Sunday, December 20, 2009

Ажил хийвэл дуустал, давс хийвэл ...

Хөгшин болсон барилгачин тэтгэвэртээ гарахыг хүсч, эзэндээ энэ тухайгаа хэлэв: “Би хөгширч, нас минь явж, бие маань ч дийлэхээ болилоо. Одоо тэтгэвэртээ гарч, амар тайван амьдармаар байна” гэжээ. Эзэн нь “Тан шиг сайн ажилтнаа явуулахад харамсалтай байна” гээд сүүлчийн удаа ганцхан байшин барьж өгөхийг хувийн зүгээс хүсчээ.
Барилгачин “За” гэсэн боловч сэтгэл гаргасангүй. Тэрээр муухан материал ашиглаж, ур хийц муутай, чанаргүй байшин барив. Тэр үнэхээр сэтгэлээсээ хандсангүй, “барьж өгсөн” гэсэн нэр зүүгээд хурдхан амрахыг л хүсч байлаа.
Ингээд барьж дуусаад байшинг даргадаа хүлээлгэн өгөв. Дарга нь байшингийн түлхүүрийг барилгачны гарт атгуулаад “Энэ бол таны байшин. Миний танд өгч буй бэлэг” гэв. Барилгачин шоконд оров. “Ямар ичмээр юм бэ? Надад өгөхийг нь мэдсэн бол эхнээс нь сайн байшин барих байж дээ” гэж гаслалаа...

Эмпати төв. Сургамжит өгүүллэгүүдийн цувралаас.


Дэлгэрэнгүй...

Эцэг

Түүнийг гэртээ ядарч сульдаад ирэхэд 5 настай хүү нь хаалган дээрээ зогсоод хүлээж байлаа. Хүү нь түүнээс “Ааваа та нэг цагт хэр их мөнгө олдог вэ?” гэж асуужээ. Тэрээр энэ чамд хамаагүй гэж уцаарлан хэллээ. Гэхдээ ааваа хүү нь мэдмээр байна гэж хүү нь шалав. “За яахав 20$ олдог” хэмээн хариуллаа. Гэтэл хүү нь “та тэгвэл надад 10$ өгөөч” гэх тэр. Аав нь учиргүй уурлаж “Чиний хэрэгтэй хэрэггүй тоглоом янз бүрийн юманд чинь зарцуулах илүү мөнгө алга. Өрөөндөө ороод хаалгаа хаа гэжээ.
Хүү чимээгүйхэн ороод хаалгаа хаав. Аав ч уйртайгаар “Энэ хүүхэд яаж зоригтой асууж байнаа?” гэж боджээ. Нэг цагийн дараа тэрээр хүүдээ уурлаад мөнгөөр яах гэж байсаныг нь асуугаагүйгээ саналаа. Магадгүй үнэхээр чухал байсан ч юм билүү. Хүүгийнхээ өрөөнд ороод, орондоо хэвтэж байгаа хүүгээсээ “Унтаж байгаа юм уу?” гэж асуулаа. Хүү нь “үгүй” гэж хариулахад “Май энэ 10$-г ав. Түрүүн муухай аашилсныг минь уучлаарай өнөөдөр их хүнд өдөр байлаа.” Гэжээ. Хүү нь баяртайгаар үсрэн босоод “Баярлалаа ааваа” гээд орон дотроосоо бутархай мөнгө хадгалдаг хайрцагаа гарган, аавыгаа царайчлан хараад мөнгөө удаан гэгч нь тоолов. Аав нь мөн л уурлаж “Чамд мөнгө байсаар байтал яагаад надаас мөнгө авч байгаа юм бэ?” Чиний тоглоомонд оролцох зав надад байхгүй гэж хэлэхэд хүү нь “Ааваа би тантай нэг цаг баймаар байна. Энэ 20$-оор таны нэг цагийг авч болох уу?” гэжээ.

Эмпати төв. Сургэмжит өгүүллэгүүдийн цувралаас.


Дэлгэрэнгүй...

Дүлий мэлхий

Нэгэн өдөр мэлхийнүүд тэмцээн явуулж гэнэ. Маш өндөр цамхагийн оройд гарах зорилготой аж. Тэмцээнд оролцохоор маш олон мэлхий болон найз нөхөд нь цуглажээ. Ингээд урапдаан эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд хэн нэг нь цамхагийн оройд гарч чадна гэж үнэхээр бодохгүй байлаа. Иймд тэд "Хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй дээ" гэцгээж байв.
Уралдаанд оролцож буй мэлхийнүүд ч дээр нь гарч чадахгүй нь гэсээр нэг нэгээрээ бууж эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд "Хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй нь дээ" гэж хашгирцгааж байв. Эцэст нь ганц мэлхийнээс бусад нь бууж өгчээ. Харин хамгийн сүүлд үлдсэн мэлхий цамхагийн оройд гарч чаджээ. Бусад нь түүнийг яаж ингэж чадсаныг нь гайхав. Нэг нь тэр мэлхийнд ойртон "Чи яаж амжилтад хүрэв ээ?" гэж асуужээ. Гэтэл нөгөө цамхаг дээр гарч чадсан мэлхий таг дүлий байсан юмсанж.

Эмпати тав. Сургамжит өгүүллэгүүдийн цувралаас.


Дэлгэрэнгүй...

Цэцэрлэг

Нэгэн баян хүний хашаанд зэрэгцэн ургаж буй нимбэгний хоёр мод байжээ. 5-р сарын сүүлээр цэцэглэн анхилам сайхан үнэр нь тэр хавиар тархаж хавар болж байгааг хүмүүст мэдэгддэг байв. Нэг мод нь нөгөөгөөсөө давжаа, хэлбэр галбиргүй гэнэ. Тиймээс том мод нь үргэлж дорд үзэн бардамнадаг байлаа. Гэрийн эзэн нимбэгний жижиг модыг цаашид ургахгүй, удахгүй хатна гэж бодоод бага усалж, арчилж тордохоо болив.
Нэгэн удаа цаст уулын оройд цэцгийн үр салхиар дамжин хашаанд унажээ. Гэтэл хашааг бүхэлд нь цардаж зөвхөн нимбэгийн моддын орчим хөрс үлдсэн байлаа. Цэцгийн үрүүд нимбэгийн моддоос доор нь ургах зөвшөөрөл гуйжээ. Том мод биеэ ихэд тоон ийн хэлсэн нь: "Ийм зүйл хэзээ ч байж болохгүй. Хэрэв та нар миний ойролцоо ургавал би хатах болно." Гэвч үнэндээ том мод өөр зүйлээс болгоомжилжээ. Цэцэгс алаглан ургахад нимбэгийн модны цагаан шаргал цэцэг үзэмжгүй мэт харагдан эзнийхээ анхаарлыг татахаа болих байв. Түүнд өөрөөс нь илүү сайхныг хүлээн зөвшөөрөх чанар байхгүй байжээ.
Харин жижиг модонд түүний хариулт таалагдсангүй. Учир нь бусдыг сонсож, боломжоороо туслах хэрэгтэй гэж бодож байлаа. Цэцгийн үрүүдийн хүсэлтийг сонсоод "Та нартай хамт байхдаа би баяртай байна. Бид уйдахгүй" гэжээ. Том мод үүнд нь дургүйцсэн боловч жижиг мод "Сайхан зүйл хэнд ч хор болохгүй. Сайхан бүхнээс зөвхөн сайхан зүйл бий болдог" хэмээв. Жижиг модны ёроолд ургасан цэцэгс хэдэн долоо хоногийн дараа цэцэглэж, хашааны хамгийн сайхан чимэг болжээ. Мод цэцэгст зориулан чадах бүхнээ хийж, хагас сүүдэртэй орчныг бий болгохын тулд хатсан навчсаа гөвж байв.
Цэцэгс анхилам сайхан үнэртэж эхэллээ. Гэрийн эзэн урьд нь үнэртэж байгаагүй үнэр хаанаас ирж буйг хайсаар яваад урилгагүй зочдыг олоод гайхав. Тэрээр зүүдэндээ ч үзээгүй цэцэгсийг улам сайхан ургуулахын тулд өглөө эртлэн босч хамгийн чанартай бордоогоор бордон, байнга усалж арчилдаг болжээ. Нимбэгийн жижиг мод цэцэгстэй хамт тэжээгдэн маш хурдан ургажээ. Цэцэгст хайраар хандаж байсан мод орчныхоо хамгийн том мод болж, өдрөөс өдөрт бусдын хайрыг татах болжээ. Удалгүй цэцэглэн хашаандаа шинэ өнгө нэмэв. Гэтэл ганцаардан жижгэрсэн нөгөө мод атаархсандаа хатаж эхэлжээ.

Эмпати төв. Сургамжит өгүүллэгүүдийн цувралас.


Дэлгэрэнгүй...

Амжилтийн түлхүүр

Тэр өдөр Алиса охины хувь заяаг шиидэхээр тийм нэгэн явдал болжээ. Хичээлээ тараад өдөр бүр хажуугаар нь өнгөрдөг цэцэрлэгт анх удаа оръё гэж боджээ. Гунигтай сэтгэл нь тавгүй байлаа... сүүлийн үед хичээлдээ нэлээд муудсан байв. Үргэлж базахгүй дүн авч байлаа. Орчиндоо юу болж байгааг нзаарах ч сөхөөгүй бодлогшрон явсаар урт сандалын өнцөгт суув.
Суусныхаа дараа нөгөө буланд ньөөрийнх нь үеийн нэг охин сууж байгааг анзарчээ. Тэр охин суургуулийн дүрэмт хувцастай бас гартаа ном барьсан байлаа. Алиса, “энэ охин бас муу дүн авсан болохоор гэртээ оролгүй ном уншихаар энд сууж байгаа юм байх даа” гэж бодов. Охиноос юу ч асуусангүй, эргэн бодлогширч эхлэв. өөрийгөө бас ангийнхаа жесикаг бодон харьцуулж эхлэв. өнгөрсөн жил аав ээжийнхэн авч өгсөн бичгийн ширээ нь үнэхээр хэрэглэхэд урамтай байгааг Жесика их л сайрхаж яридаг байлаа. Бас хувиараа багш хөлсөлж хичээлээ заалгадаг байв. Надад ийм сайхан боломж байсан бол би ч гэсэн онц сурах л байсан гэж Алиса бодов. Гэтэл тэднийх хоёрхон өрөө байранд амьдардаг учир Алиса дүү нартайгаа нэг өрөөнд байдаг. Аав ээж нь бага ангиасаа сургуулиас гарсан тул хичээлд нь тус болж чаддаггүй гээд Жесикатай харьцуулахад олон хүндрэл байлаа.
Алиса энэ бодлоосоо салахын тулд хажуудах охинтойгоо яриа өдөж эхлэв. “чи юу уншиж байгаа юмвэ?” Охин уншиж байгаа номныхоо талаар болон хэддүгээр ангид сурдагаа, бас ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаагаа хүртэл Алисад яриж өгчээ. Ингэж яриж байхдаа охины царай гэрэлтэж байв. Тэр охин сургуулийнхаа хамгийн онц сурлагатай оюутан гэдэг нь тодорхой байлаа. Тэр охин өнгөрсөн жил сургууль завсардаснаа, тиймээс энэ жил шалгалтаа сайн өгч анги дэвших хэрэгтэй байгаагаа хэлэв.
Алиса гайхан, яагаад сургууль завсардасныг нь асуух гэтэл тэндээс нэг эмэгтэй дугуйтай сандал түрэн гарч иржээ. “Алив миний охин, ээж нь дугуйг нь засуулчихлаа. Одоо хичээлдээ явж болно.” Гээд охиныг өргөн дугуйтай сандал дээр нь эвтэйхэн суулгав. Алиса охин юу хэлэх ээ мэдэхгүй дэмий л “баяртай” гэж арай гэж хэлжээ. Охин ч инэмсэглэн”Баяртай” гэж гараа даллав. Алиса хэсэгтээ хөдлөх ч үгүй баахан суув. Өдрийн туршид авсан муу дүнгийнхээ бурууг амьдралын нөхцөл, энэ тэр гэсэн шалтгаануудад тохож бодсон байлаа. Гэтэл түүний дэргэд огт явж чаддаггүй ч тэр охин огтхон ч гутарсан янзгүй ирээдүйгээ төлөвлөж суудаг... Алиса өөрөөсөө маш их ичин гэнэт босон гэрийн зүг хурдан хурдан алхав. Гэртээ ороод саяын болсон явдлыг ээждээ яриад өрөөндөө орж хичээлээ хийж эхлэв. Одоо Алиса амжилтын түлхүүр бол хүн өөрөө гэдгийг ухаарсан байлаа.

Эмпати төв. Сургамжи өгүүллэгүүдийн цувралас.


Дэлгэрэнгүй...

Сарнайн цэцэрлэг

....Гоо үзэсгэлэнгээрээ алдартай нэгэн эмэгтэйн тухай сонсоод түүнийг олж уулзахаар холын замд гарлаа. Хотод нь очоод харвал үнэхээр үгээр хэлж, үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй нэгэн ажээ. Хүмүүсээс гэрлэсэн эсэхийг нь сураглавал түүний нөхөр нь үзэшгүй муухай хүн гэнэ.
....Сониуч зан минь хөтөлж түүнтэй уулзаад:
- Та ийм хөөрхөн, дур булаам нэгэн атлаа яагаад ийм хүнтэй гэрлэсэн юм бэ? гэж лавлавал,
- Та миний сарнайн цэцгийн хүлэмжинд зочлооч. Дараа нь би танд учрыг нь хэлье, гэлээ.
....Хэдийгээр гайхсан боловч араас нь даган цэцэрлэгт орлоо. Харвал хорвоогийн хамаг сайхан сарнайг цуглуулан тарьсан, үлгэрийн мэт цэцэрлэг байлаа. Эмэгтэй:
- Та дотогш ороод хамгийн сайхан санагдсан сарнайн цэцгийг надад аваад ирээч. Хэрэв өмнөхөөсөө илүү сайхан сарнай тааралдвал урьдын авсан сарнайгаа орхиж болно.
....Цэцэрлэгт ороод урагшлах алхам бүрт минь өмнөхөөс сайхан цэцэг тааралдаж байсан тул гартаа авсан цэцгээ доош унагасаар л явлаа. Цаашлах бүр олон өнгөөр алагласан цэцэг улам их гарч ирсээр би шилж авсаар явлаа. Гэтэл төгсгөлд нь хүрэх үед хатаж хорчийн, өнгө зүсээ алдсан, үхэж байгаа сайрнай байх нь тэр... Харамсавч баршгүй зүйл болжээ. Учир нь эмэгтэй намайг хүлэмжиндээ оруулахдаа "Та ард үлдсэн цэцэг илүү сайхан байсан гээд эргээд явж болохгүй" гэж хатуу сануулсан юм.

....Тэгээд нөгөө цэцгээ барьсаар эмэгтэй рүү очлоо. Тэр надаас:
- Та яагаад энэ цэцгийг сонгож байгаа юм бэ? гэж асуулаа. "Би хангийн сайхан сарнайг олох гэж яваад цэцэрлэгийн төгсгөлд хүрэхэд зөвхөн энэ л сарнай байлаа. Эргэж буцъя гэтэл нэгэнт оройтсон байлаа" хэмээн тайлбарлалаа.
....Тэр надад:
- Надад ч бас ийм зүйл тохиолдсон юм. Хамгийн сайхан залуугийн эрэлд гарч, олон арван сайхан залуу надтай гэрлэх гэж ирдэг байсан ч би илүү сайхныг хүлээн огт зөвшөөрдөггүй байлаа. Гэтэл хамгийн сүүлд энэ хүнтэй суусан юм даа гэж хэлсэн юм.

Эмпати төв. Сургамжит өгүүүллэгүүдийн цувралаас.


Дэлгэрэнгүй...