Thursday, February 19, 2009

Засгийн газар эхлээд танхимаараа цалингаасаа татгалзъя

Олон Улсын Валютийн сангаас (ОУВС) манай Засгийн газарт 300 сая ам.долларын зээл өгөхийн тулд төсөвийн алдагдлаа зургаан хувьд хүртэл бууруулах болзолыг тулгасан билээ. Тиймээс С.Баярын Засгийн газар ОУВС-гаас зээлдүүлэх мөнгийг авахын тулд зарлагаа танахаар болж төсвийн тодотгол хийж байна. Яахав энэ бол байдаг л асуудал. Мэдээж төрийн үрэлгэн зардлыг хумих хэрэгтэй. Гэтэл тэд ард түмэнд үзүүлдэг халамжаасаа эхлээд танаж, төрийн албан хаагчдын цалинг 20-30 хувиар хасахаар болжээ.

Төрийн албан хаагчид гэсэн тодотголд багтаж буй эмч багш, цагдаа, үйлчлэгч, цэвэрлэгч гээд 140 мянган хүний ар гэрийн аягатай хоолноос хасах шийдвэрийг ийнхүү С.Баярын Засгийн газар гаргаж байна. Бас Монгол Улсыг хөгжүүлэх сангаас улирал тутамд хүүхдэд олгодог 25 мянган төгрөгийг байхгүй болгоно гэсэн. Өөрөөр хэлбэл, С.Баярын Засгийн газар хямралын үед хамгийн түрүүнд хүүхдүүдийнхээ хоолыг булааж төрийн төлөө зүтгэж яваа мянга мянган жирийн хүмүүсийн голыг харлуулахаар шийдэв бололтой. Тэгээд тэд яаж амьдралаа залгуулах юм бол. Цалинг нь 30 хувиар хассан ч төгрөгийн ханш 30 хувиар уначихсан байгаа гэдгийг яагаад бодолцдоггүй билээ. Өдөр ирэх тусам өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, валютийн ханш өссөөр байгаа. Төрийн албан хаагчдын нэг хүүхдийг сургалтын төлбөрийг төр даадаг. Гэхдээ нэг хүүхэдтэй хүн ховор. Хувийн сургуулиуд сургалтын төлбөрөө ам.доллар болон еврогоор авч байгаа. Тийм болохоор зөвхөн хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхдөө ханшийн зөрүүний алдагдал гэхэд л сая төгрөгөөр тооцох дүн гарна. Энэ бүхэн төрийн ургашгүй алхамаас үүдэлтэй. Манай улсад нүүрлээд байгаа эдийн засгийн хямралыг 40 хувь нь гадаадын зах зээлээс, 60 хувь нь төрийн бодлогоос болсон гэдгийг эдийн засагчид бодоод гаргачихсан байсаныг сануулъя. С.Баярын Засгийн газар бас нийгмийн халамжуудыг танах гэж өөрийн мэдлийн сониноороо хэлэлцүүлэг явуулж эхэлсэн. Халамжинд тийм их мөнгө зарлагаддаг гэж үү .Үгүй. Манай улсын захиргааны зардалд 1 триллон 3,4 тэрбум төгрөг зарцуулдаг бол борчуудад очиж байгаа нийгмийн халамжинд ердөө л 214 тэр тэрбум төгрөгийг зориулдаг гэж байгаа. Дарга нар өөрсдөө триллоноор нь зарж үрж байгаа атлаа жинхэнэ ардуудад очиж байгаа халамжийн мөнгөнд юунд тэгтлээ эгдүүцээд байгааг ойлгохгүй юм. Өнөөдөр хүүхдийнхээ 25 мянган төгрөгөөр амьдарч байгаа өрх гэр нэн олон. Бас ар гэртээ цалингаас өөр орлогогүй төрийн албан хаагчид хэдэн мянгаараа байгаа. Төр гэдэг ч нь С.Баяр болоод түүний танхимын гишүүд биш. Гудамжинд нимгэн хувцастай жиндэж яваа атлаа биднийг гэмт хэрэгтнээс хамгаалдаг эгэл жирийн цагдаа, нойр хоолгүй жижүүрт гарч хүний амийг авардаг эмч сувилагчид, түмний хүүхдийг бичиг үсэгт сургадаг багш нарын нуруун дээр төр тогтдог юм. Гэтэл С.Баярын Засгийн газар яагаад тэднийг золигт гаргахаар шийдэв ээ. Аргагүй ээ, одоо тэд МАХН-д хэрэггүй болж. Учир нь төрийн албан хаагчид намын харъяалалгүй болсон болохоор тэднийг хайрлах сэтгэл МАХН-д үлдсэнгүй. Ер нь тэгээд дэлхий дээр ганц манай улс хямраагүй болохоор гадны орнуудын жишээг хармаар, тэднээс суралцмаар дууриамаар зүйл олон байна. Тэд манайх шиг иргэдийнхээ цалинг бууруулж, борчуудынхаа халамжийг үгүй хийсэнгүй. Харин тэрбумтнуудаасаа, төрийн эрх баригчдаасаа эхлэн цалингаас нь татгалзуулж ард түмэндээ итгэл өгч байна. Тэд өөрсдөө үлгэрлэж байна. Ердөө долоохон хоногийн өмнө БНХАУ-ын Sany Heavy Industry корпорацийн тэргүүн Лян Вэнгэн өөрийнхөө санаачлагаар цалингаасаа татгалзаж сард нэг юан авч байхаар болсон байсан. Тэр уг нь жилд 92 мянган ам.долларын цалин авдаг байжээ. Корпорацийн тэргүүн нь өөрөө эхлээд цалингаасаа татгалзаад эхэлмэгц нийт ажилчдад нь итгэл төрж бүсээ чангалаад ажилдаа зүтгэдэг байна. Америкийн жишээ ч үүнийг нотлож байгаа. Тухайлбал АНУ-ын Жи Пи Морган, Морган Стэнли, Банк оф Америк банкуудын гүйцэтгэх захирлууд бүгд цалингаасаа татгалзаж сард нэг доллар авч байхаар болсон. Тэдний энэ санаачлагыг төр нь дэмжиж цалин элдэв урамшууллаасаа татгалзсан банкуудад мөнгөн дэмжлэг өгч эхэлсэн байна. Б.Обама ч “Хямралын үед урамшуулал гэдэг гутамшиг” гэж хэлжээ. Тэрбээр Цагаан ордноосоо эхлээд төрийн эрх баригчдынхаа цалинг бууруулах шийдвэрийг аль хэдийнэ гаргасан билээ. Тэгвэл Монголд өнөөдөр бүх юм эсрэгээрээ. Өөрсдийхөө цалинг хасаагүй байж ард түмэндээ очдог халамжийн хэдэн халтар төгрөгийг булаацалдаад байгааг ойлгоход бэрх. Ахмад дайчин өвгөний тэтгэмжийг хаслаа гээд улс орон сайн сайхан болчих уу. Олон хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эмэгтэйн хэдэн төгрөгийг хасаад хямралаас гарчих юм болов уу. Дөнгөж төрсөн хүүхдийн өлгий сүүний мөнгийг булаалаа гээд төрийн бодлого мэргэн болно гэж үгүй. Тэрний оронд харин Засгийн газарт сайдаар ажиллаж байгаа тэрбумтнуудын цалинг эхлээд хасъя. Ерөнхий сайд танхимтайгаа хамт цалингаасаа татгалзаж бусаддаа үлгэрлэх юм биш үү. Мэдээж С.Баярыг Б.Обаматай зүйрлэх нь дэндүү өөд нь татсан хэрэг болно. Гэхдээ эгэл ардын талхыг булаахаас нь өмнө тэрбумтнуудаа дагуулаад цалингаасаа татгалзвал төсвийн цоорхойд нөхөхөд бага ч нэмэр болох тооцоо гарах вий. За бүр төсвийн цоорхойг нөхдөггүй юмаа гэхэд ард түмний сэтгэл санаанд нөлөөлөхүйц шийдвэр болж таарна. Тэд хэрвээ ийн үлгэрлэж чадвал араас нь УИХ-ын гишүүд ч дагах болов уу гэж бодох юм. Өнөөдөр манай УИХ-ын 80 хувь нь тэрбумтнууд сууж байна. Тэдний элдэв төрлийн хангамжуудыг хасъя л даа. Унааны зардал, гадаад дотоод томилолт, утасны төлбөр гээд өчнөөн юм бий. Тэд хөдөө орон нутагт яагаад микроавтобусаар явж болдоггүй юм бэ. Бүгдээрээ нэг нэг жийп хөлөглөчихөөд очсон газрынхаа Засаг даргаас эхлээд багийн даргыг хүртэл чирч шатахууных нь зардлыг өсгөх хэрэг юу байна. Тэд бас мобикомын өндөр төлбөртэй гар утсыг барьчихаад түүнийг өнөөх компани нь дааж нэгэн хэлбэрийн авлига үүсгэх шаардлага байхгүй. Тэгээд ч хямралын үед өчнөөн ихх мөнгийг гадагш нь гаргачихсан л байсан компани шүү дээ.

Л.Мөнхбаясгалан

0 сэтгэгдэл: