Friday, August 8, 2008

Монголд иргэний дайн гарвал хэнд ашигтай вэ?

ОХУ-ын “Правда” сонин дээр Монголд “Ураны хувьсгал” гарлаа гэсэн нэртэй нийтлэл хэвлэгджээ. Энэ юу гэсэн үг вэ? Гадныхны гар хөл оролцсон үймээн самуун дэгдсэнээс болж Гүржид “Сарнайн хувьсгал”, Украйнд “Жүржийн хувьсгал” гарлаа гэдэгтэй яг адилхан утга санааг агуулж байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл энэхүү “Ураны хувьсгал”-ын санхүүжүүлэгч нь гадныхан гэдгийг ойлгомжтой өгүүлжээ. Нээрээ ч Соёлын Төв өргөөг соёлоос үлдсэн үнс нурам болтол эвдлэн сүйтгэж, “жагсагч тэмцэгчид”-ийг хэн хаанаас санхүүжүүлчихэв. Тэр их мөнгө хаанаас гарч ирэв? Сонгуульд хамаг байдгаа цацаад ялагдчихсан Магнай, Батзандан мэтийн хэдэн нэр дэвшигч гэр орноо зараад ардчиллын төлөө ард иргэдээ зэвсэглэн турхирчихсан гэж үү? 2008 оны 7-р сарын нэгний өдөр жагсагчдын дунд тараасан гэгдэх мөнгө, архи дарс, шатаах шингэн бүхий лонхнууд хаанаас гарч ирсэн бэ? Энэ бүхний цаана хэний ашиг сонирхол нуугдаж ямар хүмүүс олз омог олж байна вэ? Энэ мэт олон асуулт гарч ирж байна.

Тэгвэл эдгээр олон асуултын хариу бол ердөө бидний эх орны хөрсөн доор нуугдаж буй эрдэс баялаг, ашигт малтмалын нөөц. Үүнийг бид одоохондоо анзаарахгүй байгаа боловч гадны улс орнууд мэдэхийн дээдээр мэдэж байна. Манай улс чулуун нүүрс, зэс уран зэрэг ашигт малтмалаараа үлэмж баян. Янз бүрийн үнэлгээгээр 1,3 сая тонн ураны нөөцтэй болох нь илэрснээр ураны нөөцөөр дэлхийд тэргүүлдэг Австрали, Казахстан хоёрын дараа гуравдугаарт бичигдэх болсон. Дэлхийн уул уурхайн салбарт шуугиан тарьж мөнгөтэй болгоны мөрөөдөл болоод байгаа Таван толгойн орд газар 5,4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, үүний 1,5 тэрбум тн нь коксжих нүүрс гэдгийг судлаачид тогтоосон. Жилд 200 саяыг олборлоход 30 жилийн нөөц Таван толгойд бий гэдэг.

Мөн Канадын “Айвенхоу Майнз” компаний лицензийг нь эзэмшдэг Оюу толгойн орд газарт 26 сая тонн зэс, 800 тн алтны нөөц нуугдаж буй. Энэ орд газраас жилд 440 мянган тн зэс, 320 мянган унци алт олборловол 40 жил ашиглах боломжтой. Одоогийн байдлаар “Айвенхоу Майнз” Оюу толгойд 400 сая ам.доллар зарцуулсан гэсэн мэдээ байдаг. Эл орд газарт олборлолт явуулахаар сүүлийн дөрвөн жилийн турш шаргуу оролдож байгаа “Айвенхоу майнз” компаний хувьцааны 10 хувийг л уул уурхайн акул болох “Рио Тинто” компани 303 сая ам.доллараар худалдаж авсан талаар дэлхийн хэвлэлүүд саяхан шуугиж байсан. “Рио-тинто”-гийн 12 хувийг Хятадын төрийн мэдлийн компани болох “Сhihаlсо” 14 тэрбумаар арилжиж авсан мэдээлэл ч мөн хуучраагүй байна. Уул уурхайн акул компаниудын хувьцааны энэхүү гурвалсан сүлжээгээр Оюу толгойд аль хэдийнээ гурван сонирхол үйлчилж эхэлсэн байгаа.

Хэрэв Монгол улсын засгийн газар “Айвенхоу Майнз”-тай хамтран ажиллах тогтвортой байдлын гэрээг баталчихвал “Рио Тинто” тус компаний хувьцаанаас нэмж авах сонирхолтой байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн. Өнөөдрийн байдлаар Монголд сонгууль болж байгаа сурагаар “Айвенхоу Майнз”–ын хувьцааны үнэ дэлхийн зах зээл дээр есөн хувиар өсчихөөд байгаа аж. Оюу толгойн орд газрыг ашиглаад эхэлсэн тохиолдолд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн 34 хувиар өснө гэсэн прогноз ч бий.

Ийнхүү цоож нь хараахан нээгдээгүй Монголын эрдэнэсийн авдар олон орны гүрэн дамнасан корпорацуудын толгой тархийг мансууруулан эргүүлж, шүлсийг нь гоожуулж эхлээд байгаа юм. Харин эдүгээ сонгуульд олонхийн ялалт байгуулаад буй МАХН-ын Засгийн газар өнгөрсөн жилээс эхлэн гадаадын хөрөнгө оруулагчдын дураараа дургих эрхийг хязгаарлаж, түүний дотор Монголын эрдэс баялгийг ухаад олсон ашиг орлогод нь маш өндөр татвар ноогдуулах хуулийн төсөл бэлтгэн, ашигт малтмалын томоохон ордуудын хувьцааны хяналтын багцыг Монголын төрд буцаан шилжүүлэхийг шаардан, нийт ард иргэддээ “Эх орны хишиг” нэрээр нэг сая таван зуун мянган төгрөг түгээж өгөхөөр шийдсэн нь АНУ, Хятад, ОХУ зэрэг томоохон гүрнүүдийн зүрхэнд шар ус хуруулсан билээ.

Тиймээс тэд энэ удаагийн сонгуульд тал талаас өчнөөн сая доллар хаяж өөрсдийн нь эрх ашгийг хааж тас хөндлөн хэвтээд байгаа МАХН-ыг нам дарж авахыг санаархсан ч Монголын ард түмэн тэдэнд тийм боломж олгоогүй болох нь сонгууль явагдаж эхэлсэн эхний өдрөөс шахуу шууд анзаарагдсан юм. Ингээд л тэд 7-р сарын нэгний “Цуст Мягмар гариг”-ийн үймээнийг дэглэн тавьж, дэмжин найруулж “дэмий биш” зүйлд мөнгөө цацаад эхэлсэн нь энэ. Юун бидний бодсон шиг сонгууль, юун Ардчилсан болоод Хувьсгалт намын хоорондын зөрчил. Юун саналын луйвар. Аль болох олон хүн үхэж, аль болох олон байшин шатааж, аль болох олон монголчуудыг хооронд нь алалцуулж байж тэд сая санасандаа хүрч, “Ураны хувьсгал” амжилт олох юм.

Бид нам сонгууль ярьж, хэдий чинээ олон хоног хоорондоо алалцана тэр хирээр Хятадаас 200 мянган цэрэг, Оросоос мөн тооны цэрэг, НҮБ-аас энхийг сахиулагч нэрийн доор өчнөөн мянган цэрэг орж ирэх хугацаа түргэснэ гэсэн үг. Өчүүхэн жижиг Монголд хүчирхэг зэвсэгтэй гадны улсуудын энэ олон цэрэг нэг л ороод ирвэл энэ улсын хувь заяа дуусаа. Нигер, Конго гээд хамаг баялгаа харийнханд тонуулаад дотроо хэдэн хэсэг хуваагдан байлдаад хоцорсон улс орнуудын араас эргэлт буцалтгүй орлоо гэсэн үг.

Иймээс нийт монголчууд бид яг одоо сэхээ авч МАХН-ын ч бай АН-ын ч бай аль алинаас нь зарласан жагсаал цуглаан, үймээн самуунд оролцохгүй урдах ажлаа л мөрөөрөө хийж явбал иргэн нь болж эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, их гүрнүүдэд дээрэлхүүлж буй ядарсан улсынхаа тусгаар тогтнолд хувь нэмэрээ орууллаа л гэсэн үг юм. Улс төрийн хоосон хийрхлээр далимдуулан улс орныг минь булаан эзлэх гэсэн “Ураны хувьсгал”-ын төлөвлөгөө захаасаа хэрэгжээд эхэлсэн байгаа нь ухаан сэхээтэй ямар ч хүнд ойлгомжтойгоор барахгүй тов тодорхой болчихоод байна.

эх сурвалж http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=21593

0 сэтгэгдэл: