Wednesday, September 23, 2009
Wednesday, September 16, 2009
Өөдрөг Монгол - Жолооны шалгалтаа өглөө
Өглөөн мандах нар Улаанбаатарыг гийгүүлэх гэгээнээр манайх гэдэг айл эртлэн боцгоож охин цэцэрлэгт нөхөр бид 2 ажилруугаа явахаас бидний амьралын шинэхэн өглөө эхэллээ. Сайхан ч өглөө байсан юмсанж. Ажлын ширээнийхээ ард суугаад ажлаа төлөвлөн байтал жолооны багш залгадаг юм байнаа.
- Хөөш Энхмаа шалгалтандаа очсон уу. Хурдлаач хоцорлоо эхэлчлээ гэдгийн байна. Яахав тэгс ингэс хийгээд тэцсэн болсон л доо. Хотын жолооны шалгалт өгөхөөр нэг багшийнхаа сампирах шахсан машинд чихцэлдэж аваад гангар гунгархан гулссаар Сансрын түнээлийн хойхно талд Эрхэм байцаагч цагдааг баахан хүлээцгээх зуураа хүүхэд , нөхөр, хүүхэн залуу гээд яриагүй юм гэдгийг үлдээсэнгүй ээ бид. Хамгийн сонирхолтой нь жолооны багш нар бүгд байцаагч цагдааг хүлээх зуураа машинаа ёстой зэрэг зэрэг зүлгэж гадна доторгүй л арчицгааж гарлаа. Янз нь тэрний шавь унасан, энэний хүүхэд тэнцсэн гэдгээрээ бахархцгааж машин тэрэгнийхээ эд анги дугуй, алчуураас эхлүүлээд мэргэжлийнх нь гэж хэлж болохоор аахар шаахархан яриаг өрнүүлэхнээ энэ л ажлынх нь амт, гол өрнөл нь юм байхдаа гэж бодмоор.... Шалгалтанд их л чухал ач холбогдол өгч багш нар аль болох хүүхдүүдээ тэнцүүлчих санаатай байцаагч цагдаагийн бараг л амруу нь орохоос наагуур гүйлдэх нь нүднээ илхэн. Гэвч тэд бас хариуцлагагүй ээ. Хэдий бид сурахаар сургалтанд бүртгүүлсэн ч би хувьдаа өөрийгөө бүрэн мэдлэгтэй жолооч болсон гэж бардам хэлдэггүй юм аа гэхэд даруу ч хэлж чадахааргүй төгссөн билээ. Чанаргүй муу сурсан атлаа л жолооны үнэмлэх гээч тэр жижигхэн дөрвөлжин баримтыг авчих санаатай бусдын л адил зүтгэлэх нь миний л байгаа царай биш сургалтанд суусан нэр зүүж буй бусад сурагчдын ч дийлэнхийнх нь үнэн төрх юм. Гэхдээ бид бүгд тийм гэж хэлээгүй шүү.
Хараад байхнээ бүсгүйчүүд л ихээхэн жолооч болохоор тэмүүлэх болсон байна. Ажил амьдралын шаардлага болсон хойно аргагүй ч биз дээ. Багшдаа бас баярласнаа илэрхийлэх нь зүйтэй юм.
Monday, September 14, 2009
Өөдрөг Монгол- Замын түгжрээ ба анхны хайр
Wednesday, September 9, 2009
Н.Багабандийн орон зай
Миний мэдэхийн энэ цаг хугацаанд л лав өөр ийм орон зайтай хүнийг би мэдэхгүй. Нилээн дээр санагдаж байна. Мохамед Али ид мандаж байх үедээ “Би Есүс Христээс илүү алдартай” гэж хэлж байсан. Үнэндээ бол тухайн цаг хугацаандаа дэлхийн 6 миллард хүмүүсийн хэдэн хувь нь христийн шашинтай билээ. Бас Муслимууд болон бусад томоохон шашинтанууд хэд билээ гээд бодохоор Мохамед Алигийн яалт ч үгүй зөв байсан юм шүү.
Бас нэг зүйлийг хэлмээр санагддаг. Н.Багабанди гуай ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ зүүн аймгуудаар ажиллаж, зэвсэгт хүчний нэгэн дивиз болон хилийн нэг заставт очиж ажилтай танилцсан. Гэтэл тухайн хилийн заставын дарга нэгэн залуухан дэслэгч Багабанди гуайг өөрийнхөө жижигхэн өрөөндөө оруулаад өмнөх угтавар ширээндээ суулган ажлаа товхийтэл танилцуулж дуусаад чихэрээр дайлсан байдаг. Гэтэл армийн дивиз командлагч генерал нь ерөнхийлөгч болон бусад дарга, дагалдагч нараа өөрийн том өрөөндөө оруулчаад өөрөө хаалган дээрээ шилээ маажаад зогсож байсан гэдэг. Энэ байдлыг ажисан Багабанди гуай буцахынхаа өмнө Хилийн цэргийн П.Сүндэв генералыг байлцуулан байж Батлан хамгаалахынханд “Хилийн заставын жижиг дипломатаас сурах том зүйл их байна шүү” гэж хэлчээд яваад өгсөн гэдэг. Үүгээр юу хэлэх гэсэн вэ гэхээр хүн гэдэг аливаа зүйлд өөрийн зүй ёсны орон зайгаа өөрөө л бүрдүүлж, түүгээрээ нөхөгдөшгүй байх ухааныг мэдэрч байх ёстой гэсэн утга юм.
Энэ агуулгаараа бол Монголын төрд Нацагийн Багабандийн нөхөгдөшгүй байх үйлдэл, үйл ажиллагаа жинтэй билээ л. Мэдээж энэ хүнд одоо мяндаг тушаал шаардлагагүй. Зөвхөн улс төрийн ардчилал бүхий цэгцэрсэн орнуудын жишигээр улс төрд өөрийн ноёлох орон зайгаа агуулж, цаад том агуулгаараа цочир хэт залуусыг дарж, ухаалаг, алс хэтийн бодлоготой алхам хийлгүүлэх, нэг ёсондоо айлын нуруулаг эцгийн роль нь хэрэгтэй байгаан. Тухайлбал, сүүлийн 50-иад жил АНУ-ын албан бус удирдагч гэр бүл болох Кеннедийн удмын Сенат дахь төлөөлөл саяхан бараг 80 хол гарч нас барсан. Тийм өндөр настай хүн төдий л их зүйл хийж бүтээх нь юу л бол. Гэхдээ тухайн хүний нэр нөлөө, орон зай асар үүрэгтэй байдгийг энэ мэт олон орны жишгээс харж болно.
Миний санахаар ерөнхий сайд байсан А.Амар гуайгаас эхлээд нилээн хэд хэдэн хүн албан тушаалаасаа унахдаа “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэж хэлж байхыг сонссоон. Энэ үг ямар агуулга, логик гаргалгаатай байж болох вэ?
Албан тушаал гэдэг мөнхийн зүйл үү?
Нэг жигтэй зүйл хэлэх нь зүйтэй байх. Учир нь Монголын төр аль нэг эзэнт гүрний вассаль биш тул үүнийг хэлмээр байдагийн. Нөгөө алдартай Их өрийг тэглэх асуудлаар Монгол, ОХУ-ын засгийн тэргүүд хаа ч билээ уулзах үеэр хөршийн маань ерөнхий буруу сонсоогүй бол манай ерөнхий сайд рүү бил үү, Гадаад хэргийн сайдын нүүр лүү цаас чулуудан хашгирч, танхайран дээрлэхсэн гэдэг. Мөн яг тэр үеэр бил үү, дараагийн уулзалтаар нь билүү хамтарсан хэвлэлийн хурал хийх үеэр манай хүний нүүр нь маш улайсан, нөгөө хүн хэт бардам омогшингуй төгөлдөр байсан нь санаанаас ердөө гардаггүй. Энэ дүр зургийг яав чиг би лав хэзээд санах болно. Харин манай засаг, төрийн тэргүүд яадагийг хэлж мэдэхгүй юм. Энэ дүр зургаас хойш тухайн омог төгөлдөр этгээд дахин улс төрд карерь нь булшлагдаж, харин хэд хэдэн удаа ОХУ-ын засаг, төрийн тэргүүд болон нөлөө бүхийс нь манайд ирээд буцсан. Энэ хагас жилд гэхэд Төрийн тэргүүн нь, Засгийн тэргүүн нь, Хууль тогтоох тэргүүн нь гээд шүүх засаглал, арай л Үнэн алдартны шашны тэргүүн хар ламаас бусад нь ирээд явлаа.
Үүнээс өнцгийн дүгнэлт хийх нь зүйтэй биз. Ямар ч тохиолдолд жижиг буурай ч бай, эн тэнцүү, том ч бай дипломат бодлого, ёс зүй, арга зүй гэж байдаг. Миний санахад Н.Багабанди гуай ерөнхийлөгч байх үед Бережневээс хойш бүтэн 20 гаран жилийн дараа манайд ОХУ-ын ерөнхийлөгч дөнгөж болоод байсан В.В.Путин айлчилсан. Тухайн айлчлалтай холбогдуулж манай ерөнхийлөгчийн ЗХУ-д сурч байсан сургуулийнх нь хувийн хэрэг, дүнгийн хуулбарыг авчирч өгөөд ОХУ-ын Элчингийнхний дагуулж авчирсан оросын хэвлэлийнхэн та оросоор бидэнтэй ярихгүй юу гэж асууж байсныг санаж байна. Энэ нь дипломат бодлогын хувьд ихээхэн сонирхолтой нүүдэл байсан бөгөөд Багабанди гуай тэр үед “Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд харь хэлээр ярих ёсгүй тул хүлцэл өчиж байна” гэсэн юм. Түүнчлэн БНХАУ-ын ерөнхийлөгч Зен Зин Мин манайд айлчлах явцдаа хөдөө бэсрэг наадам үзээд “Хүргэн бэрийн нутаг” ч бил үү мөнхийн хөршийн агуулгатай нэг тиймэрхүү дуу дуулж өгсөн юмдаг. Хариуд нь манай Багабанди гуай “Үүлтэй тэнгэрийн доогуур, Үзүүртэй модны дээгүүр дүүлэн ниснэ” ч билүү бас тиймэрхүү агуулгатай дуу дуулж хариу барьсаныг санаж байна.
Ер нь заавал зочинтойгоо тухайн хэлээр нь ярьж сэтгэж, өөрийнхөө чадал чансаа, мэдлэг чадварыг гайхуулах гэхээсээ илүүтэйгээр өөрийн бодгаль чанараараа тухайн улсыг хүлээн зөвшөөрүүлж, өөрийн эрхгүй буюу яалт ч үгүй хүндэтгэх сэтгэгдэлийг бүрдүүлэх нь туйлын туйлаас чухал байдаг. Энэ нь улс орнуудын эрх ашиг, сонирхол дээр тулгуурласан албан ёсны дипломат найрсаг байх ёс журмаас илүүтэйгээр том нь, жижиг нь гэлтгүй стратеги бодлогод чухал үүрэгтэй байдаг билээ. Энэ бүхнээс хэлэхэд уг хүнийг төр тэргүүлж байх тухайн хугацаанд аль ч орон манайтай харилцахдаа болгоомжтой, дипломат аргаар түншиж үзэх байдлаар хандаж, шууд аргын бус бодлого хэрэгжүүлдэг байсан нь манай дипломатын түүхэнд харагдана. Гэтэл саяханаас хэзээ ч шууд аргын бус бодлого хэрэгжүүлдэггүй, хүний факторт тулгуурладаггүй Япончууд хүртэл манайд зориулан хэрэгжүүлж буй маш урт хугацааны бодлогоо өөрчлөн биднийг алгасан Оросуудтай хошуу холбон гүйж байна.
Тэгээд ч бүр дордож бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын гадаад бодлогод томоохон улс гүрнүүд, олон улсын хамтын нийгэмлэгийн хэтийн төлөв хамаарахаа больж, захын нэг Үндэстэн дамнасан Корпораци голлох байр суурь эзэлдэг болж, түүнд нь тааруулж гадаад бодлогын номлолоо хүртэл өөрчилдөг болтлоо доройтож байна. Түүний эзгүйд.
Тухайлбал, энэ хүний улс төрийн замналыг ойлгох, тааварлахад бэрх санагддаг. Зарим нэг нь гэрийнхээ буг болж, Титэм үгээ тэрлэж суухаа болих хэрэгтэй гэдэг ч үнэн биз. Мэдээж энэ хүн тооцоотой тулдаа л олон олон боломжоос хойш суугаа. Улс төрийн шатар нүүхдээ дэндүү уран нарийн байж магадгүй. Энэ нь Энхболдыг талдаа татаж, дараа нь Баярыг гаргаж, Royal castle-д намынхаа ирээдүйн генсектэй хөршилж, улмаар сонгуулийн өмнө генсекээр сонгогдон штаб удирдах болсон зэрэг нь санамсаргүй, санамсаргүй гэхэд санамсаргүй л юм.
Харин бүх зүйл буюу элдэв гэрээ мэт нь дууссан хойно нэр цэвэр эргэн ирэх гэж байгаа бол тооцоолоход бэрх алхамууд гарч магадгүй л байх. Нөгөөтэйгүүр хүрээлэгчид нь бас хэт яаруулж байгаад стратеги алдагдуулвал нөгөө Р.Гончигдорж даргыг одоо таны М.Энхсайхантай намын даргад өрсөлдөн тулах цаг нь ирсэн хэмээн Н.Алтанхуяг нарын хэт адгуулснаар ерөнхийлөгч болоход нь цэг тавиулсантай адил юм болж магадгүй л байх.
“Монголын төр зүтгэсэн хүндээ халтай”
Мэдээж гурван найзын нөхөрлөлийг мартаж болохгүй. Энэ нь улс төрд Н.Багабанди ноёлох, эдийн засагт Ш.Отгонбилэг эзэн суух, мэдээллийн зах зээлээр Ц.Балдорж хоёуланг нь дэмжих гурвалсан стратеги. Магадгүй энэ ташаа байж болно. Гэхдээ тэгж уншигддаг байлаа гэж.
Монголын төр үнэхээр төр түшигчдээ халтай юм уу. Магадгүй олон олон түүхийн баримтаас энэ үнэн гэж батлагдах байх. Гэхдээ ийн халтай байх нь тийм муу зүйл юм уу? Миний бодлоор хэт муу зүйл биш гэж боддог. Мэдээж тухайн хувь хүнийх нь амьдрал талаасаа хэцүүхэн ч түүхэн, бодит талаасаа байх ёстой, харин ч бүр хэт хатуу байх ёстой гэж боддог. Өгсөн юм чинь буцааж өгөх нь жам.
Тухайлбал, саяхан БНСУ-ын өмнөх ерөнхийлөгч Ну Мү Хён өндөр уулан дээрээс унаж амиа егүүтгэлээ. Шалтгаан нь одоогийн ерөнхийлөгч И Мён Бакийн тэргүүлдэг Засгийн газраас хээл хахуулийн хэргээр мөрдөн шалгах ажиллагааг эрчимтэй явуулснаар асуудал хүндэрсэнтэй холбогдуулан хариуцлагаас мултарсан л хэрэг гэж шууд хатууханаар хэлж байна энд. Мөн Солонгосчуудын үндэсний бахархал болсон Нобелийн Энх тайваны шагналт ерөнхийлөгч Ким Дэ Жүн агсан ч Засгийн эрхээсээ буусны дараа Ну Мү Хёны засгийн үед хүүхэд нь хахууль авсан хэргээр буруутгагдаж байсан. Гэх мэтээр олон улс оронд томоохон улс төрчдийн гишгэсэн мөрөөр нь дараагийнх нь ангуучилдаг нь ёс болон тогтжээ.
Энэ нь монгол хүний жудаг гэж бид өөрсдийгөө хаацайлах дуртай зөвтгөлөөс шал өмнөө зүйл шүү. Тийм байж ч таарахгүй. Учир нь бид Монголын төрд шинэтгэл хийх ганц амин сүнс нь улс төрчдийн гишгэсэн мөрөөр мөшгөөд ч, хүний жудгаас холдоод ч болтугай шударга ёс, шинэчлэлт хийх, бузар зүйлээс салах боломж юм. Хэрвээ ийм байж чадаж гэмээнэ манай улс төрд “Зөв Жишиг” тогтоно. “Жишиг” гэсэн үгийн утга учир их нарийн. Хар үгээр шууд хэлэхэд “Маанаг байсан ч хамаагүй манай талын л байвал болоо” гэдэг шиг ямар нэг толгой тархиа ажиллуулах шаардлагагүйгээр өмнө тогтсон жишигийг давтаад бай гэсэн утгаар энд хэрэглэлээ.
Ингэх ахул улс төрчид гишгэсэн мөрөө эргэн хянаж, Багабанди гуайг нэрлэдэг шиг Хийгүй хүний Ware бүрэлдэх биш гэж үү?
Монголын төрд ямар рольтой байхыг хүсч байна вэ?
Үнэнийг хэлэхэд Нацагийн Багабанди шиг олон талаас нь нягтлан зөв шийдвэр гаргаж чаддаг, өөрийн шийдвэр дээрээ хатуу зогсч чаддаг, түүнийгээ баталгаажуулах, хэрэгжүүлэх бодлого боловсруулагч ховорхоон. Иймээс тухайн асуудалд нь цаашид анхааралаа хандуулаасай гэж хүсч доорх гаргалгааг илэрхийлж байна.
Энд би БНСолонгос Улсыг жишиг болгон татмаар байна. Сүүлийн 40 гаран жилийн өмнө тус улс олон жилийн удаа дараагийн дайнд нэрвэгдсэн бараг ямар ч нөөц, ирээдүйгүй, хөөрхийлөлтэй, хуваагдсан үндэстэн байлаа. Мөн дөнгөж 1991 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон атлаа 10 хүрэхгүй жилийн дараа Солонгос хүн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал, НҮБ-ын гол байгууллага болох Эдийн засаг, нийгмийн зөвлөл ЭКОСОС-ын хорооны дарга, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн улс болж, НҮБ-ын гишүүний хувиар албан ёсны хөгжлийн тусламжид нэг жилд 450 гаруй сая ам.доллар хандивладаг том улс болжээ. Мөн өдгөө БНСУ-ын эдийн засгийн гайхалтай өсөлт “Зүүн азийн гайхамшиг “ гэж нэрлэгдэж байна.
Солонгос улс нэг талаас харвал хөгжилд хүрэх замаа Японоос л хуулбарласан юм шиг өнгөн талаас харагдах боловч үнэн хэрэг дээрээ энэ хоёр орон тэнгэр газар шиг зөрөөтэй байгаа нь, болсон нь жирийн иргэдийнх нь амьдралынх нь хэв маяг, нийслэлүүдийнх нь болоод хөдөөнийх нь байдал, шууд хэлэхэд хүмүүсээс нь илэрхий харагддаг. 90-ээд оны хямрал эхэлснээр тухайн хоёр улс гүн гүнзгий нэрвэгдсэн. Гэтэл Солонгос улс тухайн хямралыг даван туулах гарцаа хурдан олж сул талаа давуу байдал болгон ашиглан глобальчлагдан буй үед дангаар зугтах биш харин ч угтуулан өөрсдөө, үндэстэнээ нээлттэй болгох бодлого баримтлан тууштай хэрэгжүүлж байна. Гэтэл Япон нөгөө л 70, 80-аад оны үетэйгээ адилаар цагийн дарамттай, нийгэмдээ стресстэй байлгасаар байна. Энэ нь хөгжлийг нь ургаш ахиулахгүй байран дээр байлгаад байгаа шалтгаан нь байж магадгүй юм. Түүнчлэн Солонгос улс маш богино хугацаанд хөгжсөн нууц нь дэлхийн олон улс оронтой бүхий л талын хамтран ажиллах түншлэлийн харилцааг хөгжүүлж, гадны хөрөнгө оруулалтыг татаж ирсэн. Энд гол нь 1990-ээд оны эхэн үед Японы эхлүүлээд орхисон урлаг соёлын довтолгоог өөрийн болгож, өдгөө дэлхий нийтээр Солонгосын урлагийн нөлөөг мэддэг болоод байна. Солонгосын кино оддыг алс холын өмнөд амеркаас эхлээд лалын орнууд хүртэл сайн мэддэг, солонгос хэл соёл суралцдаг болж, ингэснээр иргэд хоорондын харилцаа өргөжин, том агуулгаар эдийн засгаа тэлж байна. Иймээс солонгосын гол хөгжлийн түлхүүр болох гадны хөрөнгө оруулалт, технологийн дэвшлийн жишгийг Монголд нэвтрүүлэх хэрэгтэй юм.
Гадны хөрөнгө оруулагчдыг Монголын төр дэмжих хэрэгтэй. Гэхдээ төрийн тодорхой дархлаажсан бодлоготойгоор.
Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх стратеги нь зах зээлийг чөлөөлөх, тэлэх гэсэн нарийн уялдаа холбоо бүхий хоёр бодлогоос бүрддэг. Хөрөнгийн зах зээлийг чөлөөлөх нь гадаадын хөрөнгө, технологи Монголд орж ирэхэд шууд нөлөөлөх ба зах зээл өргөжин тэлэхэд хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааны үр өгөөж дээшлэн нэмэгдэх учиртай билээ.
Тухайлбал, Солонгост хөрөнгийн зах зээлийг улам нээлттэй болгох, шууд хөрөнгө оруулалтын болон үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд тулгарах саад бэрхшээлийг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ ач холбогдолоо өгч байна. Харин үндэснийх нь аюулгүй байдлыг хангах болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг соёлын асуудлаас бусад бүх салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж оруулж байна.
Яагаад заавал хэвлэл мэдээлэл, урлаг соёлын асуудалдаа гадаадынханг оролцуулахгүй байна вэ? Энэ нь тухайн улсын төрийн дархлааг сулруулахаас сэргийлэх, өөрийн засгийн газрын тодорхойлсон бодлогыг тууштай урт хугацаанд тогтвортойгоор хэрэгжүүлэх явдалтай холбоотой.
Иймээс эцсийн дүндээ монголын төрд Н.Багабанди гуайн үүрэг роль хөгжил дэвшилд замнах явцдаа төрийн бодлого буруу тийш залагдахаас сэрэмжилж, завсардах, хэт гажуудахаас сэргийлэх асар хүнд үүрэг хүлээж байна.
Эдийн засгийн хямрал эхэлснээс хойш Монгол Улс дэлхийн эдийн засгийн харилцаанд улам эрчимтэй татагдан оролцох ёстой. Бизнесийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, хүний нөөцийн болон технологийн хөгжлийг сайжруулах, үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх гэсэн шинэ зарчмыг Засгаас баримтлах хэрэгтэй байна. Тухайлбал, Software, Hardware, People ware гэсэн гурвалсан Хөгжлийн Стратегийг нэн тэргүүнд түших нь зүйтэй.
Эдийн засаг сэргэх үйл явц, хэр зэрэг цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардах нь аж ахуйн нэгжийн өөрчлөлт, айл өрхийн амьжиргааны төвшин болон Монголд хөрөнгө оруулагчдын итгэл найдвар зэргээс ихээхэн шалтгаална. Засгийн газраас хөгжилд чиглэсэн макро эдийн засгийн уян хатан бодлого баримтлаж санхүүгийн болон аж ахуйн нэгж компаний өөрчлөлт шинэчлэлтийг эрчимтэй хэрэгжүүлэх нь зүйтэй. Нөгөөтэйгүүр өнгөрсөн үеэс үлдсэн саад бэрхшээлийг арилган 21 зууны тэргүүлэгч хөгжлийн төвшинд нийцэх эдийн засгийн бүтэц бий болгох явдлыг Монгол Улс зорилгоо болгон ажиллах хэрэгтэй байна.
Шагдарын Үнэнтөгс
Сөүлийн Үндэсний Их Сургууль
www.unentogs.bblog.mn
2009.09.09 - 2.30 а.м.
Monday, September 7, 2009
Дөрвөн мянгаас Засгийн газар...
Халамжийн цаана
Төрөөс халамжийн бодлого зарлах нь цаанаа заавал учиртай байдаг. Халамжийн бодлогыг эсэргүүцэгчийг ард түмэн нэг нүдээрээ үздэггүй, харин халамжлагч нь өөрсдийг нь яаж молигодож байгааг мэдэхийг хүсдэггүй. Тиймээс л бид буруу замаар яваад байгаа юм. Жишээ нь ямаанд 30 тэрбумыг өгч байхад яалаа. Малчид башийх юм санаад гэгээн төрдөө баярлаад байсан. Нөгөө их мөнгө 30 тэрбумыг нь 20 сая ямаанд хуваахаар нэг ямаанд 1500 төгрөг оногддог юм байгаа биз дээ. Зуун ямаатай нь их сайндаа 150 мянгыг авна, мянган ямаатай айл гэж байхгүй. Байсан бол эх орны хишгээс өмнө "буянт малын хишиг" хүртэх байсан юм, мянгат ямаачин. Дараа нь МАХН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өгсөн амлалтаар халхавчлан малчдын орлого буурлаа гэж экспортын гаалийн татварыг буулгасан. Дотоодын үйлдвэрлэгчид ноолуурыг нь аваад байхад заавал Хятадад зарж байж л орлого олдог юм шиг аашилсан. Ажиглавал татварыг чөлөөлсөн үе нь малчид хямд үнээр ченжүүдэд ноолуураа өгөөд ченжүүд нь "Эмээлт"-ийн хоёр хятадад өгөөд дуусчихсан байсан үе. Малчид тонн тонноор нь ноолуур гаргадаггүй учраас экспортын татвараас мөнгө олох боломж байхгүй. Тиймээс энэ мөнгө Эмээлтийн хоёр хятадын гарт орж байгаа юм. Эмээлтийн бүх түүхий эдийг ердөө хоёрхон хятад мэдэлдээ авсан байдаг тухай Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан хэлдэг учраас ингэж бичээд байна.
Үүнээс Монголд хэн ч хожоогүй. Тооцъё, юуны өмнө зүв зүгээр дансандаа байж болох байсан 30 тэрбумыг өгчээ. Энэ бол төрийн албан хаагчдын армийн хагас сарын цалинг тавих мөнгө. Дээрээс нь жилд ноолуурын экспортын татвараас олдог 126 тэрбум төгрөгөө өгчээ. Ингээд зогсохгүй ноолуурын үйлдвэрүүдээ түүхий эдгүй болгож, үй олон ажилчны нэмүү өртөг бүтээгээд хүртэх цалин мөнгийг хятадын яруу алдарт ажилчин ангид өгөв, дээрээс нь үйлдвэрийн олох ашиг... Ингэсгээд зогсъё. УИХ дахь МАХН-ын голдуу цөөхөн гишүүний лобби ганцхан татвараас олох 150 тэрбумыг хятадуудад өгчээ. Их хурлын гишүүн гэх нэртэй хэдэн тэнэг их сайнд;аа тэрбум төгрөг халаасласан болов уу. Эсвэл хятадууд эд сонгууль санхүүжүүлсний хариуг өгсөн юм болов уу. Эрээн хот наймаачдын бутархай мөнгөөр биш, манай төрийн ийм том хөрөнгө оруулалтаар босож байгаа юм шүү дээ. Энэ бол хөдөөний халамжийн хөгийн жишээ.
Ингээд дуусаагүй ээ, ноолуураа гаргачихаад оронд нь синтофон авч гэрээ бүрнэ. Гэвч хятадууд хариуд нь синтофоныхоо экспортыг тэглэсэн нь юу л бол.
2009 онд УИХ-аас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 30 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох болов. Энэ мөнгийг оны эхэнд тарааж өгөх ёстой байсан авч яамд дансандаа хагас жил дарж овоохон ашиг олсон. Дарамталсаар байж арай гэж орон нутгууд руу шилжүүлтэл банкууд нь өгөхөө больчихов. Яагаад гэвэл банкууд одоо өндөр хүүтэй зээлж ашиг олох санаатай байна. Ингээд төсөл боловсруулаад мөнгө авах гэсэн зээлдэгчдэд давшгүй хатуу болзол тулгав. Гэтэл хамгийн шоглоомтой нь зургаан сарын эцсээр орон нутагт мөнгөө шилжүүлсэн Засгийн газар, яамд зээлд гараагүй үлдэгдлийг нь есдүгээр сарын 1-нээс буцааж татна гэжээ. Өөрсдөө хагас жил гацаасан атлаа орон нутагг гурван cap ч байлгахыг хүссэнгүй. Зургаан сарын эцсээр шилжүүлсэн мөнгө яг наадам таарч очжээ. Наадмаар зээл хөөцөлдөж явдаг тэнэг хүн байхгүй, байсан ч орон нутгийн засаг захиргаанаас эхлээд банк нь хүртэл амардаг. Яг ийм үеийг тааруулсан нь тохиолдол биш. Тэгээд "зээл авах хүн орон нутагт байгаагүй учраас" буцааж татсан, ирэх жилээс судалж тооцож, сургаж боловсруулж байгаад өгнө гэж мэдэгдэх байлаа. Уг нь жижиг дунд үйлдвэрийн зээлийг хавар олговол хамаг ажлаа урин дулаан цагт амжуулаад буцааж төлөх боломжтой. Төрийнхөн банктай хуйвалдаад зээлийг олохгүй байх бүхий д аргаа шавхан хэрэглэсэн юм. Тэгээд банктайгаа хуйвалдаж хүүг нь хувааж идэх байв. Банкууд хувийн хэвшлийнх болохоор арай шударга, ашгийг нь банк авна, харин төр шударга бус учраас ашгийг нь түшмэдүүд хүртэнэ. Ялгаа нь энэ.
Гэхдээ мөнгөний эх үүсвэр одоо ч өөр салбарт эргэж байгаа. Сайдууд мөнгөө зээлсэн, буцааж авч чадаагүй байна. Мөнгө шилжүүлэх нь гэж зүгээр тоо шивж буй хэрэг. Үнэндээ Дундговьт очсон 800 гаруй сая төгрөг жинхэнээсээ очоогүй, Эрээн хавьд эргэж байгаа. Тиймээс төслийн мөнгийг олгож болохгүй болчихоод өгөхгүй байна. Өгч чадахгүйгээ нуухын тулд зээл авагч зөвшөөрч боломгүй хатуу болзол тулгаж байна. Тэгээд гурван cap байлгасан болоод хөдөөнийхнийг шилний цаанаас чихэр долоолгочихоод буцааж татах юм. Зээл авах хүн алга аа гэж... Энэ бол халамжийн цаадах тоглоом. Энэ бүхэн хямрал авлига, сүйтгэл нийгмийн бүхий л салаа салбарт хүрснийг илтгэнэ.
"Төрийн албан хачиг"-ийн тухай
Хотын халамж эхэлжээ. 4000 орон сууц Засгийн газар худалдаж авахад 200 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гаргажээ. Энэ бол манай төсвийн алдагдлыг 1.5 дахин нэмнэ гэдгийн мэдэж байгаа ч энэ нь улстөрчдөд хамаагүй, Гагцхүү 200 гаруй тэрбумаас нь ахиухан халааслах ёстой. Хотын бүлэглэл үүнээс сүрхий ашиг олно. Байрыг өөрийн татаж авчирсан ах дүү, хамаатан садан, хамтрагчдадаа өгч гинжилнэ. Тэд голдуу дунд тушаалын хурган дарга нар байх болно. Цөөнгүйг өөрсдөө авна. Хамгийн гол ашиг нь чанар муутай байруудаа төрд шахаад 200 гаруй тэрбумыг зүгээр л халааслачихаж байгаад оршино. Бас нөхөн сонгуулийн санхүүжилтээ гаргаж авна.
Компаниуд төрд зарах байраа ам.дөрвөлжин метр талбай бүрийг дунджаар 483-805 ам.доллараар үнэлжээ. Барилгын өртгийг тооцвол нэг ам.метр талбайд 250 ам.долларын зардал гардаг гэж инженерүүд тооцжээ. Үлдсэн нь шууд ашиг болдог цөөхөн компани бий, дарга нарын компани. Засгийн газрын рефрентийн хөөцөлдөж байгаа татварын асуудлыг зохицуулсныхаа хариуд шагналаа нэхэж байгаад баригдаж, даргадаа матуулж баларсан байцаагчийн онигоог сонсоод төрийн албаныхан огт инээдэггүй юм билээ. Дарга нарынхнаас бусад компаниуд барилгаа бариад хүлээлгэж өгтлөө 1450 гарын үсэг цуглуулдаг байна. Гарын үсэг бүрийн цаана авлига бий. Хэрэв энэ гарын үсгүүд жинхэнэ ёсоор үүргээ гүйцэтгэдэг бол манай барилгууд Цагаан хэрэм, Брестийн цайзаас ч бөх байх учиртай, гэвч "гарын үсгүүд" хэзээ ч чанартай барилга бариулахгүй. Чанартай барьсанд нь гарын үсгээ зүгээр өгчихдөг бол өөр хэрэг. Гэтэл чанартай барьсан ч төрийн албаныхан заавал хахуулиа авч байж л зөвшөөрөл өгдөг тул чанарын илүү зардал гаргалгүй тэгсгээд барьчихаж болно. Манай зарим "төрийн албан хачиг"-ийн гарын үсгийг авах нь талийгаач Жексоныхыг авахаас ч хэцүү гэдэг юм.
Худалдах орон сууцны үнэ одоо ам.метр нь дунджаар 485-805 орчим доллар байна. Бодит өртгөөс 2-3 дахин өндөр үнэ нь хахуулийн өртөг. Засгийн газар бидний татварын мөнгөөр 200 гаруй тэрбумынхаа тэн хагасаар өөрийнхөө албан хаагчдыг хахуульдахад зарцуулсныг төлж, албан хаагчдаа давхар халамжилжээ гэсэн үг. Мөн лут халамж шүү. Ард түмэн авлигыг ингэж төлдөг. Ийнхүү жижиг албан хачгууд 4000 оромж булаацалдаж, харин томчууд нь 200 тэрбум төгрөг булаацалдаж, төр гэм богинохон хугацаанд авах юмгүй холион бантангийн үүр болон хувирав. 145.000 хачиг цусыг нь сорж байгаа мал яаж таргалах вэ? Зуднаар үхээд өгнө биз дээ. Тиймээ саяын хямралаар золтой л явчихаагүй юм шүү. Уг нь хачиг таргалахаараа гуур болоод уначихдаг сан. Харин манай төрийн "гуур"-нууд бүр ч их цуслах юм. Эднээс яаж салах вэ. Засгийн газрыг унагаж уу?
Засгийн газар ганхав уу?
Уг нь Засгийн газар, унагах хэд хэдэн оролдлогыг амжилттай даван гарсан юм. Тэр эрчээрээ Оюутолгойн гэрээг батлуулахын даваан дээр ирлээ. Гэтэл Засгийн газар гайтай шалгаг гаргаад өгчихөв. Энэ бол наанаа 4000 орон сууц, цаанаа 200 гаруй тэрбум төгрөг. 4000 орон сууц л яриад байхаас яагаад 200 тэрбум төгрөгийг нь ярихгүй байгааг нь л гайхаад байна. Асуудлын гол нь энэ 200 тэрбум. Энэ мөнгийг л төсвөөс салгаж авахын тулд 4000 орон сууцны асуудлыг босгосон.
Өнөөг хүртэл Засгийн газрыг бат бөх тулгуур нь МАХН-ын алдарт хотын бүлэглэл байсан юм. Хотынхны бизнес нь газар, барилга, зөвшөөрөл гурав. Тиймээс энэ 200 тэрбумыг хотынхон Засгийн газрын хэдэнтээ тогтоож үлдээсэн нөр их ажлынхаа хөлс гэж боджээ. Хотынхны ходоодны мухарт “энэ бол манай засгийн газар биш" гэсэн бодол байна аа даа. Гэтэл юу ч хийгээгүй амьтад "цалингаас нь" хумслах гэв. Жишээ нь О.Чулуунбат. Өөрсдийнх нь барилгын компанид ажиллаж олсон туршлагыг нь үнэлж багийг нь бүрдүүлсэн "Орон сууцны санхүүжилтийн корпораци"-ыг тэр шуудхан авлигачид гэв. Хүн өөрийнхөө үнэнийг сонсох тун дургүй амьтан. Хотынхон 200 гаруй тэрбумыг бүрэн авахын тулд Засгийн газраа шантаажилж эхэллээ. Ингэхдээ "Засгийг унагавал ч унагая" гэсэн мессэж илгээжээ. Хотынхон ба Ерөнхий сайдын дунд цав гарсныг мэдсэн "вангийнхан" гуяа алгадан гүйлдэв. Хэрэв хотынхон эргэчихвэл бүх юм санаснаар боллоо гэсэн үг. Гэвч хаврын чуулганы төгсгөлд ид хүчээ авч байсан МAXH дахь "сөрөг хүчний фронт" бут ниргүүлээд сарнисан байлаа.
Ерөнхий сайд С.Баяр есдүгээр сарын эхээр Австралид айлчлах байсан юм. Тэр явсан бол гэрээг батлуулсныхаа шанг авахаар одлоо гэж баалахаар хүлээж байжээ. Гэтэл байдал ноцтой болсон тул Ерөнхий сайд айлчлалаа хойшлуулжээ. Айлчлал хойшлуулах үнэмшилтэй шалтгаан хэрэгтэй тул "Ерөнхий сайдын бие тааруу гэсэн" яриа гаргах нь зөв гэж бодсон бололтой байна.
Тун чиг сайхан баталгааны боломж гарч ирсэн нь МАХН-ын байрны нээлт юм. Намын дарга, Ерөнхий сайд ирсэнгүй. Ерөнхийлөгч асан ч ирсэнгүй. Ийм хүндтэй ёслолд ирэхгүй байхыг бодоход Ерөнхий сайд нэлээд ноцтой эвдсөн бололтой гэлцэв. Хазгай гишгээд шагайгаа булгалсан, хуучин бэртэл нь мэдэрсэн гэх мэт аман тайлбарууд ниссээр... Энэ зуур ордны гадна талд илүү ноцтой хуйвалдаан бэлтгэгдэж байгааг олон нийт анзаарахгүй байгаа юм. Энэ удаад асуудал зөвхөн Засгийн газраар үнэлэгдэхгүй бололтой. УИХ, цаашлаад Үндсэн хуулинд хүрч магадгүй юм.
Үргэлжлэл бий
Эх сурвалж http://economics.gogo.mn/news/59010
Saturday, September 5, 2009
Би Монгол Эр Хүн
Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навч
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших монгол эр хүн
###########################################
Би тулганд цойлон дүрэлзэх хүчит догшин галын дөл
Би шүлэг тэрлэн шүүрс алдах омог бардам Монгол эр хүн
Би халхын сайхан бүсгүйн харааг булааж хайрыг татсан
Би сэтгэл сэргээх айзам урсгаж уяран сагах Монгол эр хүн
Би нартад хорогдон шуугих хялмаат ширүүн шуураганы ширхэг
Би дуу аялан сэтгэл тайтгарч шуранхай хадаах Монгол эр хүн
Би сэтгэлийн сайхнаар ханиа дээдэлж халамжаа бүхэнд харамгүй хайрлах
Би халуун сэтгэл энэхэн биеээ бусдад зориулах Монгол эр хүн
Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навч
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших Монгол эр хүн
Би аргалын утаа үнэртэж ангир уургаа залгилж өссөн
Би тэнгэртээ сүслэн наранд залбирах хөх толботой Монгол эр хүн
Би дэлхийд тааваар амьдрах дээдэс заяат Монгол эр хүн
Би дээлээ бүсэлж хөөрөг зөрүүлэх дээшээ хиймортой монгол эр хүн
Би морин дэлдээр дарцаглан монголоо гээд цээжээ дэлдээд
Би морьтон ардын удам залгах уурага сунгах монгол эр хүн
##################################################
Би морин дэлдээр дарцаглан монголоо гээд цээжээ дэлдээд
Би барцадгүй монголын төлөө тэмцсэн өвгөдийнхөө зарлигтай Монгол эр хүн