
Улс төр түүнийг дагасан эрх мэдэл, их мөнгөнөөс ганцаараа биш үе удмаараа үл хагацахыг хүсэгчид одоо цагт олширчээ. Тухайлбал, улстөрчид удам угсаа залгамжлан Монгол төрийн эрх мэдлийг барихыг санаархах болжээ. УИХ-аас эхлээд Засгийн газар, яам агентлаг, шүүх, цагдаа, гааль, татвар гээд төрийн бүх л систем дэх холбоо улам бүр гаарч, аймаг, нийслэл, дүүргийг үр хүүхдээрээ удирдуулахыг хүсдэг болж. Гэхдээ тэд төрийн дээд эрх мэдлээс эхлээд дунд, доод шатанд ч хүртэл эрх мэдэлтэй болох сонирхол сая болж өнгөрсөн орон нутгийн сонгуулиар ил гарав. Тэгээд ч аав, ахынхаа шийрийг хатаах гэсэн хүсэл эрмэлзлэл улстөрчдийн ойр тойрныхонд байдаг болох иь хэнд ч нууц биш болсон.
Уг нь төрд удам угсаа залгамжлах ёс аль эрт устсан гэж түүхэнд тэмдэглэсэн нь бий. Гэтэл арваад жилийн өмнө санаатай, санамсаргүй алин болохыг мэдэлгүйгээр ардчиллын загалмайлсан эцэг С.Зориг агсныг залгамжуулан түүний дүү С.Оюуныг төрд гаргаж ирснээр өнөөдрийн улстөрчдийн угсаа залгамж эхтэй. Түүнээс хойш улстөрд УИХ-ын гишүүн М.Чимэдцэрэн агсны суудлыг түүний дүү М.Сономпилд, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны суудлыг эхнэр Д.Туяад угсаа залгуулснаар дээрх үйл явц идэвхжсэн. Хэдий ийм ч УИХ-ын гишүүн агсан О.Дашбалбар, М.Зэнээ нарын хүүхдүүд, ах, дүү нарт дээрх хувь тохиогоогүй. Харин УИХ-ын гишүүн Л.Энэбиш агсны хүү Э.Мөнх-Очир 2008 оны УИХ-ын сонгуулиар Булган аймгаас эцгийгээ залгамжлан төрийн түшээ болсон. Сүүлийн үед улстөрчдийн хүүхдүүдийн дунд "Аавын бийд хүнтэй танилц" гэдэг шиг аавыгаа амьдад угсаа залгах моод болов. Арваннэгдүгээр сарын 30-нд болж өнгөрсөн орон нутгийн дахин сонгуулиар сонгогч олон улстөрчдийн хүүхдүүдийг төрд ажиллахаар бэлтгэлээ хангаж эхэлснийг харсан. Тухайлбап, УИХ-ын гишүүн Батж.Батбаяр гэхэд л өөрийн хүү Б.Батбилэгийгээ, УИХ-ын гишүүн асан Л.Пүрэвдорж П.Хангалыгаа, Х.Бадамдамидин хүү Б.Баттүвшингээ төрд угсаа залгуулахаар оруулсан байна. Мөн Г.Батхүү гишүүн өөрийн дүү Г.Батчимэгийгээ, харин Х.Баттулга дүү Х.Баттуулаа улс төрд хөл тавиуллаа. Ийнхүү улстөрчид хүү, дүү нараа улс төр рүү оруулж эхэлсэн нь цус ойртож, төр дампуурч эхлэхийн дохио хэмээн эх сурвалж үзэж байна.
эх сурвалж: http://news.gogo.mn/r/46970 /НИЙГМИЙН ТОЛЬ/
0 сэтгэгдэл:
Post a Comment