Thursday, December 11, 2008

Угсаа залгамжлах нь улс төрийнхний дунд моод болов

Энэ жилийн хувьд монголчууд сонгуулийн хөлд үрэгдэх дөхөв. Өнгөрсөн сарын сүүлчээр болж өнгөрсөн орон нутгийн дахин сонгууль сонгогч олонд нэг зүйлийг сайтар ойлгуулав. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар манай төр засаг дампуурлын ирмэгт тулаад байгаа аж. Учир нь ардчилсан гэгдэх Монгол Улсад улс төр, эдийн засгийн бүхий л эрхийг мэдлийг үзэл баримтлалаараа нэгдсэн нам, хүчин гэхээсээ илүү бизнесийн ашиг сонирхлоороо нэгдсэн олигархи бүлэглэлүүд гартаа атгаж байна. Ийм төр хэзээ ч хүчирхэг байдаггүйг дэлхийн улс орнуудын түүх нотолдог. Гагцхүү эрх мэдэл гэгч үргэлжийн зөрчил тэмцэл үүсгэж, ард түмнээ үгүйрүүлэн хоосруулж байдгийг олон оронд болсон үйл явдлаас харагддаг. Төрийн нэрээр халхавчилсан улс төр, бизнесийнхэний эрх ашгийн төлөөх бүлэглэлүүдийн хуйвалдаан өнөөдөр Монгол орныг бүхэлд нь хамраад байгаа гэдгийг нуухгүй байна. Улс төр бүхэлдээ бизнесийн томоохон бүлэглэлийнхэний гарт зангигдсан нь үүнийг гэрчилдэг аж. Улстөрчидийн дийлэнх нь цаанаа аль нэг бизнесийн эрх ашиг, сонирхлыг илэрхийлэн тэмцэж түүний төлөөлөл болсоор ирсэн. Эцэстээ энэ нь өргөжин тэлсээр төр засгийн эрх мэдлийн бүхий л хүрээнд өөрийн сүлжээ, ноёрхлоо тогтоосон нь ч нууц биш болжээ.

Улс төр түүнийг дагасан эрх мэдэл, их мөнгөнөөс ганцаараа биш үе удмаараа үл хагацахыг хүсэгчид одоо цагт олширчээ. Тухайлбал, улстөрчид удам угсаа залгамжлан Монгол төрийн эрх мэдлийг барихыг санаархах болжээ. УИХ-аас эхлээд Засгийн газар, яам агентлаг, шүүх, цагдаа, гааль, татвар гээд төрийн бүх л систем дэх холбоо улам бүр гаарч, аймаг, нийслэл, дүүргийг үр хүүхдээрээ удирдуулахыг хүсдэг болж. Гэхдээ тэд төрийн дээд эрх мэдлээс эхлээд дунд, доод шатанд ч хүртэл эрх мэдэлтэй болох сонирхол сая болж өнгөрсөн орон нутгийн сонгуулиар ил гарав. Тэгээд ч аав, ахынхаа шийрийг хатаах гэсэн хүсэл эрмэлзлэл улстөрчдийн ойр тойрныхонд байдаг болох иь хэнд ч нууц биш болсон.

Уг нь төрд удам угсаа залгамжлах ёс аль эрт устсан гэж түүхэнд тэмдэглэсэн нь бий. Гэтэл арваад жилийн өмнө санаатай, санамсаргүй алин болохыг мэдэлгүйгээр ардчиллын загалмайлсан эцэг С.Зориг агсныг залгамжуулан түүний дүү С.Оюуныг төрд гаргаж ирснээр өнөөдрийн улстөрчдийн угсаа залгамж эхтэй. Түүнээс хойш улстөрд УИХ-ын гишүүн М.Чимэдцэрэн агсны суудлыг түүний дүү М.Сономпилд, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны суудлыг эхнэр Д.Туяад угсаа залгуулснаар дээрх үйл явц идэвхжсэн. Хэдий ийм ч УИХ-ын гишүүн агсан О.Дашбалбар, М.Зэнээ нарын хүүхдүүд, ах, дүү нарт дээрх хувь тохиогоогүй. Харин УИХ-ын гишүүн Л.Энэбиш агсны хүү Э.Мөнх-Очир 2008 оны УИХ-ын сонгуулиар Булган аймгаас эцгийгээ залгамжлан төрийн түшээ болсон. Сүүлийн үед улстөрчдийн хүүхдүүдийн дунд "Аавын бийд хүнтэй танилц" гэдэг шиг аавыгаа амьдад угсаа залгах моод болов. Арваннэгдүгээр сарын 30-нд болж өнгөрсөн орон нутгийн дахин сонгуулиар сонгогч олон улстөрчдийн хүүхдүүдийг төрд ажиллахаар бэлтгэлээ хангаж эхэлснийг харсан. Тухайлбап, УИХ-ын гишүүн Батж.Батбаяр гэхэд л өөрийн хүү Б.Батбилэгийгээ, УИХ-ын гишүүн асан Л.Пүрэвдорж П.Хангалыгаа, Х.Бадамдамидин хүү Б.Баттүвшингээ төрд угсаа залгуулахаар оруулсан байна. Мөн Г.Батхүү гишүүн өөрийн дүү Г.Батчимэгийгээ, харин Х.Баттулга дүү Х.Баттуулаа улс төрд хөл тавиуллаа. Ийнхүү улстөрчид хүү, дүү нараа улс төр рүү оруулж эхэлсэн нь цус ойртож, төр дампуурч эхлэхийн дохио хэмээн эх сурвалж үзэж байна.

эх сурвалж: http://news.gogo.mn/r/46970 /НИЙГМИЙН ТОЛЬ/

0 сэтгэгдэл: