Monday, September 7, 2009

Дөрвөн мянгаас Засгийн газар...

Өнгөрсөн долоо хоногт 4000 төрийн албан хаагчид байр өгөх гэж байгаа тухай бичсэн. Харин энэ удаад энэ шийдвэрээсээ болоод Засгийн газар унах гэж байгаа тухай марзан жүжгийг ярьж өгье. Энэ бол 200 тэрбум төгрөгийн асуудал юм. 145000 төрийн албан хаагчдын дунд хаясан 4000 орон сууц хэмээх хөзрийн тоон тал нь. Улс төрийн томчуул одоо 200 тэрбум төгрөгийн шагналын сантай зодоонд оролцож байна.

Халамжийн цаана
Төрөөс халамжийн бодлого зарлах нь цаанаа заавал учиртай байдаг. Халамжийн бодлогыг эсэргүүцэгчийг ард түмэн нэг нүдээрээ үздэггүй, харин халамжлагч нь өөрсдийг нь яаж молигодож байгааг мэдэхийг хүсдэггүй. Тиймээс л бид буруу замаар яваад байгаа юм. Жишээ нь ямаанд 30 тэрбумыг өгч байхад яалаа. Малчид башийх юм санаад гэгээн төрдөө баярлаад байсан. Нөгөө их мөнгө 30 тэрбумыг нь 20 сая ямаанд хуваахаар нэг ямаанд 1500 төгрөг оногддог юм байгаа биз дээ. Зуун ямаатай нь их сайндаа 150 мянгыг авна, мянган ямаатай айл гэж байхгүй. Байсан бол эх орны хишгээс өмнө "буянт малын хишиг" хүртэх байсан юм, мянгат ямаачин. Дараа нь МАХН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өгсөн амлалтаар халхавчлан малчдын орлого буурлаа гэж экспортын гаалийн татварыг буулгасан. Дотоодын үйлдвэрлэгчид ноолуурыг нь аваад байхад заавал Хятадад зарж байж л орлого олдог юм шиг аашилсан. Ажиглавал татварыг чөлөөлсөн үе нь малчид хямд үнээр ченжүүдэд ноолуураа өгөөд ченжүүд нь "Эмээлт"-ийн хоёр хятадад өгөөд дуусчихсан байсан үе. Малчид тонн тонноор нь ноолуур гаргадаггүй учраас экспортын татвараас мөнгө олох боломж байхгүй. Тиймээс энэ мөнгө Эмээлтийн хоёр хятадын гарт орж байгаа юм. Эмээлтийн бүх түүхий эдийг ердөө хоёрхон хятад мэдэлдээ авсан байдаг тухай Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан хэлдэг учраас ингэж бичээд байна.

Үүнээс Монголд хэн ч хожоогүй. Тооцъё, юуны өмнө зүв зүгээр дансандаа байж болох байсан 30 тэрбумыг өгчээ. Энэ бол төрийн албан хаагчдын армийн хагас сарын цалинг тавих мөнгө. Дээрээс нь жилд ноолуурын экспортын татвараас олдог 126 тэрбум төгрөгөө өгчээ. Ингээд зогсохгүй ноолуурын үйлдвэрүүдээ түүхий эдгүй болгож, үй олон ажилчны нэмүү өртөг бүтээгээд хүртэх цалин мөнгийг хятадын яруу алдарт ажилчин ангид өгөв, дээрээс нь үйлдвэрийн олох ашиг... Ингэсгээд зогсъё. УИХ дахь МАХН-ын голдуу цөөхөн гишүүний лобби ганцхан татвараас олох 150 тэрбумыг хятадуудад өгчээ. Их хурлын гишүүн гэх нэртэй хэдэн тэнэг их сайнд;аа тэрбум төгрөг халаасласан болов уу. Эсвэл хятадууд эд сонгууль санхүүжүүлсний хариуг өгсөн юм болов уу. Эрээн хот наймаачдын бутархай мөнгөөр биш, манай төрийн ийм том хөрөнгө оруулалтаар босож байгаа юм шүү дээ. Энэ бол хөдөөний халамжийн хөгийн жишээ.

Ингээд дуусаагүй ээ, ноолуураа гаргачихаад оронд нь синтофон авч гэрээ бүрнэ. Гэвч хятадууд хариуд нь синтофоныхоо экспортыг тэглэсэн нь юу л бол.

2009 онд УИХ-аас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 30 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох болов. Энэ мөнгийг оны эхэнд тарааж өгөх ёстой байсан авч яамд дансандаа хагас жил дарж овоохон ашиг олсон. Дарамталсаар байж арай гэж орон нутгууд руу шилжүүлтэл банкууд нь өгөхөө больчихов. Яагаад гэвэл банкууд одоо өндөр хүүтэй зээлж ашиг олох санаатай байна. Ингээд төсөл боловсруулаад мөнгө авах гэсэн зээлдэгчдэд давшгүй хатуу болзол тулгав. Гэтэл хамгийн шоглоомтой нь зургаан сарын эцсээр орон нутагт мөнгөө шилжүүлсэн Засгийн газар, яамд зээлд гараагүй үлдэгдлийг нь есдүгээр сарын 1-нээс буцааж татна гэжээ. Өөрсдөө хагас жил гацаасан атлаа орон нутагг гурван cap ч байлгахыг хүссэнгүй. Зургаан сарын эцсээр шилжүүлсэн мөнгө яг наадам таарч очжээ. Наадмаар зээл хөөцөлдөж явдаг тэнэг хүн байхгүй, байсан ч орон нутгийн засаг захиргаанаас эхлээд банк нь хүртэл амардаг. Яг ийм үеийг тааруулсан нь тохиолдол биш. Тэгээд "зээл авах хүн орон нутагт байгаагүй учраас" буцааж татсан, ирэх жилээс судалж тооцож, сургаж боловсруулж байгаад өгнө гэж мэдэгдэх байлаа. Уг нь жижиг дунд үйлдвэрийн зээлийг хавар олговол хамаг ажлаа урин дулаан цагт амжуулаад буцааж төлөх боломжтой. Төрийнхөн банктай хуйвалдаад зээлийг олохгүй байх бүхий д аргаа шавхан хэрэглэсэн юм. Тэгээд банктайгаа хуйвалдаж хүүг нь хувааж идэх байв. Банкууд хувийн хэвшлийнх болохоор арай шударга, ашгийг нь банк авна, харин төр шударга бус учраас ашгийг нь түшмэдүүд хүртэнэ. Ялгаа нь энэ.

Гэхдээ мөнгөний эх үүсвэр одоо ч өөр салбарт эргэж байгаа. Сайдууд мөнгөө зээлсэн, буцааж авч чадаагүй байна. Мөнгө шилжүүлэх нь гэж зүгээр тоо шивж буй хэрэг. Үнэндээ Дундговьт очсон 800 гаруй сая төгрөг жинхэнээсээ очоогүй, Эрээн хавьд эргэж байгаа. Тиймээс төслийн мөнгийг олгож болохгүй болчихоод өгөхгүй байна. Өгч чадахгүйгээ нуухын тулд зээл авагч зөвшөөрч боломгүй хатуу болзол тулгаж байна. Тэгээд гурван cap байлгасан болоод хөдөөнийхнийг шилний цаанаас чихэр долоолгочихоод буцааж татах юм. Зээл авах хүн алга аа гэж... Энэ бол халамжийн цаадах тоглоом. Энэ бүхэн хямрал авлига, сүйтгэл нийгмийн бүхий л салаа салбарт хүрснийг илтгэнэ.

"Төрийн албан хачиг"-ийн тухай
Хотын халамж эхэлжээ. 4000 орон сууц Засгийн газар худалдаж авахад 200 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гаргажээ. Энэ бол манай төсвийн алдагдлыг 1.5 дахин нэмнэ гэдгийн мэдэж байгаа ч энэ нь улстөрчдөд хамаагүй, Гагцхүү 200 гаруй тэрбумаас нь ахиухан халааслах ёстой. Хотын бүлэглэл үүнээс сүрхий ашиг олно. Байрыг өөрийн татаж авчирсан ах дүү, хамаатан садан, хамтрагчдадаа өгч гинжилнэ. Тэд голдуу дунд тушаалын хурган дарга нар байх болно. Цөөнгүйг өөрсдөө авна. Хамгийн гол ашиг нь чанар муутай байруудаа төрд шахаад 200 гаруй тэрбумыг зүгээр л халааслачихаж байгаад оршино. Бас нөхөн сонгуулийн санхүүжилтээ гаргаж авна.

Компаниуд төрд зарах байраа ам.дөрвөлжин метр талбай бүрийг дунджаар 483-805 ам.доллараар үнэлжээ. Барилгын өртгийг тооцвол нэг ам.метр талбайд 250 ам.долларын зардал гардаг гэж инженерүүд тооцжээ. Үлдсэн нь шууд ашиг болдог цөөхөн компани бий, дарга нарын компани. Засгийн газрын рефрентийн хөөцөлдөж байгаа татварын асуудлыг зохицуулсныхаа хариуд шагналаа нэхэж байгаад баригдаж, даргадаа матуулж баларсан байцаагчийн онигоог сонсоод төрийн албаныхан огт инээдэггүй юм билээ. Дарга нарынхнаас бусад компаниуд барилгаа бариад хүлээлгэж өгтлөө 1450 гарын үсэг цуглуулдаг байна. Гарын үсэг бүрийн цаана авлига бий. Хэрэв энэ гарын үсгүүд жинхэнэ ёсоор үүргээ гүйцэтгэдэг бол манай барилгууд Цагаан хэрэм, Брестийн цайзаас ч бөх байх учиртай, гэвч "гарын үсгүүд" хэзээ ч чанартай барилга бариулахгүй. Чанартай барьсанд нь гарын үсгээ зүгээр өгчихдөг бол өөр хэрэг. Гэтэл чанартай барьсан ч төрийн албаныхан заавал хахуулиа авч байж л зөвшөөрөл өгдөг тул чанарын илүү зардал гаргалгүй тэгсгээд барьчихаж болно. Манай зарим "төрийн албан хачиг"-ийн гарын үсгийг авах нь талийгаач Жексоныхыг авахаас ч хэцүү гэдэг юм.
Худалдах орон сууцны үнэ одоо ам.метр нь дунджаар 485-805 орчим доллар байна. Бодит өртгөөс 2-3 дахин өндөр үнэ нь хахуулийн өртөг. Засгийн газар бидний татварын мөнгөөр 200 гаруй тэрбумынхаа тэн хагасаар өөрийнхөө албан хаагчдыг хахуульдахад зарцуулсныг төлж, албан хаагчдаа давхар халамжилжээ гэсэн үг. Мөн лут халамж шүү. Ард түмэн авлигыг ингэж төлдөг. Ийнхүү жижиг албан хачгууд 4000 оромж булаацалдаж, харин томчууд нь 200 тэрбум төгрөг булаацалдаж, төр гэм богинохон хугацаанд авах юмгүй холион бантангийн үүр болон хувирав. 145.000 хачиг цусыг нь сорж байгаа мал яаж таргалах вэ? Зуднаар үхээд өгнө биз дээ. Тиймээ саяын хямралаар золтой л явчихаагүй юм шүү. Уг нь хачиг таргалахаараа гуур болоод уначихдаг сан. Харин манай төрийн "гуур"-нууд бүр ч их цуслах юм. Эднээс яаж салах вэ. Засгийн газрыг унагаж уу?

Засгийн газар ганхав уу?
Уг нь Засгийн газар, унагах хэд хэдэн оролдлогыг амжилттай даван гарсан юм. Тэр эрчээрээ Оюутолгойн гэрээг батлуулахын даваан дээр ирлээ. Гэтэл Засгийн газар гайтай шалгаг гаргаад өгчихөв. Энэ бол наанаа 4000 орон сууц, цаанаа 200 гаруй тэрбум төгрөг. 4000 орон сууц л яриад байхаас яагаад 200 тэрбум төгрөгийг нь ярихгүй байгааг нь л гайхаад байна. Асуудлын гол нь энэ 200 тэрбум. Энэ мөнгийг л төсвөөс салгаж авахын тулд 4000 орон сууцны асуудлыг босгосон.

Өнөөг хүртэл Засгийн газрыг бат бөх тулгуур нь МАХН-ын алдарт хотын бүлэглэл байсан юм. Хотынхны бизнес нь газар, барилга, зөвшөөрөл гурав. Тиймээс энэ 200 тэрбумыг хотынхон Засгийн газрын хэдэнтээ тогтоож үлдээсэн нөр их ажлынхаа хөлс гэж боджээ. Хотынхны ходоодны мухарт “энэ бол манай засгийн газар биш" гэсэн бодол байна аа даа. Гэтэл юу ч хийгээгүй амьтад "цалингаас нь" хумслах гэв. Жишээ нь О.Чулуунбат. Өөрсдийнх нь барилгын компанид ажиллаж олсон туршлагыг нь үнэлж багийг нь бүрдүүлсэн "Орон сууцны санхүүжилтийн корпораци"-ыг тэр шуудхан авлигачид гэв. Хүн өөрийнхөө үнэнийг сонсох тун дургүй амьтан. Хотынхон 200 гаруй тэрбумыг бүрэн авахын тулд Засгийн газраа шантаажилж эхэллээ. Ингэхдээ "Засгийг унагавал ч унагая" гэсэн мессэж илгээжээ. Хотынхон ба Ерөнхий сайдын дунд цав гарсныг мэдсэн "вангийнхан" гуяа алгадан гүйлдэв. Хэрэв хотынхон эргэчихвэл бүх юм санаснаар боллоо гэсэн үг. Гэвч хаврын чуулганы төгсгөлд ид хүчээ авч байсан МAXH дахь "сөрөг хүчний фронт" бут ниргүүлээд сарнисан байлаа.

Ерөнхий сайд С.Баяр есдүгээр сарын эхээр Австралид айлчлах байсан юм. Тэр явсан бол гэрээг батлуулсныхаа шанг авахаар одлоо гэж баалахаар хүлээж байжээ. Гэтэл байдал ноцтой болсон тул Ерөнхий сайд айлчлалаа хойшлуулжээ. Айлчлал хойшлуулах үнэмшилтэй шалтгаан хэрэгтэй тул "Ерөнхий сайдын бие тааруу гэсэн" яриа гаргах нь зөв гэж бодсон бололтой байна.

Тун чиг сайхан баталгааны боломж гарч ирсэн нь МАХН-ын байрны нээлт юм. Намын дарга, Ерөнхий сайд ирсэнгүй. Ерөнхийлөгч асан ч ирсэнгүй. Ийм хүндтэй ёслолд ирэхгүй байхыг бодоход Ерөнхий сайд нэлээд ноцтой эвдсөн бололтой гэлцэв. Хазгай гишгээд шагайгаа булгалсан, хуучин бэртэл нь мэдэрсэн гэх мэт аман тайлбарууд ниссээр... Энэ зуур ордны гадна талд илүү ноцтой хуйвалдаан бэлтгэгдэж байгааг олон нийт анзаарахгүй байгаа юм. Энэ удаад асуудал зөвхөн Засгийн газраар үнэлэгдэхгүй бололтой. УИХ, цаашлаад Үндсэн хуулинд хүрч магадгүй юм.

Үргэлжлэл бий
Эх сурвалж http://economics.gogo.mn/news/59010