Thursday, July 28, 2011

Өглөөний агаар

Цэвэр тунгалаг сайхан агаар сэнгэнэсэн энэ л өглөө би эртлэн босч гүйлээ. Хүчилтөрөгч бүх л биеэр тарж эрч хүч энерги цэнэглэх шиг. Ийм сайхан эх дэлхийд ийм сайхан мэдрэмжүүд хүний амьдралд ээлжлэн эргэлдэх нь юутай сайхан. Би дандаа залуугаараа байх юмсан. Хөл гар, тархи сэтгэхгүй, үзэмж төрхөө бахархаж  энэ л өглөөний мэдрэмжүүд шиг ийм сайхнаараа үүрд байх юмсан.


Дэлгэрэнгүй...

Tuesday, October 5, 2010

Бүсгүй хүний тухай миний бодол

Хүн юуны төлөө амьдардаг амьтан юм бэ гэж өөрөөсөө өчигдөр асууж, хариултаа байн байн нэхэж суулаа. Ялангуяа бүсгүй хүний хувь тавилан адармаатай, ээдрээтэй юм. Яруу найрагч, сэтгүүлч Б.Энхтуяагийн ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА гэдэг шүлэг байдаг даа. Би тэр шүлгийг сонсох их дуртай. Сонсох бүр хэн нэгэн бүсгүй хүний амьдрал бодогдож хааяа мэлмэрэх нь ч бий. Энэ шүлгийг www.nar.mn сайтаас хуулж тавилаа, таалан уншина биз. Асуултынхаа хариултыг эрэн суухдаа би ингэж бодсон юм, Амьдрал зарим бүсгүйд дэндүү хатуурхаж, заримыг нь дэндүү эрхлүүлэх юм. Эрхлэх тусмаа хүн хөгшин байсан ч нялхарах өвчин тусч , зовох тусмаа хатуужиж зовлонгоо даах чадвар нь улам нэмэгднэ. Хэдий залуу байсан ч тэссээр...... Хөндлөнгөөс ажин байхад, Эмэгтэйчүүдийг гурав ангилмаар юм шиг. Өөрийнхөө хувь тавиланг өөрөө бүтээж ухаалаг, мэдрэмжтэй байж чадсан эмэгтэйчүүд өнөөдөр сайхан амьдарч байх шиг. Бусдын хүндлэл хайрын илэрхийлэл тэдний үйлдэл, яриа, алхаа гишгээ бүрт шингэж нүднийх нь харц хүртэл өөртөө итгэлтэй бөгөөд эгэл сайхан хагаддаг. Тэд хичээнгүй, бас шаргуу бусдыг хайрлан өрөвдөж, халамжилж чаддаг ч сэтгэлийн зовлонгоо гэмгүй инээмсэглэлээр халхалж өр зүрхэндээ өөрөө л шаналдаг. Гайхалтай ийм эмэгтэйчүүд энэ хорвоо дээр олон.


Харин, заримыг нь би ер ойлгодогүй. Хэдий мэдэг боловсротой ч амин хувьч үзэл, залхуу, зайдал амьдрал, чин сэтгэлгүй юм шиг эрээ цээргүй зан гаргах эмэгтэйчүүд бас байнаа. Ийм охидын ихэнх нь үзэсгэлэнтэй. Хэдий энэ хатуу үг боловч өнөөдрийн залуу охидын дунд ийм бүсгүйчүүд цөөнгүй мэт. Эсвэл худлаа юу ? Бас энэ хоёр бүлгийн алинд нь ч хамаарахгүй этгээдүүд байхымаа. Эд энгийн, бас онцгой биш. Гэхдээ л амьдралыг бас л чимж, бусдыг жаргалтай болгож яваа цэцэгс .
Охин үрээ хайрла!

Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна

Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана

Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр нь төрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана

Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна

Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла

Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл

Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла



Дэлгэрэнгүй...

Thursday, September 30, 2010

Хүн хог ухаж байна


Үдийн 13.43 минут. 2010 оны 09 сарын 30

10 аадхан минутын өмнө би цонхны дэргэжд бодол болон зогслоо. Цайныхаа цагаар амран байгаа минь энэ ажгуу. Энэхэн зуур адармаатай бодлын минь намуун урсгалыг тас татан эвдэж гайхшрал, сонирхол төрүүлэх нэгэн зураглалд би өөрийн эрхгүй анхаарал хандууллаа. Том хашааны буланд нүд адлан байрлуулсан торон хогийн сав надад хэн нэгэн залуухан Монгол хүний амьдралын нэгэн өдөр ямар байгааг харуулж өгсөн юм. Хүн хог ухаж байна.

Идэр залуу энэ эр энэ хавийнхны хэн нь ч хүрэхийг хүсдэггүй хогийн савны хашлагыг сурамгай гэгч нь давж ороод ундааны савыг шаламгай нь аргагүй түүж гарлаа. Овоолж бөөгнөрсөн хогон дундаас тэр нэгэн шилтэй зүйлийг олоод тагийг нь онгойлгон амтархан уухыг сайн харвал жимсний комподны шавхруу аж. Хэсэг хугацааны дараа хаягдал савнуудыг үргэлжлүүлэн түүж бас бус идчихмээр аятай зүйлсийг амруугаа хийх зуураа ийш тийш харан хашааны манаачийг ирж хөөхөөс өмнө явахаар тэвдэн байгаа нь илт байв.

....... Тэрээр хэргээ гаргаж хэдэн сав түүгээд өнөөх шилтэй комподны шавхаруугаа марталгүй авч одоо манаач ирээд хөөвөл хөөнө л биз гэсэн шиг тайван айван алхаад хашаанаас гараад явлаа.

Ховор хувь тавилан, хувь заяаг олсон энэ гайхашигт амьдралыг эзэгнэгч хүмүүн биеийг хог хаягдал түүж өдөр хоногийг өнгөрөөн, хаясан шавхаруугаар хооллон амьд мэндхэн авч явах залуу хүн чи яасан азгүй юм бэ.

Монголд амьдарч буй хэн ч хойшид битгий ингэж амьдраасай. Хорвоо дэлхий ямар гайхамшигтай сайхан билээ дээ. Өчүүхэн хугацаанд амьдрах амьдралынхаа бүхий л хормийг хорвоог танихад зориулж чадахгүй байсан ч хайраараа төрүүлж, сүүгээрээ тэжээсэн ээжийнхээ сэтгэлийг баярлуулахаар хүн шиг амьдраасай энэ хүн.

Гэвч би ингэж бодовч энэ хүн өМонголын нийгмийн золиос болсон олон хүний төлөөлөл. Магадгүй заримынх нь ухаан орохоос нь эхлээд угтан авсан амьдралынх үргэлжлэл нь энэ зураглал байх. Гэсэн ч залуу хүний замын хүзүү урт гэдэг. Боломжгүй зүйл гэж хэзээ ч байдаггүй боломж өөрөө хүн бүрийн өмнө нээлттэй байдаг гэж хэн нэгэн хүн надад хэлж байсан юм.



Дэлгэрэнгүй...

Thursday, September 23, 2010

Намар бид хоёр

Намрын навч аль хэдийн шаргалтан унаж, гуниг дагуулсан сэвэлзүүр салхи өдрийн турш элчит туяатай хослон сэвэлзэх энэ өдрүүдэд би татагджээ. Ажлын амт, амьдралын амт хоёр бие биетэйгээ нөхөрлөж алдхан биед аз жаргал булгилах энэ л өдрүүдэд би хайртай Угтаа бол би намар биш хаварт илүү хайртай юм. Өвөлжин буусан цастай тэмцэлдэн байж өрвөлзөх өвсний толгой, моддын нахиаг харах, урин цагийг ирэн айсуйг мэдээллэх шувуудын жиргээг сонсох, бас цас хайлж байшингийн булан бүрээс ус дуслахыг мэдрэх дуртай.

Гэвч яагаад би намрыг хайрлав....

Шимт чанараа алдсан навч унах тусам моддыг нь хайрлаж,
Ширэг зүлэгний өнгө хувирах тусам өрөвдөн хайрлаж,
Жиргэх шувууд нүүдэллэх сургаар гуниглан хоцорч
Шинэхэн цас удахгүй орно гэж бодоод ширээнийхээ ард цонх ширтэн суугаад намрын аясыг мэдрэх дуртай болсон байна.

Намраа гэж..... Өглөө, өдөр орой........... өнөөдөр, маргаа, нөгөөдөр........... энэ жил дараа жил......


Дэлгэрэнгүй...

Thursday, August 19, 2010

Том ажлын ард гарав

Хоёр сарын турш байгуулах гэж хичээсэн долоон гишүүнтэй компаниа байгуулаад өнөөдөр гэрчилгээгээ ч тамгануудаа ч хийлгэж авлаа. Захирлуудад хийсэн ажил маань үнэлэгдэж, баяртай байгааг нь харах надад сайхан байна. Магадгүй миний хичээж, гүйцэтгэсэн энэ ажил Монголын ирээдүйн дэд бүтцийн салбарын хөгжлийг асар их дэмжих алхам болсон байж ч болох юм. Болох юм биш болно гэдэгт би итгэлтэй байна. ккк энэ компанийн логог би зохиосон гэдгээ хавчуулаад дурдахад бас таатай байнаа. Долоон компанийн бүх захирлууд бүтээлийг минь талархан, хүлээн зөвөөрсөнд би бас өөрөөрөө бахархаж байгаагаа нуух юун.

Тамгануудаа хийлгээд шууд л ирлээ. Гэсү тамга гэдэг тамга тэмдгийн үйлдвэр л дээ. Санаандгүй тохиолдлоор манай сургуулийг төгссөн нэг залуу ажиллаж байгаатай таарч оюутан цагаа дурсаж хэсэг ярилцлаа. Тамганы үйлдвэр бас сайхан ажил...... бүхэл бүтэн байгууллагын төлөөлөл бүхий тэрхүү жижигхэн дардсыг чамбай гэгч нь үйлдвэрлэн гаргаад хүлээлгэж өгдөг юм байна. Тамга тэмдгээ авсан хүмүүс хичнээн баярлах тэр мэдрэмжийг үйлдвэрлэгчид нь мэдэрдэг л байх. Бас л сайхан шүү.

Хоёр сарын турш дуншиж, байгуулахын төлөө зүтгэн байж ажилласан компани маань хэвлэлийн бага хурлаа хийж Удахгүй нийтэд зарлагдана. Бас салбарынхаа сайдад долоон компанийн захирлууд маань бараалхаж шинэхэн компанийнхаа цаашдын үйл ажиллагааг танилцуулангаа ирээдүйд хийж бүтээх их үйлсынхээ эхлэл суурийг намжиртайхан тавих санаатай байцгаана.

Хэсэгхэн амсхийв. Одоо ар араасаа ундарсан олон ажлынхаа нэгийг хийхээр сууж байна. "Эх булаг" хэмээх амралтын газрын аялалын маршрутыг гаргаж, өнөөгийн үйл ажиллагаанд нь дүгнэлт өгөн захиралд нь танилцуулах ёстой. Мэдээж эргээд алдаа дутагдлыг нь засч сайжруулах зөвлөмж гаргах хэрэгтэй.

Өнөөдөр 2010 оны 8 дугаар сарын 19 ний өдөр. Гадаа сэвэлзүүр хүйтэн салхи хэнийг ч хайрлалгүй хуйсагнаж, цэнхэрхэн тэнгэр маань хар цагаан үүлээр өнгө алагласан намрын нэгэн таатай өдөр байлаа.
Нөхөртэйгээ ажлаа тараад хамтдаа харьж амттай хоолоо хийж идэнгээ охинтойгоо хичээлээ хийж оройг өнгөрүүлнэ. Өнөөдөр би их сэтгэл хангалуун өөдрөг байна. Таны ажил ч бас бүтэмжтэй байсан гэдэгт би итгэлтэй байнаа. Бүгдэд нь амжилт хүсье.


Дэлгэрэнгүй...

Wednesday, August 18, 2010

Бороотой өдрийн тэмдэглэл

Өглөөн нойрон дунд хамаг нойр сэргээж аянга цахилгаан, дуу чимээ болсон бороо орж байв. Сониуч зан, ажилдаа яарах сэтгэл хоёр зэрэгцэж хаалгаа нээвэл энэ намрын чимэг ч гэлтэй, сонин ч гэлтэй зөндөө мөндөр орсон байв. Баярлах гайхах зэрэгцэж ногоон зүлгэн дээр бөөгнөрөн овоорсон тэр хөөрхөн мөндрүүдийг хараад баймаар ч юм шиг хүрмээр ч юм шиг.


Ингээд миний амьдралын минь бас ажлын минь нэг өдөр бороотой, мөндөртэй намрын өглөөгөөр эхэлж машинаа шаварт суухаас сэргийлэн үлдээгээд түрийтэй гармошкоо өмсөөд гараад алхав даа. Зуслангийн замаар явган алхаагүй удсан байсан нь надад өглөөний агаарт алхаж их л сайхан санагдахаас минь өөрт мэдэгдэв. Таалагдсан ... Шавар шавхай туулж, ийш тийш харайж дэгдсэн ч зугаатай сайхан байлаа энэ өглөөн эхлэл.

Би монголд нэлээд томд тооцогдох олон компанийн нэгдсэн нэг компани байгуулах ажлыг гардан гүйцэтгэж байгаа юм. Энэ ажлын ард гарчихвал бараг л бүтсэнийг тэмдэглэхийн дайтай баярлаж, бүтээд гараас гарсанд нь бахархахын дайтай бахдах л байх. ккккк тэр мөч нь маргааш юм. Би гэрчилгээгээ авах гэж байгаа. Одоо миний лаптопын цаг 18.04 болж байна. Гэртээ хариад гэр бүлээрээ сайхан хоол хийж идээд охиноо эрхлүүлж үдэш англи хэлнийхээ хичээлийг хийнэ дээ. Би өөрөө өөрийгөө бэлтгэж байгаа. Уншигчийн сэтгэлийн дэм надад туслаг гэж ерөөе. Маргааш 2010 оны 8 дугаар сарын 19 -ний өдөр бороо намдан нар гарч хорвоо дэлхий тайвшран миний өөдрөг Монголчуудыг гэгээн гэрлээрээ ивээгээсэй.


Дэлгэрэнгүй...

Sunday, February 21, 2010

Free Advertisement - 3

Dettol Instant Hand Sanitizer Advertisement
Just in One Bite Bus Advertisement


Дэлгэрэнгүй...