Би зулайг нь үнэрлэхэд сэтгэл зөөлрөн баясах аминаас тасарсан амьтай хүн. Хүн болохын жаргалыг мэдрүүлэх хорвоогийн гайхамшгуудын нэг бол үр хүүхэдтэй болох билээ. Оюутан байхдаа хүүхэдтэй болсноо мэдээд гайхаж айж бас балмагдаж билээ. Хамгаас түрүүнд хичээл сургууль, өмнөх амьдрал, өөрийн гэр бүлээ бодовч хүүхдээ хайрлах сэтгэл минь бяцхан үрээ хорвоод мэндлэхийг тэсэн ядан хүлээх хүлээлтийг бий болгосон юм. Хэвлийд бүрэлдэхээс нь хайрлан энхрийлж, хамгийн их дурлах амттанаасаа хүртэл татгалзаж 9 сар тээсэнсэн. Одоо би үрийнхээ төлөө амьдардаг эх хүн.
Үр хүүхдээ жаргалтай байлгахын тулд юу ч хийж чадах эрч хүчийг охин минь надад ээжээ гэж хэлэхийнхээ төдийд л өгдөг. Үндэс мөчир минь ургаад улам сайхан мод болох хүртэл би түүнийхээ аз жаргалын төлөө амьдрах болно магадгүй цаашид ч энэ утга учир үүрд миний цээжинд оршин байна. Яагаад гэвэл түүний минь аз жаргал миний аз жаргал билээ. Эргээд бодохоор би эх хүн болчихжээ. Ээжийнхээ сэтгэлийг ойлгохгүй уурлаж эхийн зовлонг мэдрэлгүй эрхэлж өссөн айлын ууган охин өөрийн үрээ төрүүлж өрхийн нэгэн багана болох үеэсээ л амьдралын балнаас амсаж аж төрөх болсон. Тэр бал гашуун бас амттай. Одоо миний охин 2 нас хүрнэ. Харин аав ээж нь залуу хүмүүс. Бидний аз жаргалын зангилаа болсон жаахан охиноо хайрлаж бид 2 амьдралын төлөө зүтгэж яваа эрч хүчтэй залуу хүмүүс билээ.
Monday, June 16, 2008
Би үртэй хүн
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл:
Post a Comment