Monday, September 15, 2008

Олимпийн тэнгэрт Монгол төрийн дуулал гурвантаа эгшиглэлээ

Хулгана жил монголчуудад ээлтэй байна. Бид хэдхэн хоногийн өмнө хүсэн хүлээсэн олимпийн аваргаа хосоор нь өлгийдөн авч, хүн бүхний нүүрэнд баярын мишээл тодорч билээ. Тэгвэл өчигдөр Монгол Улс бас нэгэн олимпийн аваргатай боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн буюу паралимпийн наадамд зодоглосон манай тамирчин, байтын ОУХМ Дамбадондогийн Баатаржав учраа бүрээ сөхрүүлсээр Бээжингийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Д.Баатаржав аварга болох замдаа дөрвөн удаа ялалт байгуулжээ. Чансаа тогтоох харваанд 618 оноо авч, зургаад эрэмбэлэгдсэн тул шууд шилдэг 16-д шалгарав. Үүний дараа Их Британийн тамирчин Мик Беардыг 104:91-ээр итгэлтэй хожжээ. Медальтай үлдэх эсэхээ шийдэх шөвгийн 8-ын тулаан хүндхэн болов. Тэр эзэн орны тамирчин Донг Житэй өрсөлдсөн ба гуравдугаар ээлжийн харваа эхлэхэд (тамирчид нэг ээлжинд гурав, нийт 12 сум харвана) оноо 78:78 болон тэнцээд байв. Харин манай хүн сүүлчийн хоёр сумаа 10 дээр зоосноор өрсөлдөгчөөсөө хоёр оноогоор илүүрхэн (106:104) хагас шигшээд шалгарсан юм.

Мөнгөн медалийн төлөө өрсөлдсөн Хятадын Чень Еган урьдчилсан шатанд 628 оноо авч, чансаагаараа хоёрт бичигдсэн эвгүй өрсөлдөгч байлаа. Гэвч Д.Баатаржав түүнийг зовох юмгүй буулган авав. (105:98) Ийнхүү мөнгөн медаль манай хүний халаасанд орлоо. Монгол Улс паралимпийн наадмаас анхны медалиа хүртсэн нь энэ. Энэ баярт явдлаас гурван цагийн дараа Д.Баатаржав алтан медалийн төлөөх харваагаа эхэллээ. Түүний өрсөлдөгч нь Францын Фабрис Муениер байв. Манай хүн хоёр дахь ээлжийн сүүлчийн харваандаа алдаа гаргаж дөрвөн оноо авсан нь байдлыг эвгүйтүүлж орхив. Оноо 49:44 болж, франц эр тэргүүлж эхэллээ. Харин гуравдугаар ээлжинд 26 оноо авснаар дутуугаа нөхсөн төдийгүй нэг оноогоор илүү гарчээ. Учир нь Муениер хоёр дахь сумаа дөрөв рүү илгээсэн юм. Ингээд сүүлчийн гурван суманд бүх зүйл шийдэгдэхээр боллоо. Д.Баатаржав өрсөлдөгчтэйгөө ижил оноо авахад л аварга болох нөхцөл үүсээд байсан. Шийдвэрлэх энэ харваанд тэр 24 оноо авснаар нийлбэр дүндээ 94:90-ээр ялалт байгуулж, алтан медаль монголчуудад ирсэн юм. Ийнхүү Д.Баатаржав Сидней, Афины наадамд шагналт байрт орж байсан амжилтаа огцом ахиулж, аваргын алтан медаль зүүсэн билээ. Энэ бол паралимп төдийгүй Монголын спортын түүхэнд тодоор бичигдэх том гавьяа. Түүний авсан алтан медалийн ачаар Монгол Улс 148 орноос 50-д жагсаж байна. Уг нь Монголын багийн медалийн тоо дахин нэгээр нэмэгдэж ч болох байсан. Мөн л байт харвааны төрөлд цэц сорьсон манай эмэгтэй тамирчин Б.Жавзмаа шөвгийн наймд үлдэхийн төлөөх тоглолтод Грекийн Анна Цикад 90:85-аар дийлдсэн юм. Хэрвээ хоёр дахь сумаа нойллоогүй бол түүнийг хөнгөхөн хожих байлаа. Б.Жавзмаа чансаа тогтоох харваанд 563 оноо авч, №7-д эрэмбэлэгдсэн билээ.

Ийнхүү "Бээжин-2008" паралимпийн XIII наадам монголчуудад тодоор дурсагдан үлдэх боллоо. Эцэст нь сонирхуулахад, паралимпийн тамирчид энгийн тамирчдын нэгэн адил шан харамжийг төр засгаас авдаг. Өөрөөр хэлбэл, олимпийн аварга Д.Баатаржавыг 120 сая төгрөгөөр урамшуулах юм.

эх сурвалж http://news.gogo.mn

0 сэтгэгдэл: