Би засаг огцроход дургүй
-Хямралын эсрэг хөтөлбөрийн тухай УИХ-ын чуулганаар ярилцаж байхад Ерөнхий сайд С.Баяр та хоёрын хооронд болсон яриа олныг шуугиулж байна. Та Ерөнхий сайдыг яагаад бухимдуулахад хүргэчихвээ?
-Бухимдахгүй байхын ч арга алга даа. Энэ бухимдал хямрал чинь өмнө нь яригдаж л байсан зүйл. Өнгөрсөн оны 7-р сараас хойш энэ тухай ярихыг хүчээр зогсоосон л болохоос. Авлигаар илэрсэн улс төрийн, ядуурлаар илэрсэн тэгш бус хуваарилалтын гээд хямрал, зовлонгийн тухай сүүлийн хэдэн жил эрчимтэй ярьсан даа.
Одоо энэ гурав дахь хямралыг ганцхан гадаад орчинтой л холбох гээд байна. Гадны нөлөө ч байгаа л даа. Гэхдээ урьдах хоёртойгоо өнөөгийн хямрал нь нягт уялдаатай. Бүр 2000 онд "Төрөө хямралаас, Түмнээ ядуурлаас" аврах тухай асуудал манай улс төрийн гол уриа болж байсан. Тэр аврах төлөвлөгөө нь бүтээгүй. Дараа нь иргэний хөдөлгөөнийхөн системийн хямрал боллоо гэж ярьж эхэлсэн. 2004 оны сүүлээс эхэлсэн тэр тэмцэл яриа юу болсныг бид бүгд мэднэ. Ийм л юм. Үүнийг би товч сануулсан.
-Таны хэлснийг "бөөс ярилаа" гэж Баяр Ерөнхий сайд загнаа биз дээ. Ядарсан зүдэрсэн ард иргэдийн тухай ярьж байхад бөөс гэж зүйрлэх нь Засгийн тэргүүнд зохимжтой юу?
-Баярын хашиж байгаа алба ч амаргүй л дээ. Хүн л юм чинь бас хямралтай, бухимдалтай байсан байх. Өнөөдрийн, дэлхийн санхүүгийн хямрал ярьж байхад чинь өнгөрсөн баларсан юм ярилаа. Ядуурал ярилаа. Авлига ярилаа, хүний амь ярилаа гэж уурласан байх.
-УИХ-ын чуулганы үеэр жирийн л явдаг асуулт хариулт болж байх шиг байсан. Баяр дарга яг таны ямар үгнээс болж эмзэглэсэн юм бол?
-Уг нь би урьдчилж Ерөнхий сайдаас гурван асуулт асуучихаад үлдсэн хоёр минутандаа саналаа хэлэх гэж оролдсон юм. Миний саналын араас л Баяр тайлбар хийгээд эхэлсэн. Би ч дуугүй байгаагүй. Гишүүн бүрийн саналын араас өөрөөс нь асуугаагүй байхад тайлбар хийгээд байх нь бас зохимжтой биш л дээ.
-"Ядуурлын хямрал гэж юу яриад байна" гээд л Ерөнхий сайд хэлэх хэлэхгүй үгээр зөөлөн хэлэхэд Таныг их доромжлох шиг болсон. Танаас эргэж уучлал гуйсан уу?
-Сүржин асуулт юм. Юун уучлал. Зарим орны парламентад тэр байтугай юм гарч л байдаг. Уг нь сонгодог парламенттай газар бол засаг ингэж дураараа аашилдаггүй юм. Манай Их Хурал чинь парламент шинжээ энэ засгийг байгуулахдаа л алдсан.
Олонхи цөөнхи гэж бүтэц байхгүй. Засгаа хариуцлагаас зугатаалгаж хуйвалдаж бүрдүүлсэн. Их Хурал гишүүдийн цуглаан л юм. Хэдэн сайд, даргаа аялдан дагалдаад захиас хэлээд суухаас илүү гарахгүй. Институт шинжээ агуулгын хувьд гээчихсэн. Иймээс засаг нь "намайг хэн хэлэхэв" гэсэн аятай аашилдаг болчихсон юм.
-Хямралаас гарах хөтөлбөрт Таны санал хир тусав. Өмнө нь засаг тэргүүлж явсан хүний хувьд Таны санал манай уншигчдад сонин байх болов уу?
-Сая чуулганаар хөтөлбөрийг хэлэлцье гэж тогтсон. Их хурлаас нэг тогтоол гарах бололтой юм билээ. Гишүүдийн саналд засаг авах гээхийн ухаанаараар хандахаар болсон гэж ойлгосон.
Хөтөлбөрөө хамгийн ач холбогдол бүхий асуудалдаа чиглүүлэх нь зөв. Тухайлбал "Хүн бүрийг ажлын байраар хангах" гэж томъёолоод бусад асуудлуудаа, жишээ нь мөнгө санхүү, сургалт, үйлдвэр, зам барилга, хөдөө хот гээд дээрх гол зорилготойгоо уяж ажил болгосон нь илүү өгөөжтэй байх.
Мөн засаг мөнгөтэй хөөцөлдөөд бүтэлтэй юм болохгүй. Тэгснээс аж ахуйн нэгжүүдийнхээ олон улсын стандартад нийцсэн төслүүдэд нь баталгаа гаргаж өгөх нь дээр. Тэгээд үйлдвэржилт, дэд бүтэц, хүний хөгжлөө дэмжиж Монголд бий болж байгаа баялгийг урамшуулсан төлбөрийн нэмэгдэл систем нэвтрүүлэх хэрэгтэй гэх зэрэг олон санал бий. Хэлэлцүүлгийн үеэр хэлж ярилцаад болох байлгүй.
-Хөтөлбөр ч батлагдана. Харин Засгийн газрыг удахгүй огцорно, Ерөнхийлөгчөөс эхлээд олон хүний сонирхол нийлж байгаа гэж ярих юм. Энэ ортой юу?
-Наадах чинь улс төрд байдаг л нэг яриа. Би хувьдаа засаг огцроход дургүй. Энэ засгийг шахаж ажиллуулах хэрэгтэй. Хамтарсаны сайн тал гэж байдаг бол одоо л ашигладаг цаг.
Энхбаярыг танихад амаргүй
-Ерөнхийлөгчийн сонгууль ойртлоо. Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүс захаасаа аваад өөрсдийгөө зарлаад эхэллээ. Та бол АН-аас нэр дэвших магадлалтай гол хүний нэг!
-Ерөнхийлөгчид хэн нэр дэвших нь надад сонин биш байна. Өнөөдөр бид ямар ерөнхийлөгчтэй байгаа нь сонин байна. Ирэх сонгуулиар бид юуг өөрчлөх юм бэ гэдэг л чухал. МАХН-аас одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр дэвших нь бараг гарцаагүй байх.
Энхбаяр ч хоёрдох удаагаа яаж сонгогдох тухайгаа 2005 оны зун тангараг өргөснийхөө маргаашаас л бодсон хүн. Өнгөрч буй дөрвөн жилд зөвхөн энэ зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд бүхнээ чиглүүлсэн. Үнэндээ тэр Монголынхоо ядарсан иргэдийн төлөө хуруугаа олигтой ч хөдөлгөөгүй. Хөдөлгөсөн бол өөрийгөө л бодож хөдөлгөсөн байх.
Энхбаярыг зарим хүн зөвхөн нэг нэр дэвшигч гэж хараад байна. Энэ бол Монголын нийгэмд бугшсан олон хорт үзэгдлийн биежсэн төлөөлөл. Ингэж бодож явдаг хүмүүсийн нэгэнд би өөрийгөө багтдаг гэдгээ зарлах нь миний хувьд иргэний журамт үүрэг юм. Түүнийг өнөөдрийн хашиж буй албанаас нь сонгуулийн замаар зайлуулах нь Монголын улс төрийн амьдрал дахь хамгийн тулгамдсан асуудал гэж үздэг хүмүүс олон бий шүү.
-Ерөнхийлөгч Энхбаярыг Ерөнхий сайд байхаас нь манай сонин үнэний дуу хоолой болж их бичсэн. Дараа нь Их Хурлын дарга болсон. Одоо Ерөнхийлөгч, тэр энэ эрх мэдлээсээ тэгтлээ улайран зууралдана гэж та бодож байна уу?
-Энхбаярт үүнээс өөр зам байхгүй. Ийм хүн улс төрийн амьдралд анх удаа гарч ирж байгаа юм биш. Улс төрийн өндөрлөгт байхдаа заан байдаг, салангуут юу ч биш болдог. Иймээс л эрх мэдлийн хойноос үхэн хатан зууралдсаар, бусдыг тэр зорилгынхоо төлөө золиосолсоор байгаад дуусдаг олон баримтыг хүн бүр мэддэг.
Тэд нөгөө замаа сайн мэддэг юм. Тэр нь ард түмний шударга шүүх, гэсгээлт. Ийм этгээдүүдийн амжилт эргээд ард түмэндээ эмгэнэл болдог. Ийм хувь заяа тоссон удирдагчид хуучин Зөвлөлт гүрэнд олон байлаа. Тийм гутамшигт түүхээр баян газрууд зөндөө бий. Хожим хойно л тэднийхээ тухай их бичиж ярьж, үзүүлж хор уршгийг нь таньж авцгаадаг.
-Манай Ерөнхийлөгч сүүлийн үед бүр танигдахаа больсон. Авлига, хариуцлага гэж их ярина. Бүр үнэнээсээ ч юм шиг заримдаа бодогдох нь бий. Бас ард түмэндээ жинхэнэ хайртай болсныгоо ойрноос мэдэрсэн гэж байгаа?
-Энхбаярыг таних бол амаргүй. Би л хувьдаа нөхрийг таних гэж таван жил зарцуулсан. Таниад түүнийг жигших болтлоо бас таван жилийг үзлээ. Эхлээд богд ч гэж бодогдох үе бий, буг ч гэж бодогдох үе бий. Хүний л алдаа, улс төрд байдаг л зүйл, арай ч үгүй байлгүй, одоо л ойлголоо, гай зовлон гэсээр яваад л таван жил болчихсон байдаг юм.
-Энхбаяр Ерөнхийлөгчтэй та хоёрыг сайнгүй гэдгийг бид мэднэ. Харин Хонконгт хуралд хамт явлаа гэж дуулдсан. Ноднингоос хойш энэ хоёр гайгүй болчихлоо. Бүр үй зайгүй болчихлоо гэсэн яриа ч ойрмогхон дуулдсан шүү?
-Би Ерөнхий сайдын албыг өгснөөсөө хойш түүнтэй дотносож уулзаагүй удсан. Ноднин Олимпийн аварга төрдөг өдөр л баярласан баяртаа багтаж ядаж явахдаа өрөөнд нь орсон. Тэр өдөр юу болсныг яривал урт түүх. Албаны хурал цуглааны үеэр хааяа таарч л байдаг юм. Би Энхбаяр гэдэг хувь хүний тухай яриад яахав. Сайн ч хүн байж магадгүй. Энхбаярын өөрийнх нь үйлдэл, үйл ажиллагаанаас үүдэж бий болсон үзэгдлийг тайлбарлах нь нийгэмд тустай.
-Та Энхбаяр Ерөнхийлөгчийг хэдий үеэс мэдэх вэ? Анх яаж уулзсанаа санадаг уу?
-Ерээд оны дунд үед сураг нь гардаг л байсан. 1997 оны намар Багабанди гуайг Ерөнхийлөгч болсоны дараахь сонгуульд Б.Цэнддоог дэмжиж Завханд очиход л Энхбаяртай хальт таарсан. Тэгэхэд МАХН-аас тэнд Энхбаяр дэвшсэн юм. Удалгүй их хурлын чуулганы танхимд би олонхийн, тэр цөөнхийн бүлгийн ахлагч нэртэй нүүр тулсан.
Биднээс Энхбаярыг эрт таньсан нь Баабар байх. Сүүлийн 12 жил Энхбаярын тухай түүний бичсэнийг нийлүүлбэл Энхбаярын өөрөө бичсэн гэх найман ботиос хавьгүй даацтай агуулгатай юм гарах байх.
-Ерөнхийлөгч Н.Энхбаярын ямар зан танд таалагддаг бас эс таалагддаг вэ гэж асуувал Та хариулах уу?
-Хариулахгүй, харин Энхбаярын их улс төр рүү орж ирсэн эхний үе нь ардчилсан засгийн анхны жилийн ойтой давхацдаг. Тэр хүртэл манай улс төр үнэхээр цэвэр, ариун гэгээн байсан юм шиг санагддаг. Наад зах нь романтик, өөрөөр хэлбэл гэгээн хүсэл мөрөөдөл дүүрэн. Хувьсгалт нам ч, манайхан ч адил гэнэн цайлган, сэтгэл зөвтэй байсан юмуу даа. Алдаа нь хүртэл хор багатай, амжилт нь олон түмэнд өгөөж ихтэй байж дээ, одоог бодоход.
Тэр үед ардчилал дөнгөж л долоо хүрч нялх хүүхэд шиг дэрвэж байсан. Тэгээд л 1997 оны намраас Монголын нялх ардчилал Энхбаяраар самардуулж, самруулж эхэлсэн. Гурвын гурван засгаараа туг тахиулсан. Зоригоо алуулсан. Гурван гишүүнээ шоронд барьж өгсөн. Тухайн үед, одоо ч тэр бүхнийг ардчиллынхан дотоод зөрчлөөсөө боллоо гэж тайлбарлаж байсан, тайлбарлах нь бий. Үйл явдал болж, тоос намжсаны дараа харахад тэр бүгдээс Энхбаяр түүний хамсаатнууд хожсон байдаг. Улс төрд бурууг хохирогчоос нь биш хожигчоос нь хайх ёстой байдаг юм.
Энхбаярын тогтоосон ноёрхлыг шүүхээс зайлуулах хэрэгтэй
-Тэр үед одоогийн манай Ерөнхийлөгчийг казиногийн хэргээр дуудлаа гэж сонсогддог байсан. Гэтэл нөгөө муу ардчиллын хэд л хэлмэгдэж аавын хаалга татсан байх шүү?
-Энхбаяр бол амжилтаа ч муу аргаар бүтээдэг, алдаагаа ч муу аргаар хаадаг хүн. Өөрийнхөө бүтээсэн махны машинд үнэнч явсан нөхрөө хүртэл хонины гулууз шиг хаяж өгөх нь энүүхэнд. Толгойд нь халтай санагдвал шоронд хэд хонуулаад Лондон хүртэл элчингээр томилуулахдаа ч сийхгүй. Энэ бол үйлдэл төдий юм. Үзэгдэл талаасаа бол бүхэл бүтэн Монгол орныг түүний бүтээл сөхрүүлж байна.
-Үнэхээр таны хэлснээр Монголын ардчиллыг хэлмэгдүүлж ханаагүй л байна даа. Тэр үед гурван гишүүн нь шоронд орж, нэг нь алагдсан. Одоо Эрдэнийг дээрээс нь Ардчилсан намын хэдэн гишүүнтэй нь бүр нийлүүлж аваад шоронд хорилоо. Бас 300 шахам залуучууд хүүхдүүдийг?
-Шүүхийг Энхбаяр өөрийнхөө өрсөлдөгчийг дарах, шийтгэх бас өршөөн, уучилж хажуудаа татах хэрэгсэл болгож хэрэглэж ирсэн. Тэгэж ч байна. Эрдэнээд өгсөн, тэр хүүхэд залууст тулгасан ял бол шүүхээс хүний гэм буруутайд оноосон шийтгэл биш. Энэ бол Энхбаярын захиалсан ял. Монголын ардчилалд, ард түмэнд өгсөн ял. Ард түмнээ иргэний эр зоригтой байсанд нь, эрх, эрх чөлөөгөө өмөөрсөнд нь өгсөн шийтгэл. Шууд хэлбэл өөрийнх нь бий болгосон системд амин ашиг сонирхолд нь тэднийг аюул учруулж болзошгүй гэж Энхбаяр урдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа царай нь тэр. Ер нь ийм хэргүүд дээр бол шийдвэр нь урьдчилаад гарчихдаг. Шүүхийн танхимд орохоос өмнө Энхбаярын өрөөнд эсвэл түүний утасны нөгөө үзүүрт асуудал голдуу шийдэгдэж байх магадлтай.
Монголын шүүгчид ямар сэтгэлээр ажлаа хийдгийг ямар их ачаалалтай, ямар нөхцөлд ажилладгийг би гадарлана. Манай шүүгчид ихэнх нь олон газар явж, олон хурал семинарт оролцож номын дуу сонссон, шударга ёс яавал тогтдог, яавал устдагийг мэдэх хүмүүс. Хүний эрх, амь амьдрал гэж ямар ариун нандин зүйл болохыг тэд мэднэ. Тэд ганцхан Энхбаярын оролцоотой бий болгосон бурангуй машины араанаас гарч хүч нь хүрэхгүй байгаа юм. Манай нийгэмд шударга ёс тогтоохын тулд шүүхийг Монголоос салгах биш, Энхбаярын тогтоосон ноёрхлыг шүүхээс зайлуулах хэрэгтэй.
-Хүмүүс бол шүүхийг л буруу шийдлээ гэж ихэнх нь ойлгодог. Харин Энхбаярыг ард нь байдаг гэж хардаг нь цөөхөн байх?
-Гол арга нь тэр л дээ. Хэвлэлийг хэвлэлтэй нь, намыг гишүүнтэй нь, засгийг сайдтай нь, олон түмнийг шүүхтэй муудалцуулах байдлаар л Энхбаяр гол хожоогоо гаргадаг хүн. Салдаггүй сайн найзуудыг ч муудалцуулж чадна. Тухайлбал нэгийг нь дуудан ял төлөвлө гэж үүрэгдээд, нөгөөг нь аргадаж тэр чамайг ингэлээ гэж мөргөлдүүлээд сууна. Энхбаяр хямралыг ч хөзөр болгож ашиглана. Улс төр, эдийн засаг, санхүү, улс орон хямраад байхад тэр үлдээд л, хожоод л байдаг.
Өнөөдөр Монголын шүүгч бүрийн ажил, амьдрал, хувь заяа, өөдлөн дэвжих, уруудах эсэх нь Энхбаяр гэгч аалзны тэмтрүүл дор байгаа. Тэд Энхбаярын тодорхой захиалгаас өөрөөр хөдөлбөл, тэр дороо могойд хатгуулсан хулгана мэт болохыгоо мэднэ. Мэдээж Энхбаяр Монголын бүх хүний гэм ялыг захиалахгүй. Харин гэм ялгүйг нь яаж ялтан болгож, эргээд бүр өөрт нь хадгаа дэлгэж, бүхнээ барьж, цусаар уйлж ирэхийг тэр хүлээдэг. Зарим нь ч хэзээ ч эргэж ирэхгүйг тэр мэднэ.
Яг үнэндээ ардчиллын амин сүнс нь шударга ёс юм шүү дээ. Түүнийг бумбалж дархалж авч явдаг ариун газар нь шүүх. Одоо тэр ариун газар, шударга ёсны сүм ямар хоронд хүлэгдсэн байгааг хар. Эргээд ардчилал бол Монголын ард түмний сонголт. Өөдөлж дэвжих, бие дааж хөгжих магадгүй монгол хүн бүрт олдож буй цорын ганц боломж нь. Тэр боломжийн амин сүнсийг ямар гээч дээлтэй мангас гартаа оруулсныг хар.
-Эрдэнийг эсвэл тэр залуусыг санаатай гэмт хэрэг үйлдээд тэгээд тэднийг шударгаар ялласан гэхэд итгэх хүн бараг байхгүй. Энхбаяр Ерөнхийлөгч энэ бүхэнд оролцож чадаад байдаг л юм байх даа?
-Эх нь булингартай бол адаг нь булингартай гэж үг байдаг. Улс төрд энэ ямар чухал болохыг би мэднэ. Ялангуяа манай улсын хувьд, тэр тусмаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд алба хашиж байгаа хүмүүст. Тэр хүмүүсийн нэг үг, өчүүхэн хөдөлгөөн хүртэл шаардлагатай газраа бол цахилгаан гүйдэл адил нөлөөлдөг. Яг унтраалга дарах, асаахтай ижил. Тэд толгой дээрээ байгаа эрх мэдэлтний мессежийг ямар ч орчуулгагүй, гуйвуулгагүй шууд л авдаг.
Ерөнхийлөгч нь шүүхийн хараат бус байдлыг эрхэмлэдэг, түүнийг үнэлдэг байхад л өнөөгийн нийгмийн өнгө тэнгэр цэлмэсэн юм шиг л өөрчлөгдөнө. Зөвхөн улс төрийн өс хонзонгоор, эсвэл хувийн ашиг хонжоогоор шүүхэд Ерөнхийлөгч дарамт болохгүй байхад л манай оронд юм их өөр болно.
"Өөрөө нэг юманд итгэлтэй байж болно. Авлигатай тэмц, илрүүл. Шударга ёсыг нийгэмд бий болго. Өөрийг чинь хамгаална" гэж хэлэхэд хуулийн байгууллагынхан ямар урам зоригтой ажилладгийг би харсан. Яахав, хүн бүр янз бүр л дээ. Тэр итгэлийг даадаг нь ч бий, буруугаар ашигладаг нь ч бий. Гэхдээ л тухайн системийн орчинд эерэг цэнэг шууд давамгайлаад явчихдаг.
Авлигатай тэмцэхээр л амийг нь гогодож байгаа юм шиг болдог
-Та Ерөнхий сайд байсан хүн. Авлигатай зоригтой ч тэмцсэн. Гэхдээ л энэ авлига хүнд суртал чинь улам гаараад, ардчилал эрх чөлөө улам л хумигдаад байна. Үүнийг манай Ерөнхийлөгч юунаас болоод байна гэж үздэг бол?
-Ардчиллыг Энхбаяр ч тогтолцооны хувьд буруу гэж боддоггүй байх. Ардчиллын агуулга, амин сүнс нь шударга ёс, нэг үгээр хэлбэл хуулийн хэлбэрэлтгүй тэгш үйлчлэл. Тэр агуулгаас нь ардчиллыг салгачихаар ардчилал бол аль болох муу муухайгаар дүүрэн арьс болоод үлдчихэж байгаа юм. Манай ардчиллыг дүрсэлбэл ардчилал гэсэн шуудай, дотор нь дүүрэн авлига. Хажууд нь хаан малгайтнууд.
Авлигатай бодитой тэмцэхээр л эд дургүй байдаг. Яг амийг нь гогодож байгаа юм шиг болдог. Бид бол ардчиллыг эд баллаж байна гэж хардаг. Эд бол бидний амьдардаг орчинг ардчиллынхан сүйтгэх нь гэж л айдаг. Засагт очихоор өөрийн эрхгүй л албан тушаалтнуудтай цаана нь авлигатай барьцалдаж авахад хүрдэг. Тэдний хүч ч их юм, тоо нь ч олон юм. Аргагүйн эрхэнд хүчинд автана. Тэгээд л нөгөө "Элбэгдорж огцорч ханахгүй, эмэгтэй хүн төрж хаширахгүй" гэдэг үгээр намайг даапаалдаг юм.
-Ардчилал одоо яг Монголд байна уу, эсвэл бүрэн устсан уу. Та юу гэж хэлэх бэ?
-Ардчиллыг бүрэн устгана гэж байхгүй. Ард түмнээс илүү гарсан устгал гэж байдаггүй. Авлигач нэг хэсэгтээ оодордог, дараа нь баригддаг. Ард түмэн олон үедээ байж л байдаг. Монголд ардчилал бий. Гэхдээ буу, шоронгоор асуудал шийдэж болохгүй. Тэгвэл энэ улс буруу тийш явна.
-Эрдэнийг болон 7-р сарын 1-ний хэргээр яллагдсан хүмүүсийг шоронгоос гаргаж авч чадна гэж та итгэдэг үү?
-Чадах ёстой. Би түрүүн дээрх ял бол тэдэнд тулгасан ял биш нийт монголчуудад оноосон шийтгэл гэж хэлсэн дээ. Учир нь энэ орон ардчиллын ачаар монгол хүн бүрийн эх орон болчихоод байгаа юм. Сайн муу ямар хүн байх нь хамаагүй. Хүн бүр өөрийн үзэл бодолтой, үнэт зүйлтэй. Тэр нь үнэлэгдээд ирэхээр хүн бүр үнэтэй болдог.
Монголын газрын зургийг эвлүүлэх юм бол 2 сая 600 мянган хүнээр эвлүүлсэн морь унасан Монгол хүн шиг тийм өнгөлөг, зоримог зураг харагддаг юм. Монгол хүн нэг бүрийн зүрх сэтгэл, үзэл санаа, жаргал зовлон Монголыг ингэж бий болгодог.
Монгол чинь 1990 оноос хойш жинхэнэ ёсоор үзэл санааны эх орон болсон. Үнэт зүйлийн эх орон. Тэр нь Монгол хүний эрх чөлөө, бие даасан байдлаар дамжиж илэрхийлэгдэж оршдог юм.
-Үнэхээр л улс гүрэн гэдэг хүнгүй бол зүгээр л газар шороо юм. Хүн байж, тэр нь үнэтэй байж улс гүрэн байдаг гэж Та хэлэх гээд байна уу?
-Хүнээр л дамжиж энэ соёл иргэншил чинь бий болсон. Түүнээс биш олон сая жилийн өмнө манай гариг үлэг гүрвэл нь хөлхөөд байж л байсан. Хүн байхдаа бас гол нь биш. Хүн эрх, эрх чөлөөтэй байснаар хүний нийгэм илүү учир утгатай, бүтээлч болдог. Тэр эрх нь зөрчигдөхөөр хүний нийгэм бараагаад эхэлдэг.
Өөрөө бод доо. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн хуурамч дүн түүнээс үүдсэн эмгэнэлтэй харамсалтай үйл явдлууд чинь суудал, ямбандаа улайрсан манай увайгүй эрх баригчдын ажил байсан. Иргэдийнхээ хууль ёсны сонголтыг хууль бусаар өөрчилнө гэдэг бол тэдний тэр дархан эрх, бие даасан байдал, тусгаар тогтнол, үнэт зүйлсэд нь итгэлийг нь эвдэн халдсантай ижил. Зүгээр л иргэдийнхээ төр засгаа өөрсдөө сонгож байгуулах эрхийнх нь эсрэг төлөвлөгөөт, "бохир дайн" өдөөсөн. Тэгээд л хүмүүс эрхээ өмгөөлж чадлаараа тэмцсэн.
Бид ардчилал гэж олон жил ярьсан. Түүнийг бий болгоно гэж бүгдээрээ шахам амь амьдралаа золиослон зүтгэсэн. Хэрэв ардчиллаар олж авсан Монголчуудын ололтыг сонгуультай холбож ойлговол хүн бүр өөрийнхөө сонголтоор төр засгаа бүрдүүлнэ л гэсэн үг.
Гэтэл тэр дархан эрхээ эдлээд дархан шийдвэрээ сонгогчид гаргачихсан байхад тэр шийдвэрийг нь харж байхад нь ард түмний нүдэн дээр "урж" хаясан. Үүнээс илүү доромжлол гэж байж болох уу! Бүр дарангуйллаас дор. Ард түмнээр тоглож байгаа юм шиг.
Сонгуулиа өг гэж сонгуульд оруулна. Сонголтоо хийнгүүт нь тэр сонголтыг нь үүр шөнөөр сольчихно, эсрэгээр нь өөрчилнө. Сонгууль гэж баахан түмний мөнгө, нерв, ажил, алтан цагаар нь тоглодог. Тэгээд эцэст нь үр дүнг нь үгүй хийдэг. Ингэснээр эрх баригч анги нь эрх тушаалдаа үлддэг, сайн дур нь хүрвэл сандал суудлын өнцгөө заримтай нь найр тавьж хуваалцдаг. Үүнийг харсан байтугай, энэ тухай бодсон хүний уур хүрмээр байгаа биз дээ!
-Ийм байдлаас яаж гарах вэ?
-Бусдын туршлагыг хар. Монгол хүнийг өөрийгөө байна гэж хар. Эрхтэй, үнэтэй. Миний юм гэж өөриймсөг хар. Хүн шиг хүн гэж хар л даа. Сая манай хэсэг хүмүүс Бангладешт сонгууль ажиглаад иржээ. Зарим талаар хөгжил дорой ч сонгууль нь ямар шударга болдгийг гайхаж ирсэн.
Хамгийн гол нь тэр орны шударга сонгуультай болсон түүх нь бидэнд сургамжтай юм. Эрх баригчид нь сонгуулийн булхай хийж луйвраар төр засгийнхаа эрхэнд үлдэж байгааг эсэргүүцэж, ээлжит нэг сонгуулийг нь сөрөг хүчний намууд нь нийлж бойкотолсон. Эрх баригч нам нь сонгуульд орж ялсан. Дараа нь тэмцэл хөдөлгөөн өрнөж хүний амь нас үрэгдсэн.
Гишүүн оронд нь иргэний дайн ч болж магадгүй нөхцөл үүссэн учраас НҮБ-аас тусгай хүч очиж тэнд ажилласан. Түр Засгийн газар байгуулж ажилд нь оруулаад, иргэдийнх нь нарийвчилсан бүртгэл хийсэн. Сонгуулийнх нь хууль, зохион байгуулалтыг өөрчилсөн. Өмнөх сонгуулиар нь 10 сая гаруй саналыг эрх баригчид нь зохиомлоор нэмж байж гарч ирсэн нь тогтоогдсон. Тэгээд НҮБ-ын мандат дор шинэ хуулиар сонгуулиа хийсэн. Нөгөө ялагдаад байдаг сөрөг нам нь 85 хувийн дэмжлэгийг ард түмнээсээ авч ялсан байгаа юм.
-Тэгвэл 7-р сарын 1-ний үйлдлээр шоронд хийсэн иргэдээ бүгдийг цагаатгаад, НҮБ-д хандах нь зөв гэж Та бодож байна уу?
-НҮБ-аас 7-р сарын нэгний асуудалтай холбоотойгоор энэ Засгийн газарт миний мэдэхээр хоёр ч удаа албан ёсоор хандсан. Энэ нөхдүүд бүхнийг болж бүтэж байгаа байдлаар хуурамч хариу хүргүүлсэн. Зарим шаардлагатай, ноцтой асуултад нь ерөөс хариу өгөөгүй сурагтай.
Би тэр тэмцлийг удирддаг байж гэж чин сэтгэлээсээ боддог
-Сүүлийн үед манай дарга нар эв нэгдэлтэй байя гэж их ярьж байна. Ерөнхийлөгч "эвтэй бол хүчтэй" гэсээр байгаад сонгогдсон. Тэр эвтэйн хүчээр хөгжсөн бүтсэн зүйл харагдахгүй л байна шүү дээ?
-Би эв нэгдэл гэдгийг эдэнтэй эсвэл Энхбаяртай эвтэй бай, санал нэгтэй бай гэж ойлгодоггүй. Шударга ёс бол эв нэгдлийн суурь. Жирийн хүн нэгнээсээ мөнгө зээлээд төлж чадахгүй болохоор тэр нь залилан болоод шоронд орж байна. Гэтэл нэг хүн түмний хөрөнгөнөөс тэрбумаар нь ил цагаан идээд ордонд суугаад л байна.
Байшингийн цонхон дээр хүртэл ялгаа гараад байна. Айлын байрны цонх хагалаад шоронд хүн орлоо гэж би сонсоогүй. Гэтэл намын байрны цонх хагалахаар яаж байна. Нөгөө хүн төвтэй нийгэм чинь гэнэт эргээд байшин төвтэй болох уу. Хүүг нь буудчихаад, шоронд хийчихээд ээжтэй нь эв нэгдэл яриад байж болохгүй биз дээ. Шударга л бай, тэгвэл эв нэгдэл ирнэ.
-Танаас асуухгүй өнгөрч болохгүй нэг зүйл байна. Өршөөлийн хууль юу болсон бэ?
-Уг нь манай шүүх дээлтэй мангасын атганд байдаггүйсэн бол зохиомлоор бүрдүүлсэн хэргийг нь хэрэгсэхгүй болгоод тэдгээр иргэдийн хохирсон нэр төрийг цагаатгах учиртай юм. Гэхдээ бас нүдийг нь хариулна гэдэг шиг алаг цоог, энд тэнд, давж заалдсаныг нь харгалзаад шүүхийн янз бүрийн шатанд хэдэн хүүхэд, эмэгтэйг шийтгэх, шийтгэхгүй байхын хооронд чөлөөлж байх шиг байна. Шүүхийнхний арга нь барагдсан ажил.
-Бусад оронд ийм хэргийг яаж шийдэж байгааг та анзаарсан уу?
-Би өмнө нь энэ тухай нэг бус удаа ярьсан л даа. Тухайлбал манай урьд хөршид АНУ-ын Элчин сайдын яамны байшин болон бусад баахан хөрөнгө эвдсэн сүйтгэсэн жагсаал цуглаан болсон. Хэдэн залуусыг цөөхөн юанаар торгоод л өнгөрсөн байдаг. Гүржид гарсан бослого тэмцлийн хөлд юу болсныг хүмүүс мэднэ. Түүнд өртөж амь насаа алдсан, өртөж гэмтсэн хүмүүст нөхөн олговор, эмчилгээний зардлыг нь төлсөн. Украйнд гарсан тэмцэл хөдөлгөөний удирдагч нь Улсын Их Хурлынхаа дарга болсон түүх ч бий.
Хамгийн гол нь иргэдийгээ эрхтэй, үнэтэй, үнэт зүйлтэй гэж үздэг орнуудаас бид сургамж авах хэрэгтэй. Тухайлбал Францад 2006 онд болсон жагсаал цуглаан мөргөлдөөний үеэр гурван хүний амь үрэгдэж, 70 гаруй машин шатаж, 40-өөд албан байгууллага хохирсон. Манайхаар уг үймээнийг өдөөн турхирагч, зохион байгуулагч, түүнд идэвхтэй оролцсон 400 гаруй хүнд 42 цагийн "Зан төлөв засах" хичээл заагаад л өнгөрсөн байдаг. Италид, бас бус оронд хөл бөмбөгийн тэмцээнээс хүртэл үүдэлтэй бөөн мөргөлдөөн гарч л байдаг. Гол оролцогчдынх нь тэмцээн үзэх эрхийг хэдэн сараар хассан дуулддаг.
За тэр хөл бөмбөг ч яахав. Хамгийн гол нь улс төрийн эрх, хүний салшгүй эрхээс үүдэлтэй тэмцэл хөдөлгөөнийг миний сонссоноор үймээн самуун, зохион байгуулалттай хэрэг гэж үзэж яллаж шийтгэх нь буруу гэдгийг соёлт хүн төрөлхтөн мах цусандаа ортол ойлгож л дээ. Учир нь хүнийхээ эрхээр, үнэт зүйлийнх нь хамгаалалтаар дамжиж тухайн улс гүрэн, нийгмийн орших эс орших нь тодорхойлогддог.
Тэр бүү хэл, зовлон үзсэн зарим улс гүрэн тухайлбал Германы Үндсэн хуулинд хууль бус аргаар иргэдийн сонгох эрхэд халдвал, төрийн эрх авбал герман хүн бүр байгаа суугаа газар болгондоо бүх боломжит аргаараа тэмцэл өрнүүлэхийг баталгаажуулсан байдаг гэж би сонссон. Эрх чөлөөний төлөө, хүний эрх, үнэ цэнэт байдлын төлөө тэмцэл ямагт үнэтэй байсан. Эх орноо цусаараа хамгаална гэдэг, эрх чөлөөгөө амиараа хамгаалахтай утга нэгтэй явж ирсний учир энэ юм. Үнэхээр 7-р сарын 1-ний тэмцэл бол манай иргэдийн өөрсдийнхөө, ард түмнийхээ дархан эрхийг өмөөрсөн эх оронч тэмцэл байгаа юм.
-Та бол 7 дугаар сарын 1-ний явдлыг ард түмнийхээ бие даасан байдал, гаргасан дархан шийдвэрт халдсан халдлага гэж үзэж байгаа юм байна. Тэгвэл тэнд байж тэмцсэн хүмүүс чинь ёстой "Манай үеийн баатрууд" байх нь ээ дээ?
-Би хүчирхийллийг хэзээ ч зөвтгөхгүй. Хүчирхийлэл дандаа эрх мэдэлтэй холбоотой байдаг. Ард түмний зүгээс хүчирхийлэл гардаггүй юм. Учир нь тэдэнд тэр хүчирхийллийг үйлдэх зэвсэг нь цэрэг цагдаа нь, шүүх шорон нь, тамга тэмдэг нь, алба ямба нь, эрх мэдэл нь байдаггүй юм.
7 дугаар сарын 1-ний үйл явдал бол Монголын ухамсарт иргэдийн эрхээ хамгаалсан, эрх чөлөөгөө өмөөрсөн эх оронч тэмцэл байсан. Хойшид ингэж бичигдэх үнэлэгдэх цаг ирнэ. Наад зах нь би өнөөдөр ингэж хэлж байна. 7-р сарын 1-нээр далимдуулж иргэдийг, залуус хүүхдүүдийг шоронд барьж хийнэ гэдэг бол Монголын эр зоригийг, наад зах нь хэнээр төрөө бариулахаа мэддэг монгол хүмүүсийн иргэнлэг, бие даасан байдлыг үгүй хийж байна гэсэн үг.
-Та дээхнэ хэлж байсан "Чулуу шидсэнийг нь та нар олоод шийтгэж чадаж байгаа мөртлөө хүн буудсаныг нь яагаад олохгүй байна" гэж. Ер нь тэр хэрэг юу болсон бэ?
-Эрхтэй, мэдэлтэй этгээдүүдийн хийсэн хэрэг, тэр бүү хэл үйлдсэн аллагууд ил байвч олдохгүй болдог. Харин тэдний тойрогт багтаагүй бол эгэл мөрөөрөө явсан жирийн иргэд тамлуулж яргалуулж, амь амьдралаа алддаг систем Монголд бий болсны тод гэрч. Өөрсдөө болохоор эд нар чинь шударга шүүхээс "халуурлаа", "даралт ихэслээ" гээд л бултдаг улсууд. Тэр хүмүүсийг хэн буудсаныг, тухайлбал манай Ерөнхийлөгч мэдэхгүй байна гэж өөрөө бодож байна уу? Мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Таван хүний алтан амийг бүрэлгэсэн гэмт хэрэгтнүүд, гэрчүүд, зохион байгуулагчид, тушаал заавар өгөгчид нь хэн болохыг Энхбаяр мэдэж л байгаа. Уг мэдлэгээ тэр эрх мэдлээ хадгалах, эргэж сонгогдоход нь үйлчлэх бас бусдыг барьцаандаа байлгах, өөрийгөө зөвтгөхөд ашиглах гар мод болгож хувиргачихаад байна. Энэ байдал Энхбаярт дээрх байдлаар үйлчлээд зогсож байгаа бол ч яахав. Түүнээс ч ноцтой юм байна.
-Тэр нь юу вэ?
-Таван хүнээ буудуулахад монголчууд таг дуугүй болж байна. Өөрийн дарангуйлагчийн гарт өрцөө зүсүүлэхэд ч зарим нь бэлэн байна. Айж байна. Монгол хүмүүсийн өөрийн эрх мэдэл, эрх чөлөө, үнэт зүйл, үзэл санаа хамхуул мэт хийсэж, эсвэл дотогшоо айдас хүйдэст дарагдаж уусаж алга болж байна. Тавыг нь алахад өөрийн дарангуйлагчийн гарт орж байгаа улсууд, тавийг нь хөнөөхөд хүний дарангуйлагчийн шаахайнд гишгэгдэж болох биш үү. Үүнээс илүү ноцтой байдал гэж байж болох уу!
Үнэхээр эд ойлгох ёстой. Эднийхээр би жагсаал цуглаан хийсэн, бүдүүлэг авир төрх гаргасан хүмүүсийг өмөөрч байгаа юм биш. Монгол Улсын бие даасан байдлын илэрхийлэл болсон иргэний эрх, түүнийгээ хамгаалах монголчуудын иргэнлэг мэдрэмжийг би өмөөрч байгаа юм. Монголчуудын бие даан амьдрах чадвар, эр зоригийг хэрхэвч мохоож болохгүй.
Монголчуудын энэ олон зуунд, олон зовлонг туулж өдий зэрэгтэй ирснийх нь нууцыг би ингэж боддог. Тэр нууц бол монгол хүний бие даан амьдрах чадварт, эрх чөлөөнд дуртай, зоримог байдалд нь оршдог гэж би итгэдэг. Монгол хүн бол шоронд тарчилж, шороо утаанд дарагдаж, загас шиг дуугүй, хаврын борлон шиг хачиг бөөсөндөө таталдаж амьдрах ёстой хүмүүс биш. Цөөхүүлээ ч бахархах их түүхтэй, бариад үнсэх эх оронтой, алдаж асгасан ч ахиад л олж авах гэж тэмцдэг эрх чөлөөтэй хүмүүс шүү.
-Таныг дээрх тэмцлийн гол зохион байгуулагч, бараг санхүүжүүлэгч гэж зарлаад, далдуур тийм болгох гээд есөн шидээр үзэх юм. Та энэ талаар огт дуугарахгүй байна!
-Дуугараад яах юм. Чаддаг юм бол зохион байгуулагчаар, санхүүжүүлэгчээр өөр юугаар байдаг юм, тодруулаасай намайг гэж би хүлээсээр өдий хүрлээ. Даанч эд байхгүй юмыг бий болгох гэж хичнээн чардайгаад чадахгүй байна. Би нэг юманд их харамсч явдаг.
-Юунд билээ?
-Би тэр тэмцлийн зохион байгуулагч байж чадаагүй дээ, наад зах нь нэг лоозон бичих метр даавуу, ширхэг будаг олж өгч, тусалж чадаагүйдээ харамсдаг. Би тэр тэмцлийг, тодруулаад хэлье, 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн тэр тэмцлийг удирддаг байж, зохион байгуулдаг байж гэж чин сэтгэлээсээ боддог, бас тэгэж чадаагүйдээ харамсдаг.
-Та чинь Сүхбаатарын талбайд очоо биз дээ. Түүгээр чинь таныг эдний нэрлэдэгээр "үймээн самуун"-ыг өдөөсөн, турхирсан гэдэг нэр хоч өгөөд байгаа юм биш үү.
-Сүхбаатарын талбайд хэд хэд очсон. Маш олон хүнийг эрх мэдлээ улайран хамгаалагчдын тэр өдөөсөн гал, зодоон, сумнаас хол байлгахыг хичээсэн. Гэхдээ би зуны эхэн сарын тэр аагим халуунд тийм олон хүн гараад ирнэ гэж бодоо ч үгүй. Тийм цуглаан болох тухай, түүнд хүн олон цөөн ирэх тухай зүүдлээ ч үгүй байсан юм.
Би тэгэхэд залуусаараа, ард иргэдээрээ бахархсан. Манай иргэд чинь ямар гайхамшигтай эрх чөлөөний мэдрэмжтэй юм бэ гэж. Яаж түүнийгээ зориг төгөлдөр хамгаалж тэмцэж байгааг нь харсан. Хүмүүсийг тэгэж тэмцэнэ гэж тэр үйл явдлын өмнө хэн нэгэн хүн надад хэлсэн ч би итгэхгүй л байсан.
Тэр өдөр хэвлэлийн бага хурал хийхдээ хүртэл иргэдийн цуглаан жагсаалын тухай нэг ч үг би хэрэглээгүй байдаг. Нөгөө л Ерөнхийлөгчид хандана, намын зөвлөлдөө хэлнэ, дахин тоолуулна, хариуцлага тооцуулна энэ тэр гэж л, одоо бодоход мөрөөдлийн жагсаалтаа уншиж байсан байгаа юм. Аанаа л ард түмнээсээ мань мэт нь яаж тасарч байсны бас нэг нотолгоо тэр л дээ.
-Та ч тэр үед хийх юмаа бас хийсэн шүү. 7 дугаар сарын 1-нд Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, намуудын дарга нарыг АН-ын даргын, таны гарын үсэгтэй бичгээр шаардаж цуглуулсан. 7 дугаар сарын 2-ны өглөө Та Монгол телевизээр яаж, тэр камерт нь орсон юм бүү мэд. "Онц байдлын уршгаар төдөн хүн алагдсан, мянгаад хүн хоригдсон байна. Хэвлэл мэдээлэл бүрэн хаагдлаа. Энэ хүчирхийллээ зогсоо. Ард түмнийг өмгөөлөх эзэн бий шүү" гэж мэдэгдэл хийсэн. Хаа сайгүй айдаст автсан хүмүүст тэгэхэд л нэг "арай ч бүх юм дуусаагүй юм байна" гэсэн найдлага төрсөн байх?
-Тэр үед жирийн иргэд гэлтгүй бүгд л айдастай байсан. Энхбаяр ч их айж байсан. Түүний шийдвэрт хөөрсөн хүмүүс юу ч хийхээс буцахгүй болчихсон байсан л даа. Юу хийснийг нь тэр ч мэдсэн. Гэхдээ явж явж л ард түмний эрх чөлөөний мэдрэмж, түүнд тулгуурласан эрүүл санал бодол давамгайлах юм.
Тэр үед бидний эсрэг хийрхэл оргилдоо тултал гозолзож, зохион байгуулалттайгаар биднийг үзэн ядуулж, бас үзэн ядаж байсныг өнөөдөртэй харьцуулахад шөнийн харанхуй, үүрийн гэгээ хоёр шиг санагдах юм. Тэр үед намайг, олон хүнийг үзэн ядаж байсан зарим нь хүртэл "Энэ соёлын төвийг шатаасан, морин хуур хугалсан хэргээр нэг ч хүн ял авлаа гэж сонсогдохгүй юм. Дээдэс өөрсдөө зохион байгуулчихаад тэр хэдийгээ нуучихсан юм биш байгаа" гэж эргэлзэж тээнэгэлзэж явах хүнтэй хүртэл таарч л байна. Цаг хугацаа, ард түмний саруул ухаан бүхнийг байранд нь тавих цаг ирнэ.
Би юунд бухимдаж байна гээч…
-Манай Ерөнхийлөгчийн ивээлийн хэвлэлүүд таны эсрэг нэг идэвхжээд, нэг намжаад байх юм. Таны энэ яриаг уншаад Таныг гутаах ажил ч хуурай өвсөнд гал тавьсан юм шиг явах байх даа?
-Нөгөө Мэргидийг дайлаар мордох гэгч л болно. Манай Энхбаяр жанжин ч тэсэлгүй бүх бялдуучдаа дуудна. Өөрсдөө ч гүйж орно. Хууль шүүхийнхнийг өөрөө олгосон гэж үздэг хутгатай, сэлэмтэй, мөрдөстэй, албатай, тамгатай, тамгагүй бүхнээ байх суух газаргүй болтол нь тэр дарамтална. Зарим нь байдгаараа ажиллах байх, зарим нь нүүрэн дээр нь "за" гэчихээд өөр тийш ч таваргаж мэднэ. Түүнийг тойроод хүний адгууд цуглачихсан байдгийг Энхбаяр өөрөө ойлгож ядаж байдаг л юм.
Гэхдээ зүгээр. Энхбаяр авлигалынхаа хэдэн төгрөгийг цацаж л байг. Хямралын үед хэдэн хүн ч болов орлоготой, хийх ажилтай болох биз. Нөгөө талаас би хүний мууг хэлж болсон юм, намайг тэд давж л муу хэлэх гэж оролдох нь жам. Миний ээж хэлдэг юм. "Муу хэлүүлдэггүй хүн байдаггүй юм. Салхи ордоггүй жалга байдаггүй юм" гэж.
-Эрдэнээгийн тухай яриа руу эргэн оръё. Тэр Ерөнхийлөгч Энхбаярыг намын дарга, Ерөнхий сайд байхад нь өрсөлдөж байсан. Одоо тэр түр үнэмлэхээ авсан Улсын Их Хурлын гишүүн ч гэсэн Ганц худагт хоригдож байна. Эрдэнээг шоронд хийсэн нь "Надтай өрсөлдвөл ингэдэг юм" гэсэн сүрдүүлэг байж болох уу?
-Наадах чинь гүнзгий утгатай. Эрдэнэ бол маш хүчтэй зоригтой хүн. Энхбаяр бол асар аймхай, хүний санаад оромгүй муу аргатай. Өөрийн хүч гэж түүнд байхгүй. Төрийн институтийг л сар өдрийн хоолныхоо цэс, заримдаа мэс болгож ашиг сонирхлоо гүйцэлдүүлдэг хүн.
Эрдэнэ бол маш олон найз нөхөдтэй, үнэнч дэмжигчидтэй. Тэр хаана ч явсан ядарсан нөхдөө, нөгөө хэдэн муу партизанаа байнга л өөд нь татахыг бодож, бүр татаж ажил албатай, амьдралтай, нэртэй төртэй болоход нь тусалж явдаг хүн. Энхбаяр бол хамт явсан нөхрөө хэргээ бүтээгээд л хаядаг. Бас зүгээр хаяхгүй. Бүр хэнд ч хэрэггүй, ашигласан алчуур даавуу шиг болтол нь араас нь дагаж хорлодог, доош нь хийдэг.
Эрдэнээс Энхбаяр болон түүний өнөөгийн долдой нар сүнсээ гартал айна. Эрдэнэ л хэний ч хэлж зүрхлэхгүй үгийг тэдний өөдөөс хэлж чадна. Амь амьдрал нь болсон алба тушаалаас нь салгаж ч мэднэ. Эрх чөлөөгөө олж, шударга ёс тогтож байвал Эрдэнийг байдгаа золиослоод дагах хүн түм. Энхбаярыг бол ашиг хонжоо харж, авлига өглөг, одон шодон гуйж дагах хүмүүс ч бас цөөдөхгүй.
-Монголын төр зүтгэсэн хүндээ халтай байх юм гээд манай томчууд хэрэгт орох шахахаар нэг енгэнүүлээд авдаг. Үүнтэй адил ардчилал түүнийг авч ирсэн хүндээ ээлгүй байна уу?
-Ардчилал бол өөрөө араа шүдгүй, энэрэнгүй учраас хүчин мөхөсдөх үе бишгүй л байдаг. Энэ чөлөө дэндээд баларчихсан улс орон гэж би сонсоогүй. Эрх мэдлийн хэнээрхэл дэндэхээр юу болдгийг хүмүүс мэднээ. Энэ орон бол Эрдэнэ шиг эрх чөлөөнд дуртай хүмүүс сайхан амьдрах ёстой орон. Харин Энхбаяр шиг хүмүүс хоргүйхэн шиг холхон явах газар.
Өөрөө мэднэ дээ. Зөвлөлт гүрэн Сталины үед ганцхан хүний л эх орон байсан. Залуу маршал Тухачевский Сталины махны машинд өртөж шоронгийн хүйтэн хана түшиж буудуулахдаа "Сталин мандтугай" гэж чин сэтгэлээсээ хашгирч байсан. Олон хүн ганц Сталиныг гайхамшигтай удирдагч түүнээс бусад нь харин тэднийг хэлмэгдүүлж, алж байна гэж бодсоор үхэж байсан. Дэлхийн дайны үед Зөвлөлтийн цэргүүд хүнд тулалдаанд орохдоо зуу татаад "Сталины төлөө" гэж дайрдаг байсан. Тэд өөрсдийгөө Сталины төлөө амьдарч, тулалдаж байна гэж боддог болчихсон байсан.
Амь амьдралаа зориулсан тэр аугаа удирдагч нь үнэн чанартаа хэн байсныг мэдэхгүй үүрд явсан нь тэдний аз байх.
Ардчилсан улс оронд хүн өөрийнхөө төлөө амьдардаг. Гэр бүлийнхээ төлөө, хамт олныхоо төлөө амьдардаг. Хамгийн гол нь итгэл үнэмшил, үнэт зүйлсээ амьдралынхаа утга учир болгодог. Бас тэр бүхэн нь амьдардаг эрх чөлөөт, өөрийн гэсэн эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө амьдардаг.
Би юунд бухимдаж байна гээч. Энхбаяр шиг өөрөөсөө бусдыг өт хорхой гэж хардаг тийм тогтолцооны төлөө хүн бүрийг дуугүй, толгой гудгар, амьдрал баргар явуулах гээд байгаад л бухимдаж байгаа юм. Манай шорон бол хүн шиг амьдрах, тийм үнээ мэдэрч эдэлж амьдрах гэж зүтгэсэн, тэмцсэн хүмүүсээр хахаж цацаж байна. Тэнд гэмт хэрэг хийсэн, муу улсууд олон л бий байх. Гэхдээ тэд ч хүний л хийдэг, бас хийж болохгүй алдааг хийсэн хүмүүс.
Энхбаяр чинь тэр сүлжээний эзэн, ашиг хүртэгч нь
-Саяхан хорих газраар явсан манай сэтгүүлч хэлж байсан. Шоронд байгаа хүмүүс маш их залуужсан байна. Сүүлийн үед очиж байгаа нь голдуу нөгөө л 7-р сарын 1-ний үйл явдалтай эсвэл хямралаас болоод өр зээлд орчихсон ид ажлын насны хүмүүс байна гэсэн. Шорон бол бас нийгмийн тусгал мөн биз?
-Хариуцлагатай хүний амнаас сонссон нэг яриа миний санаанд орлоо. Ганц худагт ихэнхдээ анхан шатны шүүхээс эсвэл дараагийн шатны шүүхээс шийдвэрээ хүлээж байгаа, хэрэгт сэжиглэгдэж, мөрдөгдөж байгаа хүмүүс л байдаг. Тэд сонгуулийн үеэр нөгөө сонгох эрхээ эдэлдэг. Өнгөрсөн УИХ-ын сонгууль, бас орон нутгийн сонгууль гэж дэглэсэн жүжиг болсон.
Тэр үеэр урьдчилан хорих төвд л сонгууль шударга болсон гэдэг. Ганц худагт байгсад, санал өгсөн сонгогчид бүгд, бүр 100 хувь Ардчилсан намаас нэр дэвшигчийг дугуйлсан байсан. "Би үнэхээр гайхсан" гэж тэдний саналын дүнг харсан, тоолоход оролцсон хүн надад бүр гайхширан гайхширан ярьсан.
Би одоо болтол арай ч зуун хувь биш байх. 80, 90-н хувь байсан байх гэж боддог. Гэхдээ энэ хувь бол наадуул чинь хэнийг шоронд явуулж байгаагийн тод үзүүлэлт. Хэнийг эд захиалгаар, өөрийн бүтээсэн яргын хуулиар яллаж байгааг харж байгаа биз.
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулиа үндсээр нь өөрчилж болдоггүй юм уу. Хэн нь жинхэнээс гэмт хэрэг үйлдсэн, хэн нь хилс шийтгэгдэж байгаа нь мэдэгдэхээ байлаа?
-"Төр бол би. Хууль бол би" гэж өөрийгөө хардаг тоосгон, хүйтэн зүрхэтнүүдээс ард түмэн салах гээд бүр байдгаараа үзэж байна. Хүний төлөө, хүнд хэрэгтэй хууль хийчихвэл хүн даган биелүүлээд, шийтгэгдсэн ч шударга ёс болоод явдаг гэж ярьдаг юм. Манай хууль бол эрх мэдэлтэй, төр мөнгийг хослуулсан олигархиудад бол цаас, жирийн хүмүүст цааз болж хувирчихаад байна. Уг нь энэ хамаарал эсрэгээрээ баймаар санагддаг.
-Энэ олон юм чинь ерөөс сонгуулиа шударга явуулж чадахаа байснаас үүдээд байгаа юм биш үү!
-Манай сонгууль зүгээр сунгаа болчихсон. Эрх мэдэлтэй этгээдийн сандал суудлын, тэнд байх он жилийг ээлжит байдлаар сунгахад л түүнийг хэрэглэж байна. Зарим хүн "сонго уйл" ч гэж ярьдаг. Сонгуулийг ийм болгосон зохиогч бол дахиад л Энхбаяр. Завханд анх удаа сонгуульд орохдоо бараг ялагдах шахсан. Нэг тийм "азийн сугалаа" энэ тэр гэсэн тухайн үеийн таарсан арга хэрэглэж байж гарч ирсэн.
2000 оны сонгуулиар намаа авч орохдоо сонгуульд ялагдахаар байсан ч яаж ялдаг аргад нөхөр бүрэн суралцсан. Бусдыг ч сургасан, гадна дотны тэр чиглэлийн муу арга мэддэг хүмүүсийг ч сайн ашигласан. Өөрөө ч муу арга зохиож биелүүлэхдээ бол мастер хүн. Ийм хүмүүс энэ аргаа "Сонгуулийг хийхдээ биш тоолохдоо" гэж подхийтэл томъёолдог.
Олон үгийг цөөн үгэнд багтааж хэлье. Монголын сонгуулийн булхай луйврын зохиогч нь, хэрэгжүүлэгч нь Энхбаяр байсан, байж ч ирсэн. Одоо ч тийм байгаа. Тэр 80 жил Монголд ноёрхсон нам засгийн бүх бүтцэд, албан тушаалтнуудад нэг л юм ойлгуулсан. "Ажил албандаа үлдье гэвэл сонгуулийн дүнгээ өөрсдөө л гарга. Та нар хэнийг, өөрийгөө гэсэн үг, гаргахаа мэднэ. Ард түмэнд бол манай сонгууль ардчилсан сонгууль гэж итгүүл". Ийм л аргыг Энхбаяр тэдэнд зааж өгсөн. Ингэж л Монголын сонгууль тоглоомын сонгууль, төр нь тоглоомын төр болж хувирсан.
Ард түмэнд болохоор "Та нар бүхнийг шийднэ" л гээд байдаг. Үнэн чанартаа ард түмэнд мэдэх юм байхгүй. Толгой дээр нь нэг их урт дээлтэй, урт сүлжээтэй хүн тоглоод л байдаг. Ёстой л нөгөө түрийний бөөс толгойд гарав гэгч л болоод байгаа юм.
-Энхбаяр 2000 онд гарч ирээд баахан хүнд албан тушаал үнэлж зарсан гэж ярьдаг. Үүнээс олон муу юм эхэллээ гэж боддог хүмүүс их. Энхбаярын засаглалын тэр жилүүдийн үр дүн юу байсан бэ?
-2000-2004 онд Энхбаяр энэ төр улсыг бүр тийрэгдэж дуусгах шахсан. Энхбаяр биднийг засаг барьж байхад байсан төрийн зардлыг дахин дахин илүү өсгөөд авч ирсэн. Ядуурлыг бол нэг ч хувь бууруулаагүй. Авлигыг бол ярилтгүй. Тарьж ургуулаад, тахал болгож хувиргаад 2004 оны сонгууль руу орсон. Өөрөө ч тэр үед Монголыг зөвхөн Энхбаярын орон гэж хэлүүлэх дөхсөн. Ямартаа л овог нь сонгуулийн үеэр солигдож "Самбарын" болохдоо тулахав.
2000 онд засаг байгуулахдаа Энхбаяр бол албаны суудалд эхний үнийг хаясан хүн байх. Түүнээс биш суманд байгаа цэцэрлэгийн эрхлэгчийн халаасыг мөнгөтэй нь тэр ганцаараа хуу татаж авсан гэсэн үг биш. Нөгөө мессеж ойлголоо гэдэг шиг дарга мяндагтан бүр л бүгдээрээ шахуу дор дороо түүний жишгийг дагасан.
Өнөөх Энхбаярын эхлүүлсэн сандал суудлын үнэлгээг чинь шат шатандаа мянга мянгаараа түшмэдүүд хэрэгжүүлээд ирэхээр л нөгөө аалзны тор чинь Монголыг нэг л хаварт бүрэн бүрхэж байгаа юм. Зохих төлбөрөө зохих шатанд нь төлсөн, тийм төлбөрийн нян судсандаа шахуулсан түшмэл бүр ард түмнээ дор бүрээ сороод шархаа нөхөөд, бүр нугалж нөхөөд эхлэхээр авлига ядуурал гэдэг юм чинь манай өнөөдрийнх шиг болж байгаа юм. "Муугийн уршиг олонхид" гэж ярьдаг даа. Тийм л юм болсон.
Энхбаяр чинь зүгээр нэг байж байгаад ирдэг явдаг, бас солигддог төрийн тэргүүн биш. Түрүүчийн миний хэлдэг сүлжээний эзэн, хууль ёсны өмчлөгч нь, түүнээс байнга ашиг хүртэгч нь. Өнөөгийн яриад байгаа нийгэм, санхүү, эдийн засгийн хүндрэл хямрал, зовлон гэх мэт бусад бүх юм чинь дээрхийн жам ёсны үргэлжлэл.
-Манай энэ Ерөнхийлөгч чинь 2000 онд дөнгөж Ерөнхий сайд болоод авгайгаа тэр үеийн Тагнуулын төв газрын удирдлагад томилж ажиллуулсан. Авгай нь тэнд юу хийсэн байж таарах вэ?
-Тэр үед Энхбаярт тэгэж ул мөрөө баллах гэж улайран оролдох шаардлага байгаагүй байх. Сөрөг хүчний нам бүлгийн дарга л байсан хүн. Тэр үед өөрийн биш хүний юм олуулахаар итгэлт хүнээ тийш нь илгээсэн нь тэр юм болов уу даа.
-Ерөнхийлөгчийн сонгууль дөхчихсөн энэ үед Таны яриад байгааг хүн бүр ойлгож амжихгүй, бас нөгөө талаас нь мушгин гуйвуулаад бүрэн баллаж хаях байх?
-Монголын ардчиллын бараг алдагдаагүй нэг ололт бий. Тэр нь монголчууд толгой дээрх хүмүүсээ ерөнхийд нь хэн нь хэн бэ гэдгийг таньдаг болсон явдал. Яахав Энхбаяр өнгөрсөн дөрвөн жил өмнөх ул мөрөө баллах гэж их хичээсэн. Тэр нь дэндээд нийгэм улс ч хэцүүдлээ. Нөгөө жоомоо устгах гээд гэрээ шатаав гэгч болох шахлаа. Гэхдээ энэ бол түүний нийгэмд хүргэх хор дууссан гэсэн үг биш шүү дээ.
Харин ч дахин сонгогдох гэдэг толгойны өвчин нь Энхбаярт их даруулга болсон. Болж ч байгаа. Уг нь Ерөнхийлөгчийг нэг удаа арай уртхан хугацаагаар сонгох нь зөв. Энхбаяр хоёрдохоо Ерөнхийлөгчид сонгогдвол түүний тийрэгдэлтийн төлбөрийг энэ нийгэм төлж хүч хүрэхгүй байх. Олон хямралын хөлд үрэгдэж навсайсан та бидний эх орон түүний шинэ гутлын уланд сэглүүлж, сэхэхгүй болчихсон байж магадгүй л юм.
Эрдэнэ, Энхбаяр хоерыг яаж зүйрлэх юм
-Энхбаярыг хоёрдохоо сонгогдоно гэж та бодож байна уу?
-Энэ сонгуульд нэр дэвшүүлэх субъектээр нь хөөвөл хамгийн олондоо дөрвөн хүн, хамгийн цөөхөндөө нэг хүн дэвших байх. Улс төрийн хүрээнийхний нэг зөвшөөрдөг юм бий. Сонгууль үнэнээр явбал, нэг үгээр сонгууль шударгаар явж сонгогчдын санал зөвөөр тоологдвол Энхбаяраас өөр хүн шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэсэн. Гэтэл тийм шударга сонгууль болно гэж итгэх нэр дэвшигч байтугай сонгогч бараг байгаа юмуу, энэ оронд.
Энхбаярын өрсөлдөгчийнхөө эсрэг ашиглах хоёр зүйл дээр бас хүмүүс санал нэгдэж байна. Энхбаяр маш их мөнгө хаяна. Хаяж ч байгаа. Нөгөөтэйгүүр сонгуулийн дүн өөрчилдөг шидэт сүлжээгээ ажиллуулна. Түүнээс биш Эрдэнэтэй өрсөлдөхөд ч Энхбаяр ялагдана. Ганц худагт байгаа сонгогчдоос санал авахад л Эрдэнэ 100 хувийн дэмжлэг авна. Учир нь тэнд л Энхбаярын болгоомжилдог хүмүүс олон байгаа. Тэгээд ч түүний сүлжээ тэнд бүрэн ажиллахгүй байгаа бололтой юм билээ.
-Та Энхбаярын тухай өмнө нь ингэж дэлгэрэнгүй ярьж байсан билүү?
-Танай сонинд үгүй байх. 2007 онд "Өнөөдөр" сонинд Энхбаяр улс төрд орж ирээд 10 жил юу хийв гэдэг талаар дэлгэрэнгүй ярьж л байсан. Ер нь санаа авсан шинжгүй байдаг юм. Равжаа хутагт "Өвчин эмэнд харш. Өвчин эмийн тусыг мэдэхгүй" гэж сургасан нь ортой юм шиг.
-Одоо Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлж байгаа хүмүүс Энхбаярын дээрхи талуудыг сайн л мэдэж байдаг байх даа. Зарим нэр дэвшигчээ энэ нөхөр захиалж ч магадгүй юм шүү?
-Түүний муу сайн талуудыг нь мэдэж цөхөх юм байхгүй. Мэдэх хүмүүс нь бичээд гаргачихсан ч байгаа. Сайн унших хэрэгтэй. Хэнтэй өрсөлдөхийгөө тэр захиална гэдэг дээр бодоогүй юм байна шүү. Харин Энхбаяр өөрийнх нь амин эрх ашигт аюул учруулах хүн рүү бол бүх фронтоор дайрна. Бусдыг нь тоохгүй, доог тохуу хийнэ, элэг барина, ёстой чиний хэлдэгээр "Надтай өрсөлдөөч" гэж захиална.
-Та түрүүн Эрдэнэ, Энхбаяр хоёрыг зүйрлүүлж нэг ярьж байгаад орхисон. Энэ хоёрт өөр зүйрлэх юм бий юу?
-Энэ хоёр хүнийг улс төрд оролцож ирсэн, оролцож байгаа дүр талаас нь ярьж болно. Гэхдээ Эрдэнэ, Энхбаяр хоёрыг яаж зүйрлэх юм. Гавъяа яривал Эрдэнээгийн 90 оны өвлийн нэг өдөр ардчиллын цуглаанд оруулсан хувь нэмэрт Энхбаярын ардчилалд оруулсан бүтэн амьдралынх нь гавъяа ч хүрэлцэхгүй. Харин Эрдэнийн ардчилалд хүргэсэн тус Энхбаярын ардчилалд тарьсан гай хоёр тэнцэж магадгүй.
Дутагдал талаас авч үзье. Би Эрдэнийг өндөг шиг өөгүй, Энхбаярыг авах юмгүй адгийн шаар гэж хэлэхгүй. Гэхдээ Эрдэнийн дутагдал түүний л дутагдал байх болно. Харин Энхбаярын дутагдал Монголын дутагдал болж хувирдаг, төлөөлөх утгаараа. Нөгөөтэйгүүр Эрдэнэ бол Монголын улс төрд, хэрэгтэй үед нь хувьсгал хийж орж ирсэн. Энхбаяр бол гал шуурга намдсан хойно, түүний үр шимийг сорох гэж гай чирч орж ирсэн юм. Уг нь 1990-ээд оны эхнээс түүний үеийнхэн улс төрийн тэмцлийн 2 талд ид үзэж байсан юм.
-Энхбаярыг орж ирэхээс өмнө Монголын улс төр ёс зүйтэй байсан гэж та хэлэх гээд байна уу?
-Тэр улс төрөөр тоглож болдог үеийг эхлүүлж, эгзэгийг нь олж орж ирсэн. Энхбаярыг орж ирэхээс өмнө Монголын улс төр бас ч цэвэр байсан юм шүү. Монголоо худалдсан байна гээд Айвекс, Моламын гэрээг эсэргүүцээд ҮАБЗ-өөр түүнийг цуцлах шийдвэр гаргуулж л байсан. Дамдин гэж гишүүн халаасны хоёр ширхэг бичлэгийн магнитофон 20 дугаар тогтоол гаргахыг мэдчихээд худалдаж авсан хэргээр огцорч л байсан. Одоо шиг иргэдээ бухимдуулж буудаж алчихаад, шоронд хэдэн зуугаар нь илгээдэг төр биш байсан шүү.
Одоо бол энэ улс чинь нэг талд нь шоронд явуулах хүмүүсээ яллаж байдаг, нөгөө талд тэднийг ачиж явах машин асч зогсдог ажилтай л болчихож. Өөр бүтэлтэй ажил байна уу. Олон ч эхийн нулимс асгарлаа. Олон ч хүүхэд уйлж байна. Түүнийг тоож байгаа төр байна уу. Иргэдийнхээ энэ байдлыг тоохгүй байгаа төр засаг бол тэр эхчүүд хүүхдүүдийн дусал нулимснаас ч үнэгүй гэж л би боддог.
Монголын хүн амын тал нь угаартаж байна. Газар нутгийн 80 хувь нь цөл боллоо. Ядуурал авлига тартагтаа туллаа. Энэ тухай манай Ерөнхийлөгч ярьж байна уу. Нэг харахаар одоо л бүхнийг мэдэж байгаа юм шиг, нөгөө болохоор хамгийн гэмгүй амьтан царайлаад байж болох уу! Өөрийн чинь асуултаас урьтаад баахан асуулт тавьчихлаа.
Монголын төрийн албыг тэр шаараараа дамжуулаад Энхбаяр өөрийн алба болгож байна
-"Ерөнхийлөгч хүн бол ард түмнийхээ талд байх ёстой юм байна" гээд Энхбаяр гуай хэсэг ярьсан үе ч бий шүү!
-Өмнө нь тэгээд хэний талд байсан юм. Ард түмнээ нар харуулна, баярлуулна гэсэн албаны яриа биелдэггүйг хүмүүс сайн ойлгосон. Харин байрандаа байна. Юу хийж болох, юуг хийж болохгүйгээ мэдэж авлаа гэвэл илүү ортой сонсогдох байх.
-Та бид одоогийн Ерөнхийлөгчийн муугаар хэлбэл нийгэмд тарьсан гайг нь нилээн ярилцлаа. Түүний гавъяа талаас нь танд ярих юм бий юу. Тухайлбал их өрийг тэглэсэн, газрын хувьчлалыг эхлүүлсэн гээд?
-Би Энхбаяраас өөр хүний тухай ингэж ярихгүй байсан байх. Ам нээхээр уушиг нээ гэж түүний тухай өнгөцхөн юм хэллээ. Надаас илүү түүнийг мэдэх, бүр баримтжуулаад, дүрсжүүлээд, дүржүүлээд ярих сайн нөхөд нь олон бий дээ. Энхбаяр хэрвээ орчуулагчаа хийгээд явж байсан бол би түүнтэй танилцаагүй ч байсан байх болов уу.
Нийгмийн тодорхой үзэгдлийн сайн тал хор уршгийг таньж мэдэх нь хувь хүнд хэрэгтэй л зүйл. Үнэхээр нийтэд маш их хортойг нь мэдсээр байж нуугаад, бүр түүнийг өөгшүүлээд явах нь буруу юм байна л гэж би ойлгосон.
Энхбаярт гавъяатай, сайн ажил бий л байх. Өөрийнх нь бодлоор бол бүр ч их байгаа. Зарим гавъяат үйл хэрэгтээ зориулж Монголын сум суурин бүхэнд бүрэн хэмжээний концерт тоглуулж, хүлээн авалт цэнгүүн хийж, одон тэмдэг том цол хүртэл горьдож бусдыг шахаж шаардаж явсан байдаг.
Өөрийн чинь түрүүн асуусан 2 асуулт том асуулт л даа. Их өр тэглэсний гавъяаг Энхбаяр зөвхөн өөртөө наах гэж оролддог нь буруу. Наад зах нь ОХУ-ын Засгийн газар, ард түмэнд баярлалаа гэж хэлэх ёстой. Харин мань Энхбаяр тэр үйл явдлын дундуур авлига зувчуулсан гэдэгт би жишээ нь итгэж явдаг. Бас энэ Оюутолгойн хайгуул ашиглалтын лиценз тэр үеэр л харийн хүний гарт Энхбаярын шууд оролцоотой очсон гэж боддог. Оюутолгойн их баялаг ч Тавантолгойтой адил монголчуудын мэдэлд байх боломж байсан юм. Мөн Эрдэнэт үйлдвэрийн Монголын талын оролцоо үлэмж нэмэгдэх байсан нь тэр шийдвэрт хэлмэгдэж зогссон.
За тэр газар хувьчлал ч яахав. Ардчиллынхны анхнаасаа ярьсан асуудал. Иргэнд биш гэр бүлд газар хувьчилна гэж асуудлыг эзэнгүйдүүлсний дээвэр дор Монголд өнгөтэй өөдтэй газар бүхэн авлигын уурхай болж өнгөрснийг хэн хүнгүй л мэднэ. Дөнгөж ноднин л иргэнд газар хувьчлах шийдвэр Их Хурлаар гараа биз дээ. Харин тэр хуулийг бүрэн хэрэгжүүлэх ажлыг одоо ч далайцтай, тууштай хийхгүй байгаа учраас жинхэнэ эздэдээ уг баялаг нь хүрэлцэхгүй урьдын адил газар авлигын тансаг хэрэглээ байсаар л байна.
-Сая л Та чинь гол асуудлыг хөндөж эхлэх шиг болох чинь. Түрүүчийн миний асуултыг жаахан тойрч ярих уу?
-Та нарын сонирхоод байгаа зүйлүүдийн ул мөрөөр аль хэдийн ороод баримтжуулаад сэжигтэнг хүлээж байх газар уг нь Монголд бий. Нөгөө Жак Ширакийг яалаа, Францын Ерөнхийлөгч байсан. Түүний хэргийг Францын хууль хяналтын байгууллагынхан цуглуулаад Ерөнхийлөгчөөсөө буутал тэвчээртэй хүлээсэн. Ажлаа өгөнгүүт нь, маргааш нь прокурор нь дуудаад байцаалтаа эхэлсэн.
Энхбаярыг дахиж Ерөнхийлөгчид дэвшүүлээд, давраагаад байвал Монголын хуулийг улам гууль болгоод л байна. Одоо нөхөр төрийн албаны зөвлөлөөр тоглож эхэлж байна. Тэнд өөрийнхөө зөвлөх байсан өргөстэй тоорой шиг нэг этгээдийг даргаар нь тавьчихсан. Тэр нь өөрийг нь хамгаалах холбоо байгуулж иргэний хөдөлгөөн, хэвлэлтэй гайгүй хэрэлдсэн учраас хуулийн зөвлөхөөрөө авч жаахан тэжээсэн юм. Монголын төрийн албыг тэр шаараараа дамжуулаад Энхбаяр өөрийн алба болгож байна. Төрийн алба намын харъяаллаас гарсан биш харин түүний харъяалалд орж бүр дордох нь. Зарим хэл яриа ч гарч байна. Тэнд чинь төрийн албаны шалгалт биш Энхбаярт үнэнчийн, авлига төлөлтийн шалгуур тавигдаад эхэлсэн сурагтай.
Одоо төрийн албаны хуулинд хурдан өөрчлөлт оруулж төрийн албыг жинхэнэ түмний төлөө үйлчилгээний алба болгохгүй бол бас л оройтно. Чонын амнаас гараад барын аманд орлоо л гэсэн үг..
"Өдрийн сонин"-ы сурвалжлагч Ж.Сандагдорж