы шашныг төрийн шашин болгоё гэдэг мөрийн хөтөлбөр боловсруулсан улс төрийн нам УИХ-ын сонгуульд өрсөлдөж байхад арга ч үгүй юмуу даа. Шашин бол шашин л байх ёстой. Түүнээс бус бүхэл бүтэн төрийг удирдах, төрийн өндөрлөгүүдийн ард олныг муйхруулж, өөрийнхөө араас хуй салхи мэт дагуулах гэсэн хэрэгсэл нь шашин биш. Манай улстөрчид ингэж аягладаг болохоор Мүүн ч ингэж элэг барих нь аргагүй бололтой, аймар юм. Энэ бүхнийг харахаар дургүй хүрч байна. Мэдээж дургүйцлээ илэрхийлэх эрх байгаа нь л сайхан юм даа.

эх сурвалж http://publish.news.mn/show?id=466

1 сэтгэгдэл:

nayannaim said...

Дэлхий дээрхи амьдрал тун чиг богинохон шүү дээ. Зүйрлүүлбэл: Хэдэн найзуудтайгаа дарвиад, нилээн больж гэнэ. Олон нийтийн газраар биеэ зөв авч яваагүй, цагдаагийн шаардлага биелүүлээгүй этр гээд жаал паагтлаа аж дээ. Тэгээл яахав жүүлэхрүү гусчихдаг байхгүй юу. Ээ тэгээл тэнчээ чинь цамнаал, та нар намайг мэдэх үү, би тэрний найз, тэрний дүү, тийм газар ажилладаг, та нарын мөрдсийг хуулуулнаа яахав этр гээл орилж гарна биз дээ. Ууг нь маргааш өглөө нь жүүлэхийхээ төлбөрийг төлөөл гарчих юмыг л хүний хүүгийн орж болдгүй бузар газар ороод ирчихсэн юм шиг л эмзэглээл, хавь ойрыхонтойгоо хэрүүл маргаан дэгдээгэл. Уг нь тэнчээнээс өөр газар тааралдвал адилхан л ажил амьдралтай хүмүүс байгаа шд. Маргааш өглөө нь араапортон дээр хулхи нь буучихсан амьтан гөлөс гөлөс гээл, бушуухан шиг тооцоогоо хийгээд, хураалгасан (хадгалагдсан) утас түрийвчээ бүртгэж аваал гардаг. Тэгээл нөгөө гаруудтайгаа уулзаад пижгэнэтэл инээлдэж аваад л хоол унд идсэн болонгуут л сэтгэл онгойчихно шүү дээ. Хээээ тэнд тэгэж цамнасанаа бодохоор ичих шиг болно. Тэгээд ч ахиж тийшээ очихыг хүсэхгүй нь мэдээж.
За даа дэлхий дээрх амьдрал энүүхэн төдийтэй л төстэй юм уу даа. Жүүлэхэд хэн юу гэж, яаж цамнах, үнэн худлаа нь мэдэгдэхгүй олон юм гуцдаг нь ер нь юу ч билээ дээ, үхсэн хойноо.
Энэ амьдралд аятайхан хэдэн жилийг аргацаагаад л бушуухан харихаа бодож амьдрах хэрэгтэй. Жүүлэхийн тор эвдэж, цагдаагийн хувцас урж, элдэв янзын торгууль төл, аягүй бол 10 хоног баривчлагдах этр юу нь хэрэг байхав. Аятайхан байна гэдэг нь: Рапортон дээр зогсохдоо "За энэ ч гайгүй хоносымоо. Элдэв ааш зан гаргаагүй..." гэсэн юм яриулаал гарахаа бодох тухай юм. Тэр элдэв янзын урсгал, үзэл санаа бол итгэхийн аргагүй, баталгаа байхгүй. "Би батлан хамгаалахын сайдын дүү, би цагдаагийн даргын ах, би Мөрөн генералын баз энэ тэр гээл бүлтэрцгээж л байдгийн. Тэглээ гээд тэр нэрлэсэн хүмүүс нь ирээд гаргаад авчих нь юу л бол. Үнэхээр яахав, Намбарын Энхбаярын эгчийх нь хүүхэд бол дүүрсэн хэрэг, тэгэсгээд, утасдуулаад гарчих байх. Ийм л юм шдээ эцсийн эцэст Энхмаа минь.