Thursday, October 16, 2008

Ямаанд хайртай гишүүн

Хайраа гэж... Улсын их хурлын нэлээн хэдэн гишүүн ямаанд сайн болсон юмдаг уу. Иймэрхүү тохиолдлынх анхных ч бас биш юм байна. Хэдэн жилийн өмнө гэв үү, нэлээн биерхүү хэдэн гишүүн тэмээнд сайн болчоод бууранд нь алуулан алдаад больсон юм гэдээг. Гэвч бооди биет, бодын зүрхт тэдгээр эрс дарамт шавааг сөрөн байж “Тэмээний хууль” батлуулан тэмээг хайрлах, хайрлуулах хууль эрх зүйн үндсийг тавьж чадсан нь бахтай яа.

Ер нь бол монголчууд морь малаа машид хайрлаж иржээ. Морьтойгоо сэтгэл зүрхний холбоотой хүнийг өвөг дээдэс маань ихэд хүндэлж ирсэн ба үргэлжид аз хийморьтой байдаг, жишээлэхэд айл хоолоо хийж байхад таардаг нэгнээ “Морьтой явдаг хүн” гэхчлэн өргөмжилж ирснийг судлаачид тогтоосон билээ. Одоо энэ юм л бол сайд болж байдаг хэн байна, улаан сухайгийн чинь нэрийг мартчихаж. Тэрийг хүмүүс ёстой аз хийморь нь байнга бадарч, үргэлж “морьтой явдаг” хүн гэхиим билээ. Мөн “Яруу алдарт эх орноо ялалтаас ялалтад...” гэж эхэлдэг цэрэг -эх оронч сэдэвтэй нэгэн дуунд .. ямагт бид “морьтойгоо явсан” тухай өгүүлдгийг та бүхэн мэдэх биз ээ.

Ер нь “морьтой явдаг” маркийн хүмүүс Монголын төрд нөлөөтэй явж ирснээс үүдэн үндсэн хуулийн төсөлд байсан “монгол хүн төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт “ мал төрийн хамгаалалтад байх” заалтаар солигдсон удаатай. Манайхан хүнэн эхнэрээ зодохыг сайшаадаггүй нь үнэн боловч морио араар нь тавьдаг (эмээлийнх нь араар хэтэрхий их юм ганзаглаж зовоохыг хэлж байна) мөн зоддог хүнийг хар багаасаа үзэн ядаж өсдөг байсан. Бага сургуулийн номонд байдаг “Хоёр цагаан юм” өгүүллэгээс эхлээд энэ талын ном зохиол ч элбэг.

Сайхан сайхан охид маань гадаадын хүнтэй суугаад байх болсон нь эндээс үүдэлтэй байж мэднэ. За за, гол сэдэв рүүгээ орье.

Харин ямаанд сайн болсон гишүүд хавьгүй зоримог байгаа нь ажиглагдлаа. Ямарч байсан тэд буурыг бодвол жижиг биетэй ухна, сэрхнээс айх эмээх юмгүйгээр “ шинээр хээл авсан (хэнээс???) ямаа бүртээ 5000 төгрөг олгох” хуулийг их хурлаараа батлууллаа. Ирэх хавар мал төллөх цагаар “шинээр төрсөн ишиг бүрт 10000 төгрөг олгох” хуулийн төсөл аль хэдийнэ бэлэн болжээ. Хуулийг санаачлагчид “Та нар өөрсдийнхээ хүүхдэд болохоор мөнгө өгөөд мануусын ишгийг арай ялгахгүй юм байгаа биз дээ” гэсэн утгаар хүчтэй лобби хийж байна гэнэ ээ.

Их хурлын хэвийн хайртай бусад гишүүд нь анх удаа ийм “хайрын цөөнх”-тэй учирсандаа өрөвдсөн үү? Эсвэл ямаанд нэг давуу тал байгааг олоод харчвуу, тэднийхээ саналыг дэмжээд байх аж.

Үүнтэй зэрэгцээд “Ажлын байрны хомсдолтой холбогдуулан 100.000 ухнын төмсгийг сугалан засаж, хөнгөлөх” тухай шуугиан гарсан ба мал аж ахуйн үйлдвэрчний эвлэлээс эрхлэн тавин мянган ухнын сүрт жагсаал хийж “ухнын ажлыг ухна л хийх учиртай” гэсэн шаардлага тавих юм болоод байсан боловч аль алин нь тэгсгээд намжсан байна. Харилцан зохицсон л болтой юм.

Хүний зовлонг хүн нь ойлгодоггүй хорвоод амьтны зовлонг хэн л ойлгох билээ л. Хорвоо чи, ухнын зовлонд цадах болоогүй юу???

Ганцхан ухна ч зовж байгаа юм биш. Ойрдоо ямааны цэцэг өвчин гарсан нь манай парламентыг сандаргаад байна. Онц байдлын газраас тэдэнд хандан санамж бичиг гаргаж, тийм асуудалтай гишүүдийг тодорхой хугацаагаар ямаанаас харилцаагаа таслах, тун болдоггүй юм бол ямаануудаа хоорондоо солихгүй байхыг уриалжээ.

Саяхан чуулган түр завсарлангуут хэд хэдэн гишүүн “ямаатайгаа уулзана “ гээд хөдөө зугтсан байна.

Манай нэг гишүүн бээр говийн нэрт ямаачин, аймгийн аварга Халзан гуайн хотонд хонож байгаад баригдсан ч гэх шиг. Бас хоёрын зэрэг гишүүн ухнанд мөргүүлж сүрхий бэртээд буцлаа гэхийн, яахлаараа тэгдгийн бас бүү мэд. Сониноос тэд ухнатай сүрхий хонзогнох боловч эр ямаатай гайгүй харилцаатай байдаг юм шиг дуулдах.

Иймэрхүү хайранд умбасан гишүүдийн зан чанарт ч сүрхий өөрчлөлт ороод байгаа болтой. Хэвийн дурлалтай, эхнэр юмуу нөхөртөө, үгүйдээ л нуудгайдаа хайртай гишүүд микрофоноо “ баайна уу...нэг нэг” гэхчлэн шалгадаг бол ямаанд хайртай гишүүд “ Миаааа миаээ, бээ.. бэбээ” гэж шалгах болсон гэнэ. Тэд хоорондоо маргалдахаараа “гараад мөргөлдчих үү” гэх болжээ.

Тэд асуудлыг эсэргүүцэхээрээ тургилаад, хумсаараа ширээ цавчиж байснаа дэрхийтэл үргээд гардаг болсон гэнэ.

Саяхан ургац хураалтын дүнг хэлэлцэх хурал дээр “Хэдэн тонн таана, мангир хураасан бэ” гэж асуугаад байсан гэнэ. Ордны гуанз хавийн таримал цэцэг ч шуударч байгаа юм байх. Ямаанд хайртай гишүүд хоолонд оочерлох явцдаа зулгааж идээд болохоо байсан байна. Аа тийм тэдний заримынх нь ангийн хорхой сүрхий дарагдаж байгаа ба “Хавар цөмөөрөө яргуйнд явна” гэж одооноос ярих болсон байна.

Хачин юм шүү. Жирийн гишүүд хоолоо идчихээд коридороор алхдаг бол ямаан хайртай гишүүд ширээ ширээ дамжаад харайгаад байдаг гэнэ. Төрийн ордны ум зандан ширээнүүд ч умаахан болж байгаа юмдаг уу.

Заримынх нь авгай салах өргөдлөө гаргасан гэж байгаа. Та нар битгий өөр юм бодчихоорой, тэр чинь биш, өөр юм. Шөнө хамт унтах их хэцүү байгаа аж.... За тэр хэлээгүй юу... бас л буруу ойлгоод явчлаа. Наадах чинь бас л биш ээ. Уул нь шөнө хурхирдаг байсан нөхөр нь одоо хүжигнэтэл хивээд унтуулахаа байсан юм байх.

Хачин ч юм их болжооно оо. Мань гишүүд хүнээс мөнгө зээлчихээд эргүүлээд нэхэхээр нь “за юун сүртэй юм бэ, хавар үсээ самнаж тушаахаараа өгчихнө гэм. Битгий царай алдаад бай” гэr тачигнах болсон байна.

Сониноос “Унаган хайр”, “Янзган хайр” гэхчлэнгийн зоо-дурлалын шилдэг бүтээл туурвисан манай уран бүтээлчид энэ завшааныг сул алдаагүй нь тодорхой байна. Ямаанд хайртай гишүүдийн захиалгаар бүтсэн “Ишгэн хайр”, “Эрхэм гишүүн чамдаа ишгээ дагуулаад ирлээ дээ” “ Хүний нутгийн ухнаас өөрийн тойргийн гишүүн дээр”, “Унаган багын эр минь ухна байх нь яав, янаг хайртай би ану ямаа болох нь ийв” зэрэг утга уянгын дуу ид бүтэж байгаа ажгуу. “Ишгэн хайр” дууг захиалагчийн хүсэлтээр хавар мал төллөх үеэр нийт ямааны хүртээл болгох ажээ. Мөн “Ромеоухна ба Жульеттагодрон” хэмээх эмгэнэлт жүжгийг зуны эхэн сард буюу ишиг, хурга засах уй гашуут цагаар тоглуулахаар сургуулилж байгаа гэнэ.

Их хуралд бид хүнд хайртай нэгнээ сонгохоор бодсон юмсан. Аанай л андуурчээ. Магадгүй тэд ч бас амьдралдаа нэг удаа андуурсан юм бил үү.

эх сурвалж http://publish.news.mn/show/id=503

0 сэтгэгдэл: