Tuesday, October 5, 2010

Бүсгүй хүний тухай миний бодол

Хүн юуны төлөө амьдардаг амьтан юм бэ гэж өөрөөсөө өчигдөр асууж, хариултаа байн байн нэхэж суулаа. Ялангуяа бүсгүй хүний хувь тавилан адармаатай, ээдрээтэй юм. Яруу найрагч, сэтгүүлч Б.Энхтуяагийн ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА гэдэг шүлэг байдаг даа. Би тэр шүлгийг сонсох их дуртай. Сонсох бүр хэн нэгэн бүсгүй хүний амьдрал бодогдож хааяа мэлмэрэх нь ч бий. Энэ шүлгийг www.nar.mn сайтаас хуулж тавилаа, таалан уншина биз. Асуултынхаа хариултыг эрэн суухдаа би ингэж бодсон юм, Амьдрал зарим бүсгүйд дэндүү хатуурхаж, заримыг нь дэндүү эрхлүүлэх юм. Эрхлэх тусмаа хүн хөгшин байсан ч нялхарах өвчин тусч , зовох тусмаа хатуужиж зовлонгоо даах чадвар нь улам нэмэгднэ. Хэдий залуу байсан ч тэссээр...... Хөндлөнгөөс ажин байхад, Эмэгтэйчүүдийг гурав ангилмаар юм шиг. Өөрийнхөө хувь тавиланг өөрөө бүтээж ухаалаг, мэдрэмжтэй байж чадсан эмэгтэйчүүд өнөөдөр сайхан амьдарч байх шиг. Бусдын хүндлэл хайрын илэрхийлэл тэдний үйлдэл, яриа, алхаа гишгээ бүрт шингэж нүднийх нь харц хүртэл өөртөө итгэлтэй бөгөөд эгэл сайхан хагаддаг. Тэд хичээнгүй, бас шаргуу бусдыг хайрлан өрөвдөж, халамжилж чаддаг ч сэтгэлийн зовлонгоо гэмгүй инээмсэглэлээр халхалж өр зүрхэндээ өөрөө л шаналдаг. Гайхалтай ийм эмэгтэйчүүд энэ хорвоо дээр олон.


Харин, заримыг нь би ер ойлгодогүй. Хэдий мэдэг боловсротой ч амин хувьч үзэл, залхуу, зайдал амьдрал, чин сэтгэлгүй юм шиг эрээ цээргүй зан гаргах эмэгтэйчүүд бас байнаа. Ийм охидын ихэнх нь үзэсгэлэнтэй. Хэдий энэ хатуу үг боловч өнөөдрийн залуу охидын дунд ийм бүсгүйчүүд цөөнгүй мэт. Эсвэл худлаа юу ? Бас энэ хоёр бүлгийн алинд нь ч хамаарахгүй этгээдүүд байхымаа. Эд энгийн, бас онцгой биш. Гэхдээ л амьдралыг бас л чимж, бусдыг жаргалтай болгож яваа цэцэгс .
Охин үрээ хайрла!

Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна

Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана

Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр нь төрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана

Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна

Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла

Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл

Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла



Дэлгэрэнгүй...