Wednesday, December 24, 2008

Цөвүүн цагийн сургаар зүсээ буруулсан хоноцууд

"ХААН" банкны эзэн Япон улсын иргэн Савада "Монго­лын 40 сая мал миний барь­цаанд байгаа" гэж халамцуу­хан онгирч гэнэ ээ. Тэгэлгүй яахав.Түүний эзэмшлийн ХААН банкны салбар манай сум болгонд байгаа нь үнэн. Малчид малаа барьцаалаад зээл авсан нь ч үнэн. Нэг л өдөр халуун хошуут малыг нь туу­гаад явахад ёстой хэн юу гэх юм бэ. Хотол Монголын хот нь харлаад, модоо бариад л үлдэнэ биз. "Савада сайн найз аа, арай ч тэгэхгүй ээ" гээд тэнэгийн дотор уужуухан гэгчээр мунгинаж суутал мө­нөөхөн "Алтан дорнод Мон­гол" хэмээх Оросын хөрөнгө оруулалттай алтны уурхай чинь монгол ажилчдадаа ца­линг нь өгч чадахгүй гээд гэдэлзээд эхэлж.

"Яав ийв" болоотохсон чинь "Монголын төр 68 хувийн татвар гэж айхтар өндөр татвар тавьсан. Бид тэрийг нь төлж чадахгүй ээ. Чаддаг юм бол та нар тэр төрөөсөө мөнгөө олж аваарай" гэж байх юм. "Алтан дорнод Монгол"-д манай төр засаг хамаг байдгаа зориулаагүй билүү. Төв аймгийн Заамар сумын Хайлааст багаа тэр чигээр нь газар нутагтай нь өгч байлаа. Аргаа барсан багийн иргэд "Энэ оросууд бидний эцэг өвгөдөөсөө аж төрж байсан төрсөн нутгийг минь авах гээд биднийг хөөж туугаад байна" гэж орон нут­гийнхаа шүүхэд гомдол гар­гахад шүүх өмнөөс нь "Ал­тан дорнод Монгол" газар нут­гийг чинь авах нь зөв. Та нар бушуу түргэн зайлцгаа" гэсэн шийдвэр гаргаж байв шүү дээ. Одоо сонсоход үнэмш­мээргүй санагдаж болох л юм. Гэвч Төв аймгийн шүүх цаг­таа ийм шийдвэр гаргаж гай­хуулж байлаа. Даварсан оро­сууд төдөлгүй манай Зас­гийн газрыг шүүхэд өгч олон улсын арбитрын шүүхэд зарга үүс­гэж хэрүүл хийсэн юм даг. Одоохондоо заргаа аль ч тал нь аваагүй байгаа дуулддаг. Гэтэл одоо Монголын ард түмнийг төрийнх нь эсрэг турхирдаг байна шүү. Уг нь саяхан УИХ-аар алтныхны татварыг хөнгөвчилж унци нь 500 ам.доллараар босго үнэ тогтоож 68 хувийн татвар төлдөг байсныг нь 800 болгож өөрчилсөн билээ.

Гэтэл тэ­дэнд энэ хөн­гөлөлт бас бага­даж гэнэ. Тэгээд татвар тө­лөхгүй са­наа­тай. Уг нь "Ал­тан­ дорнод Монгол"-ын эзэн Паушокийг манай хууль цаг­даагийнхан баривчилдгийн даваан дээр сэмхэн хил давж амь зайл­снаа мартаагүй л байлтай. Давар­сан цагаачийг барьж чадалгүй алдсаныхаа төлөө гааль болоод хилийн цэргийн зарим ажилчид шийт­гэл хү­лээсэн юм даг. Ердөө л хагас сарын өмнө "Бороогоулд"-ынхан монгол ажилчдаа цом­хот­гож гэнэ. Бас л цалингаа тавьж чадахаа байсан юм байх. Бороогийн канадуудыг ч манайхан дав­рааж л байсан. Тогтвортой байдлын гэрээ байгуулж эх­ний таван жил 100 хувь татва­раас чөлөөлж, да­раа нь хөн­гөлөлт үзүүлж эрх­лүүлэ­хээрээ л нэг болсон. Хариуд нь тэд харин юу өгөв. Дөч тавин тонн алтыг маань ухаж аваад хангай дэлхийг минь бузарлаж хаяад одоо хөнжил гудсаа үүрээд явах гэж байх шив дээ. Алтны нөөц нь дуу­сах дөхөж байгаа тул монгол ажилчдаа тийнхүү хоёр гур­ван зуугаар нь халж байгаа гэнэ. Тэд хажуу­гийн­хаа жи­жигхэн багт бяцхан байшин барьж өгчихөөд "Бид Монголд хөрөнгө оруулалт хийлээ" хэмээн дэлхийгээр нэг зар­лаж байсныг нь манай сонин бичээд буруудаж бай­лаа шүү дээ. Нэгэнт одоо Бороогоулд алтыг нь авчих­сан хойно авдрыг нь хаяад ява­хаас өөр яах билээ.

Эртээдхэн хориод хоно­гийн өмнө ам.доллар галзуурч 1420 төгрөг болтлоо өсч Мон­голын эдийн засаг хөмөр­чих шахав. Сураг дуулбал долла­рын нийлүүлэлт багас­сан, гэтэл эрэлт нь их байна гэж Монголбанк тайлбар­ласан. Гэтэл үнэн хэрэгтээ Мобиком гуай ганцхан өдрийн дотор 40 сая ам.долларыг Монголын зах зээлээс Япон руу гаргаж манай эдийн зас­гийг гуд татан унагаах шахсан нь тэр. Монголбанк "Яагаад ийм их хэмжээний мөнгө гадагш нь татав" гэж Мобико­моос асуухад "Бид "Изинис"-дээ онгоц авах гэсэн юм" гэж хариулсан гэнэ лээ. "Изинис" гэж манай орон нутагт нислэг үйлддэг жижиг­хэн авиа ком­пани л даа. Тэдэнд онгоц авч өгөхийн төлөө 40 сая ам.дол­лар гаргана гэдэг мэдээж худлаа. Дөчин сая доллар гэдэг бол багашаархан банк босгох мөнгө шүү дээ. Гэтэл манай төр засаг Мобикомыг хэрхэн харж үзэж байсныг түүх мар­таагүй. Тэд­нийг ма­най оронд үйл ажил­лагаагаа эхлэхэд нь эх­ний таван жил татвараас 100 хувь чөлөөлж, дараагийн та­ван жилд нь 50 хувь чө­лөөлж байлаа. Моби­ком 2006 оноос л татвар төлөхчөөн болж ирсэн юм даг. Татвар төлөөгүй даварч байсан тэд­гээр он жилүүдэд манайд үнэ тари­фаа дэндүү өндөр тог­тоож ард түмнийг маань хэр­хэн мөлжиж байс­ныг бид хоёр дахь, гурав дахь, дөрөв дахь операторууд гарч ирэхэд л сая ойлгож билээ. Гэтэл дэлхийн санхүү­гийн хямралын сургаар мөн­гөө Япон руу гаргаж нүү­рээ буруул­даг байна шүү. Тэгс­нийх нь хариуд монгол­чууд Мобико­моос татгалзаж болох л бай­сан. Гэвч бид тэгээгүй. Харин ч Монголбанк тэдний тэр үйлдлийг нуугаад өнгө­рөөх шинжтэй.

Энэ мэтчилэн хоноцууд хоолоо голж даварсаар бай­на.Цөвүүн цагийн сургаар хамаг байдгийг минь хамж шимж цөлөмчихөөд хөнжил гудсаа үүрээд арилаад өгөх нь. Яах гэж бид тэдэнд нүүр өгч нөмөртөө хоргодуулж байсан юм бол. Гадны хүн гэхээр нь хамаг байдгаа өгч байж санаа амардаг энэ зангаа тавих хэрэгтэй болсон биш үү. Хар элгийн хүнд мон­гол хүнээс илүү мэдэл өгч эрхлүүлдгийн гайг эхнээс нь амсаж эхлэв биш үү бас. Нэг хэсэг гадны хөрөнгө оруу­лалт­тай оёдлын үйлдвэрүү­дийг эхний таван жил татва­раас чөлөөлж байсан. Өнөө­дүүл нь таван жил ажилла­чихаад л дараа нь нэрээ солиод дахиад таван жил ажиллаж татвараас зугтаж бас монгол охид бүсгүйчүүдийг ханатлаа доромжилчихоод яваад өгдөг байж билээ. Хэр­вээ бид монголчуудаа дэмж­сэн бол арай л өөр байх бай­сан. Тухайлбал бид "MCS"-ийг хичнээн муу хэлдэг байв. Гэвч тэд хийж байгаа бизне­сээ, барьж байгаа байшингаа аваад хаашаа ч явсангүй. "Монгол газар"-ын Ц.Мян­ганбаярыг мисс охидоор зу­гаагаа гаргадаг гээд цугаараа л муу хэлдэг. Яадгийм хэдэн миссээр тоглоо л биз. Түүний хийсэн бүтээсэн Монголдоо л үлдэнэ. Сү.Батболдыг Таван­толгойг авчихлаа гээд ямар их доромжиллоо. Гэтэл хам­гийн түрүүнд тэр хүн лицен­зээ Монголын төрд буцааж өгч байлаа. Харин гадныхан, хар элгийнхэн тэгж чадах уу. Чадахгүй. Одоо он гараад Оюутолгой, Тавантолгойг гадныханд өгөх гэж байна. Уг нь энэ орд газруудыг монгол хүмүүс эзэмшиж байсан юм. Гэвч С.Баяр тэднээс энэ бүх­нийг булааж аваад одоо ха­рийнханд хүлээлгэж өгөхөөр хугацаа товлов. Сайтар бодож сүүлээ харж байж өгөхгүй бол хэдэн жилийн дараа говь сайхан нутгаа юу ч үгүй цөл­мүүлж онгойсон хар нүхтэй үлдчихээд хаягдал дээр нь хэрээ адил эргэлдэж суух вий дээ. Бодож л үзээрэй дээ.

Л.Мөнхбаясгалан http://publish.news.mn/show?id=620

1 сэтгэгдэл:

Anonymous said...

ҮНЭХЭЭР ҮНЭН ШҮҮ ДЭЭ, ГАДНЫХАН БИДНИЙ МӨНГИЙГ ХҮҮЛЖ БАЙГАА Ш ДЭЭ, МОБИКОМ БОЛ ЭНЭНИЙ ТОД ЖИШЭЭ, ХАМГИЙН ГОЛ ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛТНҮҮД ЭДГЭЭР ГАДНЫХАНД ХАМАГ БАЯЛАГАА ХУДАЛДАЖ БАЙНА ТЭДНИЙГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ