Saturday, September 13, 2008

Ард түмний ёс суртахууныг завхруулах макро менежмэнт

1492 онд Ромын пап лам Иннокентий YIII нас барж Ватиканы заншил ёсоор шинэ папыг сонгох болжээ. Пап ламд өөрийгөө нэр дэв­шүүл­сэн нэгэн эрхэм бол Испа­нийн Валенсаас гаралтай, энэ үед Ромын папын тамгын газрын дэд даргын алба ха­шиж асан Родриго де Борджа гэгч байжээ. Албан тушаалаа ашиглаж асар их баяжсан тэрбээр санал өгөхөөр хү­рэл­цэн ирсэн ширээт лам нарт баруун, солгойгүй мөнгө та­рааж, өөрийг нь сонговол албан тушаал, газар нутаг, орд харш өгөхөө хайр найргүй амлаж байв. Ширээт лам Орсини, Монтичелли ба Сариани хэмээх хоёр шилт­гээнийг өгвөл саналаа өгө­хөөр болж.

Ширээт лам Ас­канио Сфорца, дөрвөн луу­санд ачих цэвэр мөнгө өгөөд дээр нь тамгын газарт ашиг олох албан тушаалд томилбол саналаа өгөхөө мэдэгдэж гэнэ. Ширээт лам Колонна өгөх саналынхаа хариуд гэ­гээн Бенедиктийн эдлэнг ава­хаар тохиролцов. Ийм маягаар Борджа, са­на­лаа худалдчих хүн бүртэй наймаа ярьж тохиролцож бай­сан бөгөөд хоёр хүн л бусдаас онцгой авир гарга­жээ. Нэг нь Венецийн ширээт лам, 95 настай Черардо гэгч ямар ч авлига, шан харамж нэхэлгүй саналаа өгсөн гэнэ. Хожим нь түүнийг дэндүү өндөр наслаад ухаан муудаж зөнөсөн учраас ингэсэн гэлц­дэг юм. Нөгөө нь бас Вене­цийнх агаад уг нь сахил хүрт­сэн гэлэн лам байж. Тэр лам таван мянгахан крон нэхээд, мөн дөнгөж 12 нас хүрээд байсан хайрт охин Лукре­цийтэй нь нэг шөнө унтахыг хүсч байгаагаа нэр дэвшиг­чид дуулгажээ. Род­риго де Борджа, Лукреций охиндоо ухаангүй хайртай нэгэн, түү­нийгээ бусдаас хачин их харамлан харддаг байсан гэдэг. Гэвч тэр гайтай ламын ганцхан санал дутан хяссанд яаж ч чадалгүй охи­ноо нэг шөнө түүнтэй унтуу­лахыг зөв­шөөрсөн ажээ. Ийн­хүү, мөнгө тараа­хаас эхлүү­лээд төрсөн охи­ноо худалдан байж зүт­гэс­ний үр дүнд Род­риго де Борджа пап ламаар сонгогдон, хүн төрөлхтний түүхэнд ёс сур­тахуунгүй, садар самуун байхын үлгэр дуурайллын охь манлай нь болсон Алек­сандр YI гэгч бий болсон ажгуу.

Александр YI, эрх мэдэлд хүрэхийн тулд хүний мөс жудаг гэх мэт сэтгэлийг мар­таж, урваж шарвахаас өгсүү­лээд хорлох алах ямар ч жигшүүрт хэрэг хийж чаддаг байх хэрэгтэй хэмээн хүүх­дүүдээ сургадаг, биеэрээ үлгэрлэдэг байжээ. Пап лам болохын тулд биеийг нь ху­далдаж байсан үзэсгэлэнт Лукреций охиноо дараа нь байнга улс төрийн зорилгоор худалдах болсон гэдэг. Хөв­гүүд нь тэр дотроо том хүү Чезара Борджа аавынхаа хүссэн тэр л хүү суу билэгт "хорчин найраачин"-аар то­дорчээ. Түүнээс болж Вати­кан үйлээ үзэж байв. Хор найранд нь автаагүй этгээ­дүүдийг алж цээрлүүлэх аж. Дүү Хуанаа, аавын онцгой хайр ивээлийг хүртэж, түүний ирээдүйн залгамжлагч болох вий хэмээн хардаж алсан гэдэг. Хайрт хүү Хуанаа ал­даж ихэд гашуудсан Алек­сандр YI, Чезараг дүүгээ алсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байсан боловч өөрийнх нь сургаалын амьд биелэл яв цав болж чадсан түүнийг бахдаад өршөөн хэлт­­рүүлжээ. Аав, хүү хоёр найрамдсан явдлаа тэм­дэг­лэн 500 рыцарь, 600 явган цэрэг, олон арван янхан да­галдсан сүрлэг ав зохион байгуулж байв. Аав, хүү хоё­рын хүмүүн ёсыг огоорсон жигшүүртэй араншин үнэ­хээр сүрдэм байсан нь Ник­коло Макиавеллийн бах­длыг төрүүлж "Эзэн ноён" хэмээх суут бүтээлээ туур­ви­сан юм. Макиавелли эл бүтээлдээ "Александр YI шиг... хүнийг хууран мэхлэгч байсангүй, ам тангаргийг хайр найргүй өгөх боловч мөн хайр найргүй түүнийгээ огоорон нулимдаг, гэхдээ түүний ямар ч хууран мэх­лэлт үргэлж амжилттай болж байсан, яагаад гэвэл тэр хүмүүний ертөнцийн энэ сул талыг онцсайнаар мэддэг байсан юм. Тэгэхээр, эзэн ноён шударга хүний дүрийг сайтар эсгэх ёстой болохоос үнэхээр шударга хүн байхыг хичээх шаардлагагүй" хэ­мээн Александр VI-г бусад ноёдод үлгэр жишээ болгосон байдаг. Мөн Чезара Борд­жа­гийн дүүгээ алсан зэрэг нүгэлт үйлүүдийг шинжин үзээд"... би түүнийг юунд ч буруутгаж чадахгүй. Харин ч эсрэгээр нь бусдын хүчийг ашиглах бо­ломж оноосон хувь тавилан­гийн элбэрлийг шүүрэн авч эрх мэдэлд хүрсэн бүгдийн үлгэр жишээ болгох хэрэгтэй" хэмээсэн байдаг. Энэ бү­тээл, зорилго нь арга хэ­рэгслээ зөвтгөнө гэсэн улс тө­рийн номлолын "библи" бөгөөд өнөө хүртэл олон улстөрчийн, увайгүй аран­шингаа нарийн ухаан мэт харуулан омогшдог шастир болсоор иржээ. Зарим суд­лаачид Никколо Макиавелли аав, хүү хоёрыг магтсан юм биш, харин тэр хоёроор дам­жуулан улс төрийн садар са­муун явлыг олон түмэнд илчилсэн гэж үздэг. Үнэхээр түүний бас нэгэн алдартай бүтээл болох "Тит Ливийгийн эхний дека­дын тухай эргэцүүлэл"-(цаа­шид "Эргэцүү­лэл" гэнэ)-ийг уншихад ийн бодогдохоор байдаг юм.

"Эргэцүүлэл"-ийг уншиж үзвэл, үүнийг "Эзэн ноён"-ыг бичсэн тэр хүн бичсэн гэхэд итгэмгүй хол зөрүүтэй утга агуулгатай. "Эзэн ноён"-доо Ромын гэгээнтнүүдийн улс төрийн садар самуун явдлыг Александр, Чезара нарын үйл ажиллагаагаар төлөөлүүлэн зөвтгөх маягтай байснаа "Эргэцүүлэл" дээрээ шууд, чухамдаа Ромын гэ­гээнт­нүүдийн улс төрийн садар самуун явдлын гайгаар Ита­лийн ард түмэн завхран до­ройтоход хүрсэн гэдгийг заан дайрч давшилдаг. Тэрбээр "...Энэ мэтээр үзэхэд, итали­чууд бид, юуны өмнө сүсэг бишрэлгүй болоод зальхай явдалтан болсондоо манай сүм хийд болон гэгээнт­нүү­дэд өртэй, үүгээр зогсохгүй мөхөх цондонгоо олж авсанд бүр ч их өртэй" хэмээн уулга алдан бичжээ.

Италийн ихэс дээдсийнх нь улс төрийн садар самуун явдал харц ардуудын амны зугаа байгаад зогссонгүй тэднийг нэн ихээр уруу татаж байв. Жованни Боккаччо ихэс дээдэстээ уруу татагдсан үндэстэндээ зальхай яв­далт­нуудыг жигшүүлэх санаатай "Декамерон" хэмээх ном бичээдэхсэн чинь тийм явд­лыг улам бүр моод болгосон байна. Ромын хорчин най­раа­чингууд нь мундаг ухаант хүмүүс хэмээн ард олноо хүндлэгдэн үлгэрлэн дуурайх "од" болж байв. Харин Фло­ренцийн Савонарола, шу­дарга байж зүрхэлсэн бараг ганцхан ламтан байсан бө­гөөд үүнийхээ улмаас ган­цаар­даж, хожим нь эгдүүцсэн олон түмний уухайн түрлэг дор шатаагдсан юм. Итгэл үнэмшил, шашин шүтлэг, баримтлах зарчмаа гээсэн тэр ард түмний, ёс сурта­хууны завхарлаа дэлгэсэн "итали карнавал" бусдыг гай­хуулж байлаа. Ямартаа л гэнэн сайхан сэтгэлтэй нэгэн британи эр Итали орноор аялаад гэртээ ирснийхээ дараа гэм зэмгүй ойр дотны­хоо хүмүүсийг хорлох гээд байдаг хоббитой болсон тухай ном Англид гарч бестселлер болж байх билээ. Шекспирийн зохиолууд дахь адгийн шаар албатай юм шиг Яго мэтийн итали хүн байдаг байжээ.

Хамгийн аюултай нь ёс суртахууны хүчээ алдсан ард түмэн эрх чөлөөгөө алдаж, мөхөх цондонгоо олж авдаг ажээ. Итали орон ийм байжээ. Үүнд л Макиавелли сэтгэл өвдөж уулга алджээ! Тэгээд сэтгэлийн зовиураа "Эргэ­цүүлэл"-дээ дэлгэн тавьжээ. Николло Макиавелли яагаад "Эзэн ноён"-доо улстөрч хүн ёс суртахууныг эрхэмлэх нь илүү зан гэсэн атлаа "Эргэ­цүүлэл"-дээ бүр эсрэгээр, улстөрчдийн увайгүй үйлдэл ард түмний ёс суртахууны хүчийг доройтуулдаг, ийнхүү ёс суртахууны хүчээ барсан ард түмэн эрх чөлөөгөө алд­даг хэмээн бичих болсны учрыг өнөө хэр сэтгэгчид тайлах гэж оролдсоор байдаг. Бертран Рассел, ёс журамгүй байх тухай номлосон "Эзэн ноён"-ыг ёс журамтай байх тухай номлосон "Эргэцүү­лэл"-тэй сөргүүлэлгүй, эвлүү­лэн зүйж үзсэн байдаг. Энэ тухай цааш нуршин өгүү­лэхийг түдгэлзье, юу гэвэл, Баруун Ромын эзэнт гүрэн мөхсөнөөс хойш доройтож буурсан Итали орон Гари­бальдийн үе хүртэл бусдад байнга доромжлогдон дарлуу­лахдаа "Эргэцүүлэл"-д бич­сэн үнэнийг улам бүр нотолж байсантай адил үйл явдал Чингэсийн эзэнт гүрэн нур­с­наас хойш монголчуудад хоёронтоо тохиож өдгөө гу­рав дахиа учирч магадгүй болоод байна.

Эхний хоёр тохиолдлыг эс нуршаад, гэхдээ тэдгээр хэ­рэг явдалтай холбогдуулан тэмдэглэхэд улс төрийн са­дар самуун явдалд нэвтрээд урваж шарвахаас өөр шидгүй болсон Монголын ноёдын "чин зориг, эх оронч үзэл"-ийн үнэ Манжийн хаан, Дундад иргэн улсын Ерөнхийлөгчийн өгч чадах хэргэм зэрэг, төлж чадах мөнгөний хэмжээтэй тэнцэхдээ тулсны гайгаар монголчууд үндэсний эрх чөлөөгөө алдсан байдаг юм. Ийн тэмдэглээд харин өнөө­дөр манай улстөрчдийн са­дар самуун явдлын уршиг ямар болох тухай өгүүлье.

Өнөөгийн манай улс­төрч­дийн нэгэн инээдэмтэй зүйл юу гэвэл өөрсдийнх нь улс төрийн садар самуун явдлыг бусад хүмүүс уншиж чадах­гүй байгаа юм шиг бодоод байгаа юм. Албан тушаалын төлөө урваж шарваж бай­гаа­гаа "эвтэй байхдаа хүчтэй" гэдэг лоозонгоор нуучихлаа гэж хөөрөөд. Гэтэл нүүрийг нь хараад аяыг нь дагуулж бай­гаа болохоос биш, эргээд явахад нь араас нь "урвагч" гэдэг үг чирүүлж байгаа хүмүүс зөндөө. Урваж олсон албан тушаалдаа очмогцоо өөрийнхөө амины амьдралыг өөд нь татах гээд зүтгэх болно гэдгийг гадарлаж л байна. Албан тушаалын төлөө үхэл­дэхүйн уг шалтгаан энэ гэд­гийг харин ч нийтээрээ мэдэж байна даа. Гэхдээ бид, улстөрчдийн садар самуун явдал нь амны зугаа төдий зүйл биш, монголчуудын ёс суртахууныг завхруулах мак­ро менежмэнт мөн болохыг ухаарахгүй байна. Улмаар ёс суртахуун нь завхарсан ард түмэн эрх чөлөөгөө алдах нигууртай гэдгийг бас ойл­гохгүй байна. Чухамдаа Макиа­велли, улстөрчид нь эрх мэдлийн төлөө ёс журам­гүйгээр үхэлдэн тэмцэлдэх нь эцсийн дүндээ тухайн ард түмний эрх чөлөөт байдлыг устгах макро менежмэнт юм гэдгийг "Эргэцүүлэл"-ийнхээ "Ёс суртахуунаар завхарсан ард түмэн эрх чөлөөгөө хам­гаалахад хүчин мөхөс­дөнө" гэсэн урт гарчигтай бүлэгтээ харуулсан билээ. Үнэндээ манай улстөрчдийн садар самуун явдал цадигаа алдсан тэр цагаас хойш олон түмэн маань ёс журмаа алдан Алек­сандр YI-гийн үеийн Ро­мын борчуул шиг завхарч эхэл­сэн. Тэгээд бид өнөөдөр Ма­киа­велли шиг "...Энэ мэ­тээр үзэхэд, монголчууд бид, юу­ны өмнө итгэл үнэмшилгүй болоод зальхай явдалтан болсондоо манай улстөрчид хийгээд намуудад өртэй, үүгээр зогсохгүй, мөхөх цон­донгоо олж авсанд бүр ч их өртэй" хэмээн уулга алда­хаар болжээ.

Өнөөгийн Монголын улстөрчдийн садар самуун явдлын амтыг хүртсэн хүн Манж Чин улсад монголчууд дагаар орохын өмнөхөн үеийн, ихэс дээдэс нь эд баялагт шунаж эрх мэдлийн төлөө үхэлдэхүй дор буй болгосон, хорон явуулга, урвалт шар­вал­таар дүүрэн амьдралыг оригоор нь амтлах мэт болно. Манай намын нэгэн партизан "намынхаа дээдчүүдийн ху­вирч өөрч­лөгдөж, урваж шарвахыг ха­раад монголчууд Манжид дагаар орсны учрыг сая л ойлголоо" хэмээн надад хэлж билээ.

Э.Бат-Үүл

Эх сурвалж ӨДРИЙН СОНИН

1 сэтгэгдэл:

Anonymous said...

[size=72][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]ENTER ON SOFTWARE PORTAL[/url][/color][/size]

[size=46][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]DOWNLOAD SOFT![/url][/color][/size]

[img]http://www.istockphoto.com/file_thumbview_approve/4762671/2/istockphoto_4762671-software-box.jpg[/img]

[size=46][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]OEM SOFTWARE[/url][/color][/size]

[size=72][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]DOWNLOAD SOFTWARE[/url][/color][/size]

[size=72][b]Cheap Ovangonott software programms Mac OS[/b][/size]
[size=72][b]Load Ovangonott software to PC[/b][/size]
[size=72][b]Download Ovangonott software programm to [/b][/size]

http://www.google.com/